Ардчилсан нам албан тушаал наймаалцсан гишүүдээ хасчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам албан тушаал наймаалцсан гишүүдээ хасчээ

Булган аймгийн ИТХ-д Ардчилсан нам 12 төлөөлөгчтэй.  Тэд өнгөрсөн сард аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг хуралдуулж, аймгийн Засаг дарга М.Оюунбатыг огцруулахыг шаардсан мэдэгдэл гаргаж улс төрийн суулт зарлаад байсан юм. Засаг дарга М.Оюунбатыг огцруулах шалтгаан нь тэрбээр аймгийн Засаг даргаар 10 жил ажиллахдаа удаа дараа алдаа гаргаж, хууль бус үйлдэл, намчирхах явдал нь хэрээс хэтэрсэн гэнэ. Тиймээс алдаагаа засах шаардлагыг удаа дараа тавьж байсан ч хүлээж аваагүй байна. Мөн  Засаг даргын орлого хэд дахин өсч хөрөнгө орлогоороо бусад аймгийн Засаг дарга нарыг ардаа орхисон гэнэ. Харин булганчууд өнгөрсөн онд ядуурлаараа аймгуудыг тэргүүлжээ.  Тиймээс аймгийн ИТХ-д суудалтай Ардчилсан намын гишүүд түүнийг огцруулахаар суулт зарласан байна. Тухайн үед Засаг даргын асуудлыг ИТХ тавдугаар сарын 3-нд ээлжит бус хурлаараа авч хэлэлцэх шийдвэр гаргасанаар асуудал хэсэгтээ намжсан аж. Гэтэл аймгийн засаг дарга М.Оюунбат  Ардчилсан намын хэсэг гишүүнд албан тушаал амласнаар хурлыг хийлгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ.
Ардчилсан намаас ИТХ-д суудалтай Д.Лхагважав, М.Рэнцэнбалжир, Ц.Жаргалсайхан нар Засаг даргад тусалсан аж. Тэд Ардчилсан намын Үндсэн дүрмээр улс төрийн албан тушаалтныг тухайн орон нутгийн намын Зөвлөлдөх зөвлөлийн шийдвэрээр томилно гэсэн заалтыг зөрчиж, өөрсдийн дотны хүн болох Д.Мөнхсайханыг дур мэдэн аймгийн Засаг даргын орлогчид зүтгүүлжээ. Ингэхдээ тэд аймгийн ИТХ-ын даргад “ Ээлжит бус хуралдааныг хуралдуулах саналаасаа татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн өөрсдийн гарын үсэг зурсан бичгийг илгээж хурлыг зарлах ажлыг ирц хүрэхгүй гэх үндэслэлээр цуцлуулсан байна. Үүнийхээ хариуд ИТХ-ын дарга Б.Бат-Эрдэнээс улс төрийн албан тушаал болох аймгийн Засаг даргын орлогчид Ардчилсан намын төлөөлөгчийг томилуулан ажиллуулах нь зүйтэй хэмээсэн бичгийг Засаг дарга М.Оюунбатад хүргүүлжээ. Энэ ёсоор тавдугаар сарын 4-нд аймгийн Засаг дарга захирамж гарган Д.Мөнхсайханыг аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалд томилсон байна. Өөрөө албан тушаалдаа үлдэхийн тулд хууль бус замаар шийдсэн энэ томилгоог Булган аймгийн Ардчилсан намынхан эсэргүүцэж, шударга ёсыг дээдэлсэн, үнэний төлөө тэмцсэн үйл хэргийг албан тушаалаар наймаалцсан, намын дүрмийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж Ардчилан намын Зөвлөлдөх зөвлөлийн хурлаар хэлэлцэн ИТХ-ын гишүүн Д.Мөнхсайхан, А.Ганболд, Ц.Жаргалсайхан нарыг намын гишүүнээс хасчээ.

   Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж