Төсөв ба цуцлах саналтай хөнгөлөлтүүд

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

Төсөв ба цуцлах саналтай хөнгөлөлтүүд


ГАЗРЫН ТОСНООС 10,2 ТЭРБУМ ТӨГРӨГ

УИХ-ын бүтцийн байгууллагуудаар Монгол Улсын 2013 оны төсвийн төслийн гол хэлэлцүүлэг болох хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Ирэх жилийн төсвийн орлого бүрдүүлэхэд учрах нэг гол саад бол гадаад санхүү, эдийн засгийн хямрал. Ялангуяа 2008-2009 оны зааг үеийн хямралаас Монголыг “нөмөрлөж” өнгөрүүлсэн Хятадын эдийн засгийн хурд саарч, өмнөх байдлаа сэргээтэл тодорхой хугацаа шаардахаар  болсон нь өмнөд хөршөөсөө нэлээдгүй хамааралтай Монгол Улсын 2013 оны төсвийн хэрэгжилтэд эрсдэл болж мэдэхээр байгааг эрдэмтэн, судлаачид хэлж байна.

Иймээс төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар өмнө үзүүлж байсан зарим төрлийн татварын хөнгөлөлт чөлөөлтөөсөө ирэх жил татгалзах шаардлагатай болжээ. Энэ дотроос хамгийн нүдээ олсон нь газрын тос хайх, олборлох, ашиглахад үзүүлж байсан хөнгөлөлтийг цуцлахаар болсон явдал. Мэнэнгийн тал, Тамсагийг эхлээд америкчууд, дараа нь тэднээс эрхийг нь авсан хятадууд 10 гаруй жил эзэгнэж газрын тосыг нь соруулсан хэрнээ бүтээгдэхүүн хуваах гэрээ нэрээр зохицуулалт хийж татвараас ангид явж ирсэн. Хайгуул, туршилтын олборлолтын хугацааг нэмбэл 20-иод жил ямар ч татваргүйгээр Монголын дорнод талын газрын тос гадагш урсчээ. Дээр нь тэрхүү чөлөөлөлтийг хугацаа, хязгааргүй тавьж өгсөн байдаг. Үнэгүй юм үнэгүй л байдаг болохоор гадныхан өнгөрсөн хугацаанд туршилт нэрээр Монголын газрын тосны сор болсон ордуудаас гадагш бялхтал зөөж, харин монголчууд ганцхан хойд хөршөөсөө хараат шатахууны үнийн өсөлтөд дарамтлуулж ирлээ. Нефть боловсруулах үйлдвэр барих Монголын талын санал ажил бололгүй өдий хүрсэн нь ч газрын тосоо гадагш нь татваргүй ачуулдагтай холбоотой.

БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг”, “Доншен газрын тос” компаниуд л гэхэд  энэ оны эхний найман сарын байдлаар 94,4 тэрбум төгрөгийн өртөг бүхий техник, тоног төхөөрөмж, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлшийг гааль, НӨАТ-аас чөлөөлжээ. Монголоос татваргүйгээр газрын тос “уудаг” гадаадын компаниудад татвар оноодог болсноор монголчуудад огт нялзахгүй байгаа байгалийн баялгийн өгөөжөөс “амсах” хугацааг наашлуулна. Газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг компаниудад татвар оноосноор зөвхөн 2013 онд л гэхэд Монгол Улсын төсвийн мөнгөний авдарт 10,2 тэрбум төгрөг орж ирэх боломж нээгдэх гэж байна. Эрхэм гишүүд ч энэхүү татварыг дэмжсэн санал өгч байгаа.

ТАРИАЛАНГИЙН САЛБАРААС НАЙМАН ТЭРБУМ

С.Баярын Засгийн газраас 2008 онд Атрын III аяныг зарласан. Аяныг хэрэгжүүлэхийн тулд хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гааль, НӨАТ-аас чөлөөлсөн юм.  Аян амжилттай болсон. Нэг үе өмнөд хөршийн ногоо цагаагаар лангуугаа дүүргэж бор ходоодоо бордож байсан бол өнөөдөр монгол хөрсөндөө ургуулсан төмс хүнсний ногоо, улаан буудайгаар дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээнд хүрээд буй. Төмсийг 100 хувь дотоодоосоо хураадаг болов. Гурилаар тасарна гэж айхаа болилоо.

Засгийн газраас Атрын III аян үр дүнтэй хэрэгжсэн гэж үзээд татварын чөлөөлөлтийг 2013 оноос дуусгавар болгохоор тооцон Төсвийн хуулийг дагаж гарах хуулийн төсөлд тусгаад байгаа юм. Ингэснээр төсвийн орлого ирэх онд найман тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж үзжээ.

Гэхдээ үүнийг УИХ-ын гишүүд төдийлөн дэмжихгүй байна. Юуны өмнө нэгэнт хүрсэн сайн үр дүнгээсээ ухрахгүй тулд, цаашлаад хүнсний аюулгүй байдал харанга дэлдэж, дэлхий нийтэд хүнсний хомсдол нүүрлэх аюул тулгарна гэдгийг судлаачид сэрэмжлүүлж буй энэ үед талх тариа, хүнсний ногоогоо дотоодоосоо хангах боломж бүрдүүлж буй тариалангийн салбарт татвар ногдуулахыг гишүүд таашаахгүй байгаа юм. Тэгэхээр энэ салбарт татвар ногдуулахгүй байхаар шийдвэрлэх магадлал өндөр байна.

ОЁДОЛ, СҮЛЖМЭЛИЙН САЛБАРААС 1,3 ТЭРБУМ ТӨГРӨГ

Монгол Улсад 2005 оноос оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлж ирсэн юм. Олон ч эмэгтэй ажилтай болж өрх гэрийн амьжиргаандаа нэмэр болсон. Ихэнх нь өрх толгойлсон эхчүүд.Тэдэнд ихээхэн нэмэр болж байсан оёдлын үйлдвэрүүдэд татвар оноосноор зарим үйлдвэр хаалгаа барьж ажилчдаа цомхотгож болзошгүй хэмээн гишүүд болгоомжилж буй. Уг нь татвар оноовол оёдол, сүлжмэлийн салбараас 1,3 тэрбум төгрөг төсөвт орох юм байна.

Асуудлыг хэрхэн шийдэхийг Төсвийн хуулийн хэлэлцүүлгийн явцад шийднэ.

Ийм явцтайгаар УИХ-ын гишүүд Төсвийн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлуүүлгийн явцад төсвийн төсөлд олон зүйл нэмэгдэж, бас зарим нь хасагдана. Энэ долоо хоногт төсөв хоёр дахь даваагаа давах юм.
                        

Тоймч Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж