Тайландын нийслэл Бангкокт буудлага спортын Дэлхийн цомын энэ оны сүүлчийн тэмцээн үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны тэмцээн уржигдар болж, “Барселон-92”, “Бээжин-2008” зуны олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр мөнгөн медаль хүртлээ. Энэ төрөлд 11 мэргэн бууч онч сорьсноос “Лондон-2012” зуны олимпийн XXX наадмын аварга, БНСУ-ын Ким Жан Ми 793,2 оноогоор тэргүүлж, монгол цустай ч герман паспорттой Д.Мөнхбаяр 791,3 оноогоор удаалж, “Бээжин-2008” зуны олимпийн наадмын аварга, БНХАУ-ын Чен Ин 790,3 оноогоор хүрэл медаль хүртсэн юм. Монголын тамирчдын оролцоогүй Тайландын Дэлхийн цом нөгөөдөр өндөрлөнө.
“ӨДРИЙН ШУУДАН”