Монголын урчуудын эвлэлийн хорооны шагналт зураач Ч.Хүрэлбаатарын уран бүтээлүүд нь реалист шинжтэй байдаг. Тэрээр уран бүтээлүүддээ нарийн деталчиж ажилладаг, бараандуу бор саарал өнгийг их ашигладаг бөгөөд түүний мастер нарийн ажиллагаа, техник уран зураг сонирхогч хэн хүнийг соронзон мэт татдаг билээ. Энэ удаа тэрээр томоохон хэмжээний тосон будгийн бүтээлүүдээ дэлгэсэн. Гадаад дотоодод бие даасан болон хамтарсан олон үзэсгэлгээ дэлгэж байсан, чамгүй олон шагналын эзэн түүний бүтээлүүд Монголын уран зургийн галерей, АНУ-ын “Pierre House Gallery”, Японы “Fukuoka Art Museum”, "Toyota" company, болон Англи, ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Герман, Итали, Унгар, Шведийн уран зураг сонирхогчдын хувийн цуглуулгад хадгалагдаж байдаг.
Түүнтэй хамтран Их зохиолч Б.Ринченгийн ач, Монголын тэргүүний палеонтлогич Р.Барсболдын хүү уран барималч, зураач Б.Дэнзэн үзэсгэлэнгээ дэлгэсэн. Тэрээр нийслэл хотын чимэг болсон олон бүтээлийг урласан ба Улаанбаатарын төвд байрлах С.Зориг агсны хөшөө, “Централ таур”-ын өмнөх цэцэрлэгт талбай дахь Хубилай хааны үед түүний захидлыг Ромын папад хүргэсэн элч төлөөлөгч, нэрт жуулчин Марко Поло, Их дэлгүүрийн өмнө байрлах “Битлз” хамтлагийн хөшөөг урлаж байсан гэдгээр нь хэн хүнгүй андахгүй. Тэрээр Улаан-Yдэд тєрж Монголд єссєн. Орос, Польш, Унгар улсад тvvний бvтээсэн олон сайхан баримал сvндэрлэн байдаг билээ.
Үзэсгэлэнгийн нээлт дээр уран барималч, зураач Б.Дэнзэнтэй уулзан сvvлийн үеийн уран бүтээлийг нь сонирхон урлагийн талаар ярилцлаа.
-Үзэсгэлэнг тань удаан хүлээлээ. Нийт хэдэн бүтээлээ дэлгэв?
-Хүрэлбаатар бид хоёрын хамтарсан үзэсгэлэнд түүний 17 зураг, миний 22 зураг байгаа байх. Сүүлийн хоёр жилийн дотор хийсэн зарим бүтээлүүд маань байгаа. Бүгдийг нь гаргаагүй. Бид нэг их зураг, баримал тавиад хэрэггүй байх гэж бодсон юм. Үзэсгэлэнг маань ирээд үзээрэй.
-Таны уран зургийн бүтээлийн дийлэнх дээр “mixed media” гэсэн тодотгол байдаг?
-Тэр бол хольсон техник гэсэн юм л даа. Бүтээлүүдээ усан будаг, шохой гээд олон төрлийн будаг хольж хийснээ тэгж тайлбарлаж байгаа юм. Яагаад гэвэл яг ямар материалаар хийсэн гэвэл их олон зүйл гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр түүнийгээ “mixed” буюу холимог гээд гаргасан байгаа.
-Холимог техникээр бүтээсэн таны бүтээлүүд өнгөний хувьд илүү хурц, тод юм аа?
-Тэр бол бүтээлчээс л хамаардаг байх. Манай Хүрэлбаатар чинь зөвхөн тосон будгаар зурдаг. Гэхдээ их сайхан олон өнгө олж хийсэн байгаа биз дээ. Хүний чадвар гэдэг бас өөр байх л даа.
-Үзэсгэлэндээ С.Зориг агсны ах С.Баярын хөргийг дэлгэжээ. Хэдий үеэр хийсэн бүтээл вэ? Та нар найзууд уу?
-Энэ хавар хийсэн. Бид дотны найзууд. Манай С.Баяр одоо Энэтхэгт элчин сайдаар сууж байгаа шүү дээ. Тэгээд надад “Дэнзэн, би чамаас нэг бүтээл авмаар байна” гэсэн юм. Би “Чи авах яахав ээ, эхлээд би чамайг зураадхая” гээд зурчихсан юм.
-Шинэ баримлуудынхаа тухайд? Барон Унгерны баримал их сонирхол татлаа. Яагаад заавал түүний баримлыг урлах болов?
-Энд байгаа жижиг хүрэл баримлыг Барон Унгерн фон Штернберг гэж хүний хөргөөр хийсэн. Бид өнөөдөр түүхээ шинээр харж үзэж, судалж байгаа шүү дээ. Би 15, 16-тай байхдаа өвөөгөөсөө нэг асуусан юм. "Та Унгерн гэдэг хүнийг мэдэх үү" гэж асууж л дээ. 1921 онд миний өвөө 16 настай байсан. Яг Хиагтад энэ Унгерныг баривчлах үед нь хамгийн эхний орчуулагч нь манай өвөө байсан юм билээ. Оросын их цэргүүд Унгерныг Орос руу авч яваад буудаж алсан шүү дээ. Олон арван жил Унгерн бол дайсан гэдэг нэртэй явсан. Өнөөдөр Орост түүнийг зөвхөн дайсан гэдэг үүднээс нь харахаа болиод байгаа. Бас Монголыг гамингуудаас чөлөөлсөн гэсэн баримт бичиг ч байдаг. Түүх, баримтыг судлах нь өмнө нь хориотой, хаалттай байсан. Одоо бол нээж байгаа юм байна. Тэгээд Унгерныг өөр талаас нь харж эхэлсэн. Унгерны хамаатан гээд Унгерн фон Штернберг гэдэг овогтой нэг хүн НҮБ-д ажиллаж байсан юм. Би түүнтэй тухайн үед хэд хэдэн удаа уулзаж, өвөөгийнх нь тухай нэлээд материал цуглуулж, олон зүйл асууж байсан юм. Тэгээд ер нь ингээд Унгерны баримлыг хийчихвэл зөв байх. Яагаад гэвэл сайн ч байна уу, муу ч байна уу бас л Монголын түүхэнд нэлээд оролцож, хувь нэмрээ оролцуулсан хүн байгаа ш дээ. Тэр үүднээс л би энэ баримлыг хийчихсэн.
-Та дахиад хэзээ баримал хийж, нийслэлийн өнгийг чимэх гэж байна?
-Ер нь янз бүрийн зүйл бий л дээ. Би сүүлд Марко Полог дуусгасан. Одоо монголч эрдэмтэн Андрей Дмитриевич Симуков гэж хүний хөшөөг хийх бодол байгаа. Тэр хүн бол манай талийгаач С.Зориг агсны өвөө нь. Манай өвөөгийн их сайн найз нь байсан. Би Симуков гуайн баримлыг заавал хийх хэрэгтэй гэж бодоод байгаа юм. Энэ бол их учиртай л даа. Өнөөдөр манай Улаанбаатар хот цэцэглээд, их гоё орчин үеийн хот болж байна. Гадаад, дотоодын олон зочин ирж байгаа биз дээ. Тэгэхээр зөвхөн монгол баатруудын баримлыг хийхээс гадна манай Монголын түүхэнд олон гадаад, дотоодын хүмүүс оролцож, хувь нэмрээ оролцуулж байсныг харуулах хэрэгтэй. Монгол орны төлөө ч гэдэг юм уу, Чингис хаан болон Монголын их гүрэн, Эзэнт гүрний үед гадаадын олон хүмүүс Монголд ирж ажиллаж байсан юм байна. Одоо ч гэсэн гадаадын олон хүн Монголд ажиллаж байгаа шүү дээ. Монголын эдийн засаг, улс төрд ингэж нөлөөлж байсан гээд 50, 100, 200 жилийн дараа тэднийг дурьдах л болно. Манай Симуков гуай бол Монголын газрын зургийг тодруулж, гаргасан хүн шүү дээ. Даланзадгад хотыг бий болгсон их гавьяа хийсэн хүн. Тэр үүднээсээ түүний хөшөөг хийх хэрэгтэй гээд хөөцөлдөж байгаа.
-Саяхан Лениний хөшөөг буулгалаа. Хүмүүс үүнийг янз бүрээр л ярьж, бичицгээсэн?
-Өнөөдөр монгол ч гэсэн ардчилсан орон болоод өөр замаар явж байгаа болохоор буулгахаас өөр арга байхгүй байх л даа, ер нь. Тэгэхгүй бол Лениний хөшөө өнөөдөр магадгүй Куба, БНХАУ, Хойд Солонгост байдаг байх. Бид шинэ замаар явж байгаа болохоор хуучин юмнаасаа салах ёстой байх. Ленинийг бишрэн шүтдэг хүндэтгэдэг хүмүүс байдаг, Европын социалист орнууд тухайн үеийн зүтгэлтэн Ленин, Сталины хөшөөгөө цуглуулаад коммунизм, социализмын парк гэж нэрлээд байж байдаг. Тэнд голдуу хөгшчүүл очиж цэцэг тавьдаг юм. Яахав дээ, тэрийгээ шүтдэг юм бол парк руугаа очоод мөргөнө биз дээ.
-Та одоогоор Монголд суурин байна уу?
-Тийм, гэхдээ би Хүрэлбаатартай удахгүй Унгар руу явна. Тэнд бас нэг үзэсгэлэн нээх гэж байгаа.
-Энэ бүтээлүүдээ дэлгэх үү?
-Өөр бүтээлүүд байна. Энд чинь бас зарим хэдэн бүтээл нь зарагдчихна шүү дээ. Тийм болохоор хэд хэдэн зураг шинээр хийнэ. Зарим хэдийг нь тэр үзэсгэлэндээ зориулж хадгалж байгаа.
-Сүүлийн үед урлагийн зах зээл дээр дүрслэх урлагийг үнэлэх үнэлэмж өссөн гэж яригдаад байгаа. Өнөөдөр манайд урлагийн үнэлэмж хэр байгаа вэ?
-Манайд урлагийн зах зээл гэдэг нь одоог хүртэл хөл дээрээ босоогүй байгаа шүү дээ. Тэр бол бас нийгмийн асуудал. Яагаад гэвэл нийгэм нь нийтдээ нэлээд соёлтой болох ёстой. Манайд бол тэр нь байхгүй. Хэдэн баян хүмүүс бий болж, гарч ирсэн. Урлаг гэдэг чинь хүн бүхний авдаг юм биш л дээ. Европын орнууд, Япон, БНСУ-тай харьцуулах юм бол манай нөхцөл, өнөөдрийн байдал бол ядуу. Боловсрол, ерөнхий мэдлэг муутай болохоор одоо л эхний шатанд, хаана ч гэсэн эхлээд баян, мөнгөтэй хүмүүс юм авч эхэлдгийн жишгээр явна. Гэхдээ манай баячууд олигтой хөл гар дээрээ босч ирээгүй л байгаа шүү дээ. Хотын соёл мэдэхгүй, ерөнхий мэдлэггүй, урлагийн соёл гэж байхгүй. Гэхдээ аяндаа бий болно байх. Тэдний хүүхэд, ач нар гайгүй болно гэдэгт би их найдаж явж байна.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Хэд, хэдэн бүтээл дээр сууж байна. Тэрийг чинь хэлж болдоггүй гэсэн ш дээ. Яахав дараагийн үзэсгэлэн дээрээ үзүүлнэ.
-Хамгийн сүүлд хэзээ Улаанбаатарт үзэсгэлэнгээ нээсэн билээ? Их удсан байна шүү.
-Нэлээд дээхнэ үед шүү. Бараг 2004 онд байх аа. Би ер нь олон үзэсгэлэн гаргах дуртай биш.
-Яагаад?
-Бэлтгэл ажил гэж их юм бий. Тэгээд нэг хэсэгтээ хийсэн зураг баримлаа зарахгүйгээр хадгалах хэрэгтэй. Гэтэл бид ч гэсэн гэр бүл хүүхэд, ач нараа хооллох хэрэгтэй. Би бол зөвхөн урлагаараа амьдардаг болохоор жаахан хэцүү байдаг юм л даа. Ер нь үзэсгэлэнд зураг, баримлаа тавьчихаад зарагдахыг нь хүлээж байснаас өөрсдөө ирээд миний урлангаас авчихдаг нь хамаагүй амар л даа.
-Захиалгын бүтээлд дарагддаж байна уу?
-Ер нь юм хум авдаг хүмүүс бол дандаа л ирж байдаг юм л даа. Гэхдээ өдөр болгон биш. Заримдаа хагас жил юу ч байдаггүй. Заримдаа долоо хоногийн дотор нэлээд хэдэн хүн ороод ирнэ. Яг маргааш тийм хүн ирнэ гэсэн зүйл байхгүй. Гэнэт л орж ирнэ. Миний ажил тэр талаараа хэцүү.
-Хүмүүсийн захиалгыг буцааж байсан тохиолдол хэр их вэ?
-Байлгүй яахав. Би үүнийг чинь хийж чадахгүй, уучлаарай. Надад сэдэв нь таалагдахгүй байна гэдэг ч юм уу, би ингэж хийдэггүй, зарчим гээд янз бүрийн л асуудал байна. Гадаадад байхад янз бүрийн эвгүй хүмүүс янз бүрийн хэрэгтэй, хэрэггүй хүмүүс орж ирдэг. Надад нэг ийм юм хийгээд өгөөч гэхээр нь “Уучлаарай би завгүй” гэх ч юм уу, үгүй бол чадахгүй гээд л суучихдаг. Зөвхөн бүх зүйл мөнгөн дээр тогтдоггүй. Зарчим гэж зүйл байх ёстой.
Сонирхуулахад, хоёр уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 31 хүртэл хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэнгийн гэрэл зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү