”Хотыг улстөрч удирдахаар зовлонтой л юм”

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

”Хотыг улстөрч удирдахаар зовлонтой л юм”

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, нийслэлийн МАН-ын дэд дарга, НАМЗХ-ны ерөнхийлөгч Д.Амарбаясгаланг "Ярилцлах танхим"-даа урилаа.

-Өөрөө УИХ-ын сон­гуульд Монгол Ардын На­мын Хэвлэл Мэдээллийн Ал­баны даргын хувиар на­­мынхаа сурталчилгааг ха­­риуцаж оролцсон. Ха­рам­сал­тай нь танай нам ялагд­чих­лаа. Гэхдээ нийслэлийн Монгол Ардын намд эзэлж буй байр сууриас тань харахад энэ удаагийн ялаг­дал дундаас харин ч олз олоод авчихав уу гэсэн бодол төрж байлаа?

-Өөрийн тань асуултаас манай намд байдаг нэг ду­тагдал шууд харагдаж байна л даа. Хэн нэгэн хүн цаашаагаа дэвших үү, болих уу гэдэг асуудал хэн нэг хүнээс ха­маа­ралтай юм шиг, тэр бүх­нийг нэг дарга л шийддэг гэсэн тогтсон ойлголт бий бол­чихсонтой холбоотой ийм асуулт гарч ирж байх шиг байна. Монгол Ардын нам өн­гөрсөн УИХ-ын сонгуульд олонхи болж чадаагүй. Ард­чилсан нам ч мөн адил. Тэг гэсэн хэрнээ Ардчилсан намын зү­гээс сонгуулийн бус аргаар засгийн эрхийг дангаар ава­хаар улайрч байгаа дүр зураг харагдаж байна. Жишээ нь Өвөрхангайн 10 дугаар тойр­гийн асуудал байна шүү дээ. Миний тухайд УИХ-ын сон­гуульд Монгол Ардын намын Хэвлэл мэдээлэл, олон нийт­тэй Харилцах Хэлтсийн дар­га гэсэн албан тушаалтай оролц­сон. Өнгөрсөн парламент ард иргэдийнхээ амьжиргааг сайж­руулах, бага дунд орлоготой ир­гэдийг дэмжих чиглэлээр олон том акциуд зохион бай­гуулсан. Нам дотроо ирэх сонгуулийн мөрийн хө­төл­бөрийг иргэдийн санал бодолд зуун хувь тулгуурласан хө­төлбөр байлгах үүднээс Мон­гол орныхоо өнцөг булан бүрт хүрч “Ард түмнээ сонсъё” аян зохион байгуулсан зэргээр ололтоо дурьдвал олон зүйл ярих боломжтой. Ажиллах хугацаандаа оносон оноо,  алдсан алдаа бий.
 
Миний хувьд цаашид ажиллах боломж байсан хэдий ч нэгэнт удирдлагууд хариуц­лагаа хүлээж, албанаасаа огцрох өргөдлөө өгсөн учраас энэ шинэ соёлыг дагаж, өөрийн хүсэлтээр албаа шилжүүлсэн. Тэгээд ч хувь хүнийхээ хувьд улс төрийн намд удаан хугацаанд нэг албан тушаал дээр ажиллах хэрэггүй гэсэн бодолтой байдаг. Харин өргөдлөө өгөөд явах, НИТХ-ын Монгол Ардын намын бүлгийн дарга болох хоёрын хооронд ямар нэгэн уялдаа байхгүй л дээ. Би өмнө нь дөрвөн жил НИТХ-ын тэргүүлэгчээр ажилласан. Хамгийн залуу төлөөлөгч болж 27 настай сонгогдож байсан. НИТХ-ын Монгол Ардын намын бүлгийн дарга болсны тухайд  бол би залуу хүнийхээ хувьд намд илүү эрч хүчтэй, тууштай ажиллах зорилго байгаа учраас цэвэр өөрийнхөө шийдвэрийг дагасан алхам байсан.

-Олон хүн ялагдлын гэмийг өөрөөс тань хайж байгаа тухай яриа гарч байсан. “Хэвлэл, мэдээллийн алба буруу ажилласнаас болж нам ялагдсан” гэх маягаар?

-Хэвлэл, мэдээллийн бодлого талдаа алдсан гэдгийг аль аль түвшинд ярьсан. Би өөрийгөө өмөөрч байгаа юм биш. Монгол Ардын нам 2000 оноос хойш дангаараа болон Ардчилсан намтай хамтарч засаг барьж ирсэн. Энэ хугацаанд хэвлэл, мэдээллийн хэрэгслийн дийлэнх хувийг Ардчилсан намд алдсан. Хуруу даран тоолоод үзсэн ч болно. Өнөөдөр хэвлэл, мэдээллийн хэрэгслийн зах зээлийн 80 хувийг Ардчилсан намын томоохон олигар­хиуд атгаж байна шүү дээ. Мэдээж надад буруу ажилласан. Алдаа гаргасан юм байгаа л байх. Үүнийгээ хүлээн зөвшөөрнө. Би хариуцлага хүлээхээс зугтаах, айх зүйл байхгүй. Амарбаясгалан гэдэг хүн дангаараа бүх шийдвэрүүдийг гаргаж ажилласан хэрэг биш. Бүхэл бүтэн ажлын хэсэг ажиллаж, тэр ажлын хэсгийн гаргасан шийдвэрийг манай хэлтэс хэрэгжүүлдэг байсан. Тэгэхээр цаашид асуудлыг арай өөрөөр харах нь зөв байх.

-Өөрөө хэвлэл, мэдээллийн салбарт бизнес эрхэлж байсан хүн. Хэдийд нь улс төрд орох шийдвэрийг гаргасан юм бэ?

-Би 2000 оноос хойш хэвлэлийн бизнес эрхэлж байгаа хүн. Тэр үед байгуулсан хэвлэлийн компани маань одоо ч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа.

-Хэдтэй байсан юм бэ?

-19-тэй өөрийнхөө төрсөн ах нартай нийлээд байгуулж байсан.

-Оюутан байсан уу?

-Тийм ээ. Хоёрдугаар дамжааний оюутан байсан. ШУТИС-ийн Холбоо, мэдээллийн технологийн сургуульд холбооны инженер, мэдээлэл хэмжлийн электроникийн инже­нер гэсэн хос мэргэжлээр сурч төгссөн. Сургуу­лийнхаа 165 кредит цуглуулсан анхны  төгсөгч­дийн нэг нь болж байлаа. Манай сургуулийнхан ер нь бол мэднэ л дээ. Шөнө нь хэвлэлийн компанидаа ажиллаж, өглөө нь сургууль дээ­рээ гар дүүрэн хэвлэлийн будагтай, хумсны завсар будаг ороод халтартчихсан л хүн ирдэг байсан. Манай найз нөхөд ч гэсэн их тусалдаг байсан. Тухайн үед Монголд хэвлэлийн салбар сайн хөгжөөгүй байсан учраас мэдэхгүй юм зөндөө гардаг байсан. Их сургуулийн ангийн оюутнууд маань гэхэд ажилд маань тусалж, цаас үдэж, нааж өгөх үе байдаг л байсан. Тэгээд сургуулиа төгссөнийхөө дараа үүнийгээ хөгжүүлж, боловсронгуй болгож, өргөн цар хүрээтэй болгоё, мэргэжлийн түвшинд ажиллах нь зөв юм байна гэдгийг сайтар ойлгосон учраас “Миний Монгол” сэтгүүл, “Тэргүүн” болон “Сурагчийн мэдээ” сонинг дараалуулаад гаргаж эхэлсэн.

-Ардын намд хэзээ нь элссэн юм?

-Арван жилээ төгсөөд  18-тайдаа буюу 1999 онд намд элссэн. Манай аав, ээж хоёр Говь-Алтай аймгийн Тайшир сумын Ардын намын идэвхитэй гишүүд. Ээж аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж туйлшраагүй хэрнээ өөрийн итгэл үнэмшлээрээ МАН-ыг сонгож элссэн.

-Идэвхийлж оролцсон нь?

-Анх 2007 оноос илүү идэвхитэй оролцож эхэлсэн л дээ.

-“Тэргүүн” сониноо гаргаж байгаа юу?

-Намд ажиллах болсон даруйдаа “Тэргүүн” сониноо тухайн үед эрхлэгчээр нь ажиллаж байсан хүнд нь өгсөн. Яг намд ажиллаж байгаа хүн давхар хэвлэл, мэдээллийн хэрэгсэл удирдаад, өөрөө хутгалдаад явна гэдэг бо­ломжгүй юм билээ.

-Нэг ягаан сонин байдаг даа. Улстөр­чид болгон л “Ардын намын сонин, Амар­баяс­галангийн сонин” гээд байгаа дуулддаг?

-Анх санаачилж байгуулах нь байгуулсан. Гэхдээ янз бүрийн бизнесийн чиглэлийн хү­мүүс хамтарч авч явдаг сонин. Мань мэт шиг хүмүүс дангаараа өдөр тутмын сонин авч явна гэдэг бол барахгүй даваа байхгүй юу.

-Яг тодорхой хариулт өгөхгүй юу?

-Санаачилсан нь үнэн. Гэхдээ одоо миний харьяанд байхгүй байгаа. Шилжүүлсэн. Өдөр тутмын сонин хийх хүсэл намд орохоос өмнө өөрт минь байсан юм.

-Монгол Ардын намд жирийн нэг залуу идэвхи зүтгэл гаргах, хэвлэл, мэдээллийн салбарт тодорхой нэг орон зайтай залуу сонирхлоо илэрхийлэх хоёрын хооронд хэр ялгаа байх юм. Наад зах нь намын удирдлагуудын тосч уулзах уур амьсгал хүртэл өөр байсан байж мэдэх л юм?

-Намайг ажлаа авахад миний албан тушаал дээр хамгийн удсан хүн нь зургаан сар болсон байсан. Үнэндээ маш их дарамттай ажил. Хэл ам, хардлага сэрдлэг, дарамт шахалт маш их. Ажиллахад тийм ч амар ажил биш. Миний ажигласнаар бол хөнгөвчлөх талаас нь аль, аль талынхаа харилцаан дээр анхаарах нь их чухал юм шиг байна лээ. Өөрийн тань хэлсэн хоёр өөр хандлагын тухайд бол хэлж мэдэхгүй юм. Магадгүй миний зорилго улс төрд тууштай зүтгэх гэдгээр тодорхойлогдож байсан учраас хариуцлага хүлээгээд явах замдаа илүү хурдан орсон байж магадгүй. Түүнээс бус надтай инээж уулзаад, жирийн гишүүдтэйгээ ярвайж уулзана гэсэн юм байхгүй шүү дээ.

-“У.Хүрэлсүхийн хүүхдүүд” гэдэг тодор­хойлолтыг дагаад 90 жилийн түүхтэй нам хэтэрхий залуу, магадгүй нэг талдаа хэ­тэрхий хөнгөн хийсвэр харагдаад байна гэдэг сэтгэгдэл олон нийтээс илэрч байсан. Энэ үед өөрийн тань хамтдаа ажиллаж байсан Ардын намын удирдлагын багийг илүү зөв талаас нь харуулах хэрэгцээ шаардлага хэр их гарч байв?

-Гаралгүй яахав. Би гэхэд 28 настай хэлт­сийн даргаар Удирдах зөвлөлөөс томилогдож байсан. Яг ахмадуудын маань хувьд 28-29-тэй залуус намын удирдлагад ороод явна гэдэг сэтгэлд нь нэг л бууж өгөхгүй үе байсан л байх. Гэсэн ч бидний зүгээс намын шинэчлэлийг түргэтгэх, гишүүнчлэлийн эгнээг залуу үеэр тэлэхэд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулсан гэдэгт би хувьдаа итгэлтэй байдаг.

-Хурд, ритмийн хувьд огцом өөрчлөлт гарсан уу?

-Гарсан. Асар их ачаалалтай, асар хурдтай ажилласан. Түүний илрэл нь жил найман сар орчмын хугацаанд Монгол орны 300 орчим сум, суурин газрыг “Ард түмнээ сонсоё” аянаар тойрч чадсан. Би гэхэд дангаараа 100 гаруй суманд очиж ажилласан. Дээрээс нь Ардын нам болж нэрээ өөрчилсний дараа бид энэ аяныг хийсэн. Магадгүй үүний хүчинд манай нам УИХ-д 25 суудал авсан байхыг үгүйсгэх аргагүй. УИХ-ын сонгуульд МАХН гэсэн шинэ нам өрсөлдөж байхад бид сум болгонд очиж, ойролцоогоор 400-500 хүнтэй тулж уулзах уулзалт зохион байгуулж, ард түмнээ сонсоогүй бол нөхцөл байдал эвгүйтэж мэдэх л байсан байх.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэдэг хүн МАХН-ыг шинээр байгуулж, өөрөө “лого” нь болоод явчихаар Ардын намыг хуучин МАХН гэж ойлгуулах нь хэцүү болсон уу. Өөрийн тань гол ажил л энэ болж хувирсан байх?

-Ер нь бол Дээд шүүх, зарим нэг эрх мэдэлтнүүд улс төрийн зорилгоор МАХН-ыг шинээр байгуулах эрх өгөөгүй бол бидэнд Ардын нам нэрээ хоногшуулаад явахад хялбар байх байсан уу гэвэл хялбарын дээдээр хялбар байсан. Гэвч хууль бус санаачилгыг хууль бусаар хэрэгжүүлсэн учраас асуудлыг огт өөр өнцгөөс нь харах хэрэгтэй болсон.

-Танай намын төлөвлөгөө бүхэлдээ өөрчлөгдсөн үү?

-Ер нь бол хүнд байдалд орсон. Бүхэл бүтэн  20 жилийн хугацаанд олгогдохгүй нэрийг жил зургаан сарын дотор шууд нэг өдөр хууль зөрчиж олгох шийдвэр гаргачихаар бидэнд зовлон болохын хувьд болсон. Мэдээж сөрөг хүчин маань Ардын намын хүчийг сулруулахын тулд энэ шийдвэрийг хүчээр гаргуулсныг монголчууд бүгд мэдэж байгаа шүү дээ. Тийм болохоор бид ч гэсэн тухайн үеийн нөхцөл байдалд тохируулж бодлогоо боловсруулж, ажилласан. Манай зарим гишүүд яриад байдаг юм. Анх Ардын нам 1996 онд ялагдахдаа 25 гишүүнтэй болж ялагдаж байсан. Эргээд Ардчилсан нам 2000 онд ялагдахдаа нэгхэн гишүүнтэй болсон. Дараа нь 2004 онд ард түмэн Ардчилсан намыг дэмжээд үзье гэдэг цикл дээр ирэхэд Ардын нам, Ардчилсан нам хоёр тэнцүү суудал авсан. Харин 2008 онд Ардын намд 46 суудлыг өгч байсан. Эндээс сонгуулийн циклээр нь авч үзвэл 2012 онд Ардын нам ялагдах юм байна гэдэг дүгнэлтийг судлаачид аль эрт хийж байсан. Тэгэхэд манай нам 25 суудал аваад гараад ирж байна. Нэрээ сольсон, манай хуучин нэрийг ашиглаж байгаа нам зэрэгцээд сонгуульд орж байхад энэ хэрийн суудал авна гэдэг бас ч гэж амжилт байхыг үгүйсгэх аргагүй.

-Хэвлэл, мэдээллийн алба нь намынхаа даргаас илүүтэй Ерөнхий нарийн бичгийн даргадаа үйлчилж, хувь хүнийх нь лидер шинжийг товойлгож харуулах бодлого барьж байсан уу. Энэ талын хардлага гарч байсан учраас зориуд асууж байна л даа?

-Надад ямар нэгэн байдлаар У.Хүрэлсүх гэдэг хүнийг илүү тодруулж харуул гэдэг үүрэг даалгавар ирж байгаагүй. Манай намын хоёр дарга хоёр өөр имиджтэй хүн. С.Батболд дарга маань тогтуун зөөлөн хүн. У.Хүрэлсүх дарга мэдээж зоригтой, эрэмгий хүн. Энэ утгаараа хувь хүний мөн чанар, натур нь өөрөө тодроод гараад ирсэн. Намын Их хурал болж байхад “Энэ намын нэрийг сольсноор УИХ-ын сонгуульд нам ялагдал хүлээвэл би хариуцлага хүлээнэ” гээд хэлчихсэн нь яалт ч үгүй тодрох үндэс нь болчихсон. Ийм тохиолдол хэд, хэд гарц байсан. Тэр үг нь гэхэд тухайн үедээ намын гишүүдийн урмыг сэргээх, айдсыг үргээх талдаа оновчтой алхам болсон гэж үздэг.

-Улс төрд таван жил идэвхтэй оролцлоо гэж байна. Энэ хугацаанд “Би цаашид улс төрд идэвхтэй оролцохын тулд энэ гарцыг л олж нээх ёстой юм байна” гэсэн стратегийн гэмээр төлөвлөлтийг бий болгож амжсан уу. НИТХ-ын Ардын намын бүлгийн дарга болсноос тань харахад хувь хүндээ зориулсан нэлээн чамбай төлөвлөгөө боловсруулсан байх магадлалтай юм шиг ойлгогдсон?

-Улс төр гэдэг өөрөө багийн системээр явдаг. Манай нам мэдээж үеэрээ явдаг. Зарим нэг хүний хувьд “Энэ Амарбаясгалан дарга нарын даалгасан даалгаврыг биелүүлдэг утсан хүүхэлдэй” гэж хардаг л байх. Нэг хэсэг нь “Асуудалд бас ч гэж өөрийнхөө бодлоор ханддаг юм байна” гэж харж байсан л байх. Өнгөрсөн хугацаанд мэдээж өөрийгөө олж харсан юм надад бий.

-“Юм бий” гэдгээ тодруулахгүй юу?

-Намын шинэчлэлийн төлөө, Ардын намын төлөө цаашид улс төрд идэвхтэй оролцож, өөрийнхөө сэтгэл зүрхийг зориулаад явах хувь хүн мөн юм байна гэдгээ олж харсан.

-Үеэрээ явдаг энэ систем дунд өөрийг тань “1980-аад оны банди” гэж харах хүмүүс байгаа. Магадгүй НИТХ-ын Ардын намын бүлгийн дарга болоход тэгж хэлэх хүн байсан л байх. Ядаж л 1960, 1970 оныхны төлөвлөгөөнд та ороогүй нь тодорхой шүү дээ?

-Хүнд нэг хор шар байдаг даа. Яг үнэндээ би хор шарандаа болж өрсөлдсөн. Ардын нам нийслэлд ялагдал хүлээж, энэ том ажлыг хийж явчихаад эцэстээ ялтан болж үлдэх ёсгүй юм гэсэн бодол төрсөн учраас өөрөө танхимаас нэрээ дэвшиж Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр даргатай өрсөлдсөн.

-Тэмцэх зорилгоор уу?

-Бараг тэгж хэлж болох байх. “Бид ялагдсан” гээд л байнга дарлуулж, чичлүүлж, дээрэлхүүлж явах ёсгүй гэсэн бодол хөшүүрэг болсон. Нөгөөтэйгүүр нийслэл хотынхоо хөгжлийн төлөө урьд өмнө нь Ардын намын хийж хэрэгжүүлсэн ажлыг баталгаажуулах, түүнийг бусдад зөв зүйтэй ойлгуулах нь зөв гэж үзсэн.

-Энэ хор шар өөрийг тань цаашаагаа хэр хол хөтлөх бол?

-Хор шар гэдгийг би арай өөр утгаар хэлсэн шүү. Намайг 2008 онд НИТХ-аар сонгогдож байхад нийслэлд жилдээ 17-18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг. Жилдээ ердөө 10 км замын шинэчлэл, нөхөөсийн ажил хийдэг байсан. Маш их хүндрэлтэй цаг үе байсан. Өнгөрсөн 2011 онд хэлэлцээд бид нийслэлд 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэж өгсөн. Жинхэнэ утгаар нь нийслэлчүүдийн хүсч, зорьж байсан бүхнийг хийх боломжтой болгосныхоо дараа манай нам ялагдал хүлээсэн. Ийм байхад Ардчилсан нам маань биднийг бүх юманд буруутгаж байна. Хэтэрхий их улс төр хийж, төрийн ажлын залгамж чанарыг алдагдуулж байна. Би үүнд л хор шар хөдлөсөн гэж хэлсэн. Нөгөө талдаа бидэнд илүү боломж байсан учраас тэр боломжийг заавал эргүүлж авчрах ёстой гэсэн бодол бий.

-2016 оны НИТХ-ын сонгуулийг хэлж байна уу?

-Бид илүү бодлоготой, төлөвлөгөөтэй оролцоно. Нийслэлийн удирдлагыг сүүлийн 20 жил манай нам барьсан нь үнэн. Энэ нь сөрөг нэр хүндийг авчирсан нь ч үнэн. Гэхдээ зарим нэг хүний үйл ажиллагаанаас болоод “Ардын нам бол авлигачдын нам. Бүгдээрээ авлигачид” гэсэн нэр зүүж байгаа нь залуу хүний хувьд харамсалтай санагдсан.
 
 -Улсын баатар, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс эхлээд “Ардын нам нийслэлийг аймаар болгочихжээ” гэх маягаар шоконд орж буйгаа зарлаад байна. Ардын нам үнэхээр тэдний хэлээд байгаа шиг хотыг хот биш аймшгийн хөндий болгочихсон юм уу?

-Хот төлөвлөлтийг зөвхөн нийслэлийн удирдлага баталдаггүй. УИХ-аар хэлэлцэж баталдаг. Э.Бат-Үүл дарга ирээд тодорхой ажил хийж байна. Бид үр дүнтэй, хотод хэрэгтэй санал санаачилгыг нь дэмжинэ. Гэхдээ олон нийт рүү чиглэсэн пиарын шинжтэй мэдээлэл тарааж, улстөржих нь тэр хэрээр ихэсч байх шиг байна. Энэ нь ихдэхээрээ утгаа алдаад эхэлнэ. Иргэдийн амьдарч байгаа орчиндоо таатай бус байгаа судалгааны дүн дээр үндэслээд тэдэнд таалагдахын тулд “Ардын нам нийслэлийг аймаар болгочихжээ” гэж яриад байна л даа. Магадгүй үүгээрээ Орон нутгийн сонгууль, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуулийн урьтал пиар болгож байж мэднэ. Өнөөдрийг хүртэл өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг батлуулаагүй байна. Зөвхөн Ардын намын боловсруулсан төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрийн дагуу л ажиллаад байгаа. Мэдээж Э.Бат-Үүл дарга гарч ирснээрээ хотын түгжрэлийн эсрэг арга хэмжээ авлаа. Хотын төвийн 1300 га газрыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Замбараагүй барилгын ажлыг цэгцлэхээр ажиллаж байна. Бид энэ мэт сайн сайхан санаачилгыг нь дэмжээд явж байгаа. Зөвхөн тэр 1300 га газрыг чөлөөлөх НИТХ-ын тогтоол дээр гэхэд манай намын бүлгийн саналаар хүүхдийн паркийн 49 га газрыг хориглолтын бүсэд оруулсан. Дээр нь Улаанбаатарын цэвэр усны эх үүсвэр болох 1269 га-г хориглолтын бүсэд нэмж оруулсан. Бид энэ мэтээр дэмжээд явж байгаа. Нэг л зүйл таалагдахгүй байгаа нь Засаг даргаар сонгогдсоноосоо хойш хоёр сар гаруйн хугацаанд мөрийн хөтөлбөрөө НИТХ-д оруулж ирэхгүй байна.  Мөрийн хөтөлбөргүйгээр манай намын хөтөлбөрийг хэрэгжүүлээд явна гэвэл сайн л байна. Засгийн газар удахгүй 100 хоногийнхоо тайлангаа  тавина. Гэтэл нийслэлийн Засаг дарга юу тайлагнаж, юуг мэдээлэх нь ойлгомжгүй болчихоод байгаа юм.

-Гэхдээ хотын даргын гол тулах цэг болох ёстой дүүргийн Засаг дарга нар хань бараа болохгүй, намынхаа эрх ашгийг бодож зугтаад байгаа юм биш үү? 

-Нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг даргад үүрэг өгөх ёстой субьект. Өөрийн тань асууж байгаа асуулт Ардчилсан намын Орон нутгийн сонгуульд барьж орох пиарынх нь гол хөзөр байхгүй юу. Түүнээс бус дүүргийн Засаг дарга нарт ажлаа хийхгүй байгаа юм байхгүй. Наад зах нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ерөнхий сайд С.Батболд гэдэг хүний удирдлага дор Ардчилсан намаас сонгогдсон аймгийн Засаг дарга нар сайн ажилласан. Нийслэлд ч гэсэн ийм байх боломжтой.

-Удахгүй Орон нутгийн сон­гууль болно. Энэ сонгуульд нийс­лэлийг удирдаж орох Ардын намын баг ерөнхийдөө бүрэн бүрэл­дэхүүнээрээ шинэчлэгдсэн байгаа. Гэтэл нийслэлийн Ардын намын дарга Ц.Сандуйг гэхэд “Газрын наймаачин. Нийслэлийн бүх газрыг зарсан” гэх шүүмжлэл дагах нь гарцаагүй. Мэдээж та бүхэн энэ бүхнийг тооцоолсон л байлгүй. Тийм үү?

-Нийслэлийн Ардын намын удирдлага шинэчлэгдээд удаагүй байна. Маш богино хугацаанд сонгуулийн ажил руу орж байгаа. Нийслэлийн удирдлагууд бол НИТХ-ын дараа солигдсон. Одоо болох сонгууль бол дүүргийн ИТХ-ын сонгууль. Энэ утгаараа тухайн дүүрэгт дөрвөн жил ажилласан удирдлагууд нь сонгуульд оролцоно гэсэн үг. Бид амжилт гаргахын төлөө хамтдаа зүтгэж байгаа.

-Ц.Сандуй даргын тухайд?

-Өөрөө түрүүн хэлсэн. “Газрын наймаачин” гэж. Би үүнтэй санал нийлдэггүй. Ц.Сандуй дарга ч тайлбараа хийдэг. Заавал Газрын албаны дарга хийсэн л бол газрын наймаачин байдаг гэсэн юм байхгүй шүү дээ. Намын гишүүний хувьд төрийн албан хаагч байхаасаа өмнө намд идэвхитэй зүтгэж байсан залуу. Намаа шинэчлэх боломжтой, итгэл даах залуу гэж харагдсан учраас намын удирдлагад сонгогдсон байх гэж бодож байгаа.

-Одоо та бүхэн дахиад л Улсын баатартай өрсөлдөх нь тодорхой. Өрсөлдөх төлөвлөгөөгөө гаргачихсан яваа байх. Тийм үү?

-Гаргасан. Гэхдээ сонгуулийнхаа тактикийг дэлгэж болохгүй шүү дээ. Мэдээж өрсөлдөгч намуудын хувьд сурснаараа Ардын намыг бүх зүйлд буруутгаад, биднийгээ хараар будах маягаар сонгуульд оролцоно байх. Бидний зүгээс ч тэр бүхэнд тохирох хариуг нь бариад ажиллана. Сонгогчид зургаадугаар сард намуудын ярьж, хэлж, амалж байсан зүйлийг өнөөдрийнх нь хэлж ярьж байгаатай нь, хийж хэрэгжүүлж байгаатай нь харьцуулаад бодит дүгнэлт гаргаж байгаа байлгүй дээ.

-Өөрийн тань зүгээс ямар дүн тавьж байна вэ?

-Яахав замын түгжрэлийг багасгах чиглэлээр болон бусад ганц нэг ажлууд нь бага сага үр дүнгээ өгч байна. Гэхдээ эдгээр ажлууд нь захиргааны аргаар явж байгаа. Үүнийг ардчилсан нийгэмд иргэдээ хохироохгүй, иргэдийн амьдрах эрх, эд хөрөнгөд халдахгүйгээр шийдэх зөв гарцыг олж хийх ёстой. Үүнийхээ хажуугаар сонгуульд орохдоо ярьж байсан ажлуудаа хийх хэрэгтэй. Жишээ нь гэр хорооллын 165 мянган өрхийг дэд бүтцэд холбоно гэсэн. Одоо болтол алга л байна. Мэдээж дэд бүтцэд хугацаа хэрэгтэй. Гэхдээ тэр бүхнийгээ яаж хийж хэрэгжүүлэх вэ гэдэг төлөвлөгөөгөө олон нийтэд танилцуулж, ерөнхий дур зургаа гаргаж амлалтаа баталгаажуулах ёстой байсан. Тэгэхгүй л байна.

-Гэхдээ барилга нураах шийдвэр гаргасан. Энэ нь олон нийтэд таалагдсан шүү дээ?

-Энэ чинь улс төр л байхгүй юу. Ардын нам мөрийн хөтөлбөрийг нь нэхэж завсарлага авахаар нураах барилгатай холбож, улс төр хийх замаар иргэдэд ойлгуулсан. Үүгээрээ тэмээг хэрхэн ямаа болгож болохыг харуулж байна. Энэ янзаараа юу ч ярьж, юу ч бичүүлж мэднэ байх.

-Ардын намд зөвшөөрөлгүй барилгуудыг өмгөөлж, хамгаалсан юм бий юу?

-Үгүй. Нураах ёстой бол нураах л хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар шалгуулаад буруутай нь тогтоогдсон тохиолдолд шүүхийн шийдвэр нь гарч, шүүхийн шийдвэр биелүүлэх замаар нураах ёстой л асуудал байхгүй юу.  Их зовлонтой юм байна лээ. Улстөрч хүн нийслэлд ороод ирэхээр бүх юмыг улс төрийн эрх ашгаар хардаг юм байна. Ажлыг ажил биш болгох тэр хэрээрээ биднийг улс төр хийлгэж бас сургах бололтой. Бид нарт лав “Манай барилгыг авраач” гэж хэлсэн нэг ч хүн алга л байна.

-Тэгвэл энэ чиглэлийн шийдвэрийг нь хоёр гараа өргөөд дэмжих үү?

-Дэмжинэ. Дэмжсэн учраас 1300 га газрыг нь 2569 га болгож нэмүүлсэн.

-Ярилцсанд баяр­лалаа.

Г.ОТГОНЖАРГАЛ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж