Баянзүрх дүүргийн XI хороо, Хонхорын ойролцоох рашаанд үхрээ усалж байсан залууг зодож, улмаар бензин асган шатааж, тамлаж хөнөөсөн аймшигт хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаад хоёр хоногийн өмнө Улсын мөрдөн байцаах газрын Онц ноцтой, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн байна.
Хэргийг сануулбал, өнгөрсөн даваа гаригийн өглөө Налайх дүүргийн иргэн 42 настай Б-г УБТЗ-ын харьяа төмөр замын Баян зөрлөгийн ажилчин гэх гурван залуу доромжлон зодож, машиндаа хүчээр суулган хэргийн газраас холгүй орших уулын аманд аваачин дахин зодсон байдаг. Улмаар талийгаачийг амьдаар нь шатаажээ. Хохирогчийг эмнэлэгт хүргэсэн ч тусламж авч чадалгүй нас барсан байна. Сэжигтнүүдийн нэг нь тус зөрлөгийн дарга аж.
Тэд хэргийн талаар “Мал үргээлээ хэмээн үг сөргөхөөр нь айлгах гэж байгаад санамсаргүйгээр хэргийг үйлдсэн” хэмээн мэдүүлжээ.