-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын үйл ажиллагаа зогсонги байдалд байлаа. УИХ-ын сонгуулийн 10 дүгээр тойргийн хоёр гишүүнийг тойрсон асуудлыг та юу гэж үзэж байна вэ?
-Хоёр биш дөрвөн хүний тухай асуудал. Багш нар, судлаачид аливаа юманд байнга л анализ хийж байдаг улс. Наадахыг чинь наанаас нь харахад УИХ-д нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нартай зохиомлоор холбогдоод байгаа ч үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй хэсэг нөхөд байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн хүрээнд газар, барилгын завхралыг шалгаад эхлэнгүүт зарим хүний хувийн явцуу ашиг сонирхол нь хөндөгдсөнтэй шууд холбоотой юм шиг. Дээр нь О.Магнайгийн удирдсан монополийн эсрэг байгууллагын дайчин шуурхай ажиллагаа гал нэмж, улмаар нийслэлийн шинэ удирдлагуудын зоримог алхмууд хэсэг нөхдүүдийн уурыг нь барж байгаа нь ажиглагдаж байна. Товчдоо бол энэ чинь шинэчлэлийг эсэргүүцэж буй улс төрийн явуургүй үйлдэл. Дээрх хоёр нэр дэвшигчээс болоод байгаа юм ердөө ч байхгүй. Шүүхийн маргаан шүүх дээрээ, төрийн хэрэг УИХ, Засгийн газрын хуралдаанаараа, СЕХ-ны ажил тэндээ жичдээ шийдвэрлэгдэж байх зарчимтай гэсэн үг. Нийтийн захиргааны эрхзүйн харилцаанд хууль зүйн шалтгаант холбоо гэдэг юм ингэж л хөндөгддөг.
-Газар, барилгатай холбож тайлбарлах шалтгаан, баримт байна уу?
-Хариуцлага яригдангуут л “Труба буруутай, кран буруутай, тоосго буруутай. Даргын зөв байсан” гээд бөөн юм болоо биз дээ. Нэг үгээр хэлбэл газрын наймаа, зөрчилтэй зарим барилгын асуудал, удирдлагын шинэ хуучин арга барилын зөрчилдөөний золиосонд хоёр гишүүний тангарагийг өргүүлэхгүй гэсэн субъектив хандлага, дур зоргоороо авирлах явдал эх захаа алдаж байна.
-Шүүхийн шийдвэртэй холбоотой ямар хуулийн, ямар заалт зөрчигдөөд байгааг та тайлбарлахгүй юу?
-Шүүхийн шийдвэрийн тухайд тайлбарлаад байх хуулийн зүйл заалт байхгүй учраас юуг нь тайлбарлах билээ. Тэгээд ч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх бүхэл бүтэн ажиллагааг нэг хуульч байтугай нэг хэсэг хуульчид тайлбарлаж барахгүй нарийн төвөгтэй зүйл байдаг юм. Харин шинэчлэлийг эсэргүүцээд байгаа МАН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын зарим гишүүдийн тухайд гэвэл УИХ-ын хуралдааны дэгийн тухай хууль, тэрчлэн төрийн тусгай хамгаалалт, улсын онцгой обьектод холбогдох хууль тогтоомжийг хавтгайд нь зөрчөөд явж байх шиг байна. Цаашлаад Үндсэн хууль ч зөрчих шинжтэй. Ингэж болохгүй. Бага дээр нь ухамсарлан ойлголцох хэрэгтэй. Тангараг өргүүлэх гээд байна гэж УИХ-ын даргын ажлыг нь хийлгэхгүй дарамтлаад байгаа нь буруу.
-Өвөрхангайн хоёр нэр дэвшигчийн асуудал УИХ-ын даргад ямар ч хамааралгүй гэж та хэлэх гээд байна уу?
-Тийм. Өвөрхангайн гэх энэ асуудал УИХ-ын дарга хэмээх эрх зүйн субьектийн чиг үүрэгт ямар ч хамааралгүй зүйл. Буруутанг хайж байгаа бол шүүх ба СЕХ-ны орчинд эрэх хэрэгтэй. Хууль зүйн хувьд тамга тэмдэгтэй, нэр хаягтай, эрх мэдэлтэй хуулийн этгээдүүд нь бүхний нүүрэн дээр ил зогсож байхад МАН-ын зарим гишүүд УИХ, Засгийн газар руугаа дайрч, иргэдийнхээ тархи толгойг угааж, төр түмнээр ингэж тоглож болохгүй.
-Өвөрхангайн хоёр нэр дэвшигчтэй холбоотой шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр гэж дүгнэж болох уу?
-Шүүхийн шийдвэр ямагт л хүчин төгөлдөр байдаг. Хуульд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгомогц хүчин төгөлдөр гэж үздэг практик манай улсад олон жил мөрдөгдсөөр ирсэн. Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэрийг СЕХ хүлээж аваад өөрийнхөө бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлэсэн байна. Ингээд СЕХ өөрийн хүчин төгөлдөр шийдвэртэй холбоотой асуудлыг УИХ-д өргөн барьжээ. Уг нь СЕХ эрх хэмжээнийхэ асуудлыг хаширлаж биеэсээ зайлуулалгүй, шүүхтэй шүүхгүй бие даан шийдвэрлэдэг байх ёстой юм л даа. Харин СЕХ-ноос хуульд заасан журмын дагуу оруулсан асуудлыг хэлэлцэхгүй байх эрх зүйн үндэслэл УИХ-д байхгүй. УИХ уг асуудлыг хэлэлцээд зохих шийдвэрээ гаргах нь түүний үүрэг. Одоо УИХ энэ үүргээ биелүүлэх ёстой. Харамсалтай нь МАН-ын гишүүд чуулгандаа суухгүй, УИХ-ын чуулганыг ч хуралдуулахгүй байгаа хууль зөрчсөн үйлдлийг юугаар ч зөвтгөшгүй.
-Хоёр хүүхдийн тухайд?
-Одоогийн нөхцөлд хоёр хүүхдийг ашигласан уу, 20 хүүхдийг оролцуулсан уу гэдэгт агуулга нь байгаа юм биш. Тэд нар буцсан уу, бухсан уу аль нь ч сонин биш. Энэ бол болоод өнгөрсөн хэрэг.
-Хууль бус УИХ, хууль бус Засгийн газар, тэр ч бүү хэл энэ бүх хууль бус үйлдлийн цаана хууль бусаар томилогдсон УИХ-ын дарга З.Энхболд байна гэх мэтээр ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж удаа дараа мэдэгдсээр байгаа?
-Хууль бус гэдэг нэр томъёогоо зөв юман дээр нь зөв хэрэглэж сурмаар даа. Телевизээр яваад буй мэдэгдлүүд нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй, өдөртөө цайрчихдаг эхнэр нөхрийн хэрүүл шиг хов живийн шинжтэй зүйл байна лээ. Ардчилсан нийгэм дэндүү эрх чөлөөтэй тулдаа л Ц.Нямдорж гуай таалагдаагүй хүн болгоноо доромжилчихоод яваад байх юм даа. Манай үеийнхний зарим нэг нь мэдлэг мэргэжилдээ анхаарахгүй явсаар даанч их хоцрогджээ. Ер нь бол бид өөрсдийнхөө хоцрогдлыг мэдэхгүй залуу үеэ санаатай, санаагүй доромжлох нь зохисгүй хэрэг. Харин ч залуучууд их тэвчээртэй хандаж байна. Хуучин цагийн биднийг бодвол одоогийн УИХ-ын дарга З.Энхболд шинэ Үндсэн хууль батлагдсаны дараах МУИС-ийн сургалтын шинэ хөтөлбөрөөр бэлтгэгдсэн манай сургуулийн уураг тархи болсон шилдэг сайн оюутнуудын нэг шүү дээ. Одоо тэдний ангийнхны ихэнх нь шүүх, прокурор, яам, тамгын газарт удирдах ажил хийж байна. Энэ тухай лавшруулъя гэвэл түүний анги даасан багш Ж.Бямбаа доктор (цагтаа Ц.Нямдоржийн дарга нь байсан байх)-оос асуувал бүр ч тодорхой болно.
-Хууль бусаар томилогдсон гээд байгаад нь хууль зүйн ямар учир шалтгаан байгаа вэ?
-Миний мэдэхийн З.Энхболд л лав хууль засч, хууль зөрчөөгүй санагдана. Тэр УИХ-ын гишүүдийн дотроос хуульд заасан журмын дагуу УИХ-ын даргаар сонгогдсон. УИХ-ын анхдугаар чуулганаар гишүүн Д.Дэмбэрэл гуайг хүлээж ядаад эцэст нь чуулганаа хүндэтгээд хүрэлцэн ирсэн нийт гишүүдийн дотроос хамгийн ахмад Л.Цог гишүүн хуралдааныг даргалан хуралдуулсан. Тэгээд 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн З.Энхболд УИХ-ын даргаар сонгогдсон шүү дээ. Тэгтэл МАН-ынхан даргынхаа ажлыг нь хийлгэхгүй хэл ам таталцгаан Үндсэн хуулийн шүүхэд хандсан. Гэтэл Үндсэн хуулийн шүүх хуралдаанаараа хэлэлцээд анхдугаар чуулганы уг процедур ажиллагаа хууль зүйн дагуу болсныг тогтоосон. Монгол улсын дипломат харилцаатай бүх гадаад улс орнууд талархан хүлээж авлаа. Өөр юу хэрэгтэй юм бэ. Минийхээр бол түүний ясны шударга зарчим ч зан чанар, ажил хэрэгч байр суурь зарим “аварга”-уудад таалагддаггүй байж магадгүй. Мэдээж хэрэг шударга, зарчимч ажил хэрэгч хүн ард түмний нийтлэг ашиг сонирхолд их хэрэгтэй. Ийм л юм.
Эх сурвалж “ӨДРИЙН СОНИН”