Уулзалтын эхэнд талууд Монгол-Швейцарийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг үнэлэн цаашдын төлөвийн талаар санал бодлоо солилцов. Сайд Л.Болд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи суулийн хагас зуун жилд хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж ирсэнд талархалтай байдгийг тэмдэглэн, Швейцарийн Холбооны Улс Монгол дахь ардчиллыг бүр эхэн үеэс нь тууштай дэмжиж ирснийг онцлов. Тэрбээр хоёр талын улс төрийн харилцаа идэвхтэй хөгжиж, дээд түвшинд хэд хэдэн удаа уулзан, ГХЯ-дын улс төрийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулж буйн ач холбогдлыг өндрөөр үнэлж, Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн шугамаар Монголд хөдөө аж ахуй, уул уурхай, мэргэжлийн сургалт, сайн засаглал зэрэг чиглэлээр хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай буйгаа мөн илэрхийлэв.
Швейцарийн дипломат албаны тэргүүн Монголд ардчиллыг тууштай хөгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж байгаад баяр хүргэн, Монгол Улстай хоёр болон олон талт хамтын ажиллагааг үр дүнтэй хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн сонгуульд Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс харилцан бие биенээ дэмжих тухай ноот бичиг солилцохоор тохиролцлоо.
Талууд 2014 онд тохиох Монгол Улс, ШХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж ажиллахаар болсны зэрэгцээ 2013 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын сайд нарын түвшний уулзалтад сайд Д.Буркхалтерийг оролцохыг албан ёсоор урив. Тэрбээр урилгыг талархан хүлээн авав гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.