ХААН Банк, Монголбанктай хамтран нийт арилжааны банкууд, олон улсын байгууллагууд, аж ахуй нэгжүүдийн төлөөллийг оролцуулсан “Комплаенс форум 2012”–ыг 10 сарын 25-ны өдөр Кемпински Хаан Палас зочид буудалд зохион байгууллаа.
Энэ удаагийн форумаар оролцогч байгууллагууд өөрсдийн хуримтлуулсан туршлагаа хуваалцан, тодорхой сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна арилжааны банкны мэргэжилтнүүдэд мэдээлэл, туршлага солилцох боломжийг олгох юм. Түүнчлэн арилжааны банкны комплаенс, эрсдэл, хууль эрх зүй, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг болон дотоод аудиторуудад хууль тогтоомж, дүрэм журамтай холбоотой тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд нь дөхөм болох зорилготой зохион байгуулагдлаа.
“Комплаенс” гэдэг нь хууль тогтоомж, эрх бүхий төрийн байгууллагын баталсан дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, дотоодын бодлого журмаа тэдгээртэй хянан нийцүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, улмаар харилцагч, нийт хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хариуцлагыг ханган ажиллах зэрэг чухал үүргийг ойлгодог.
Өнгөрсөн жилийн форумаар банк санхүүгийн салбарын үйл ажиллагаанд олон улсын жишиг хандлага, тэргүүн туршлагыг судалж нэвтрүүлэх, дотоодын төлөв байдал, чиг хандлага болоод олон улсын стандартад нийцүүлэхийн тулд цаашид хийх арга хэмжээг тодорхойлох зэрэг асуудлаар хэлэлцэж байсан бол энэ удаагийн форумаар банк санхүүгийн байгууллагад тулгамдаж буй тодорхой асуудлуудын хүрээнд ярилцаж байгаагаараа онцлогтой болж өнгөрлөө.