
Даарч эхлэхийн цагт “хар алт”-ны хаанчлал эхэлдэг ёсоор идэр есийн хүйтэн ойртоо ч үгүй байхад нүүрсний үнэ хоёр дахин нэмэгдлээ. Ганцхан сарын өмнө л түлээ нүүрсний үнэ сонирхохоор очсон иргэдийг Портер, “Амьжиргааны цагаан” хэмээх ачааны жижиг машины эзэд “Хямдхан шүү. Налайхын нүүрс 170 мянган төгрөг, Багануурынх бол бүр ч хямд 160-хан мянгад өгчихнө. Гэр чинь ойрхон бол дахиад 10 мянгыг ч татна шүү” гээд л энд тэндээс нь татаж чангааж, хуйларч байсан. Сезон эхэлсэн энэ үед нүүрсний үнэ ханш ямар байгааг “Цайз” захын ченжүүдтэй цөөн хором хөөрөлдлөө. “Цайз”-ын замаар уруудахад нүүрс, мод худалдаалахаар дараалалд зогсох төмөр хөлөгтнүүдээс гадна шуудай шуудайгаар нь нарс, шинэс модыг овоолсон байх нь уулын модыг тэр чигээр нь ачаад ирсэн мэт их л эвгүй харагдана. Арваад Портертой нүүрс эгнүүлэн зогсох хэдэн наймаачдаас олон жил түлээ нүүрсний бизнес эрхэлж байгаа гэх Б “Энэ жил Налайхын нүүрсний ам цөөрсөн, бүх ам нь Хятадуудын мэдэлд шилжсэнээс болж цаадуул чинь дураараа үнээ нэмдэг болсон. Иргэд угаасаа “шалдан суулгадаг” /энэ илч сайтай гэсэн үг бололтой. сурв/ болохоор Налайхын нүүрс голчлон авдаг юм. ЗИЛ-130 машин нүүрс ачилтаасаа хамаараад 700-800 мянга, өндөрлөгөөтэй Портер буюу хоёр тонн нь 430-450 мянга, өндөрлөгөөгүй портертой нь 270 мянга, нэг шуудай буюу ганц хүрз нүүрсийг 2000 мянган төгрөгөөр зарж байна. Одоо ч бизнес сайн байна дөө. Уг нь тэсвэр тэвчээртэй ажиллаж чадвал нүүрсийг шуудайлаад зарвал ёстой “бурзайдаг” юм шүү дээ” гэв.
Машинтай нүүрсний үнэ багадаа л 100 мянга, ганц хүрз нүүрс 500 төгрөгөөр нэмэгдсэнийг наймаачид “Нүүрсний ам ховордсон, гурав хоног оочирлож байж арайхийж авдаг, Баянзүрхийн товчоогоор өндөрлөгөөтэй портер нүүрс оруулахгүй байгаа болохоор давхар зардал үүсч байна” гэх шалтаг бүгд л тоочиж, “хов” дамжуулах. Гурав хоногийн хоолны зардал, шатахууны зардал 40 мянга зэргийг нэмлээ ч наймаачид портер нүүрсийг газар дээрх үнээс нэг дахин нэмж байгаа нь үнэн юм байна. Харин шуудайлж зарахад нэг Портер нүүрсээс багадаа 300 мянгыг унагадаг гэнэ.
Өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг нийслэлийн түлээний захуудад 250-270 мянган төгрөгний үнэтэй байгаа Багануурын нүүрсийг 14 хоногийн дотор 100 мянга төгрөг хүргэж буулгана гэж амласан. Энэ амлалт биеллээ олох юм бол хэрхэхийг наймаачдаас тодруулахад “Эрэлт ихтэй, нүүрсний ам цөөхөнтэй байгаа энэ үед нүүрсийг ийм хурдан нэг дахин хямдруулна гэж бүтэхгүй болов уу. Бүтлээ гэхэд Амгалангийн тэндээс очиж, картаар авна гэсэн. Завгүй иргэд бол биднээс авахаа л илүү чухалчлах байх. Багануурын нүүрс тортог ихтэй, тос гоождог гээд иргэд Алагтолгой, Тавантолгой, Налайхын нүүрсээ сонгох байх. Гэхдээ бидний бизнест бага зэрэг сөргөөр нөлөөлөх л байх” гэсэн юм.
Ямартай ч наймаачид нүүрсний үнэ хямдарч, иргэд 100 мянгын нүүрс сонгож, нүүрсний наймаачдын “ноёрхол” төгсгөл болно гэдэг юу л бол. Тиймээс цаашид Багануурын төдийгүй бусад уурхайнуудын нүүрсийг ч хямдруулах арга зам хайх нь зүйтэй мэт санагдлаа.
Д.ЖАРГАЛСҮРЭН