Меркель очсон даруйдаа Грекийн ерөнхий сайд Антонис Самарастай уулзсан бөгөөд тэд Грекийн эдийн засгийн байдлыг сайжруулах, ажлын байр нэмэх, тусламжийн мөнгийг нэн даруй олгох талаар ярилцсан байна. Гэсэн ч Меркель дахин тусламжийн мөнгө өгөх боломж ойрын хугацаанд байхгүй гэдгийг мэдэгдээд ямар ч байсан өөрсдийнхөө хэмжээнд аргалж байхыг зөвлөсөн юм.
Түүнийг Грекийн ерөнхий сайдтай ярилцаад сууж байх тэр үед Синтагма талбай дээр олон арван мянган эсэргүүцэгчид цуглан Европын холбоо болон Германы далбааг шатааж, Грекийг ийм байдалд оруулсныхаа хариуцлагыг хүлээх ёстой гэж дахин дахин сануулж байжээ. Грекийн цагдаагийнхан Германы канцлерийг цуглаанд оролцогчдоос хамгаалахын тулд 7000 гаруй мэргэн бууч бэлэн байдалд ажилласан байна. Одоогоос зургаан сарын өмнө тэтгэвэр тэтгэмж өгөх боломжгүйгээс тэтгэвэр авагчдын мөнгийг түр хугацаанд өгөхгүй байх шийдвэрийг гаргасан юм. Меркель, Самарас нар хоёр орны дипломат харьцааг аварч үлдэх дараагийн алхамыг хэрхэх талаар ярилцсан ч яг юу ярьсныг одоогоор нууцалж байна.
Зарим нэгэн босогчид 1941-1944 оны хооронд хэдэн зуун хүнийг хоморголон устгасан Нацист германы явуулсан бодлогыг сөхөж тавьж байгаа. Мөн Грекчүүд европын эдийн засгийг тэргүүлэх гүрэн тодорхойлох гол үйл явдал 1951 онд болсон гэж үздэг. Учир нь Парисын тунхаглалаар Бельги, Франц, Баруун Герман, Итали, Люксембург, Голланд гэсэн зургаан улсыг багтааж, Европын уул уурхай болон төмрийн холбоонд нэгтгэсэн.
Герман-Грекийн харьцааг хурцатгасан дараагийн асуудал бол Нобелийн хороо энхтайвны шагналаар Европын холбоог шагнасан явдал. Тэртээ тэргүй Ангела Меркельд хорссон грекчүүдийн уур хилэнг энэ үйл явдал дэвэргэсэн гэхэд болно. “Энэ бол бодит байдалд үнэхээр нийцээгүй үйл явдал” гэж Лондоны эдийн засгийн сургуулийн багш Спирос ярьжээ.
Европын холбооноос Грек улс гарах талаар дотооддоо ярилцаж эхэлсэн ч үүнийг ажиглагчид маш буруу гэж сануулсаар байгаа юм. Учир нь Европын хэд, хэдэн улсаас зээлтэй, нөгөөтэйгүүр олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагуудаас ч тодорхой хэмжээний зээл авчихсан энэ улс гарвал Европ ч тэр, дэлхий ч тэр бүгд хямралд өртөх магадлалтай. Гэхдээ Европын холбооноос Грек гарчихвал бүх зүйл сайнаар эргэж ч болно гэж зарим хүн онцолж байна. “Грек Европын холбоонд анхнаасаа орох ёсгүй байсан юм. Гэхдээ одоо ч оройтоогүй л байна. Тодорхой амлалт өгөөд, ажлын байр болоод цалинг нэмэх талаар ийм бодлого хийнэ гэдгээ тодорхой болгочихвол гарахад болохгүй гэх газаргүй” гэж Списор ярьжээ.
Грек одоогийн байдлаар Европын холбоонд 13,5 тэрбум еврогийн өртэй бөгөөд 2015 он гэхэд төлж дуусгах гэрээг үйлдсэн билээ. Бодит байдлыг харвал энэ нь тийм ч амархан бүтчих зүйл биш. Мөн дээрээс нь хоёр тэрбум еврогийн татварыг нэмж төлөхөөр байгаа юм. Германы парламентын гишүүн, чөлөөт ардчилсан намын гишүүн Франк Шафнер өр төлөх Грекийн асуудлыг илбэ, шид биш л бол шийдэж чадахгүй гэж удаа, дараа мэдэгдээд байгаа билээ. “Би үүнийг бүтэшгүй зүйл гэж бодож байна. Анхнаасаа Грекийн асуудалд хутгалдах хэрэггүй байсан юм. Одоо үр дүнд нь европ тэр аяараа савлаж байгаа биз дээ” гэж CNN агентлагт ярьжээ. Харин Грекийн Гадаад хэргийн сайд үүнийг өөр өнцгөөс харж байгаа юм. “Германы парламентын гишүүний хэлсэн үг үнэхээр хариуцлагагүй мэдэгдэл байлаа. Евро бүс хамтдаа асуудлаа шийдэж, хамтдаа л байх ёстой. Түүнээс биш нэгийгээ хүнд байдалтай байхад нь тоохгүй орхивол өнөөдөр бүр муу үр дүн гарах байсан. Европ бол хамтын нийгэмлэг. Хамтдаа асуудлаа шийдэх ёстой” гэж Грекийн гадаад хэргийн сайд Ставрос Димас ярьжээ.
Герман евро бүсээс гараад нэгдсэн мөнгөн тэмдэгтийг өөр мөнгөн дүнгээр тогтоовол байдал дээрдэж болохыг зарим эдийн засагчид ярьж байна. “Герман ерөөсөө Европын холбооноос гарчих хэрэгтэй. Герман гарлаа гээд Европ хохирохгүй, германы эдийн засаг ч дампуураад байх зүйлгүй. Харин ч дампуурлын байдалд хүрээд байгаа Грек, хямрал хүндрэх шатандаа орсон Испани, Ирланд, Португалийг аврах гарц болох учиртай” гэж Соросын санг үндэслэгч, АНУ-ын тэрбумтан Жорж Сорос ярьсан аж.
Герман-Грекийн байдал хурцдаж байна. Харин үүнийг Европын холбоо анхааралдаа авч байгааг хэлж мэдэхгүй. Олон улсын валютын сангаас Европын холбоог зээл авсан улсынхаа асуудлыг цэгцэлж эхний тайлангаа ирүүлэхийг шаардсан. Тайлан гарсны дараа асуудал хэрхэх нь одоогоор таавар хэвээр байна.