Эзэнгүй хашааны эзэн олдлоо

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

Эзэнгүй хашааны эзэн олдлоо

Нийслэлийн хаа сайгүй “урган гарч” ирээд эзэн нь ч тодорхойгүй, хэрхэх нь ч мэдэгдэхгүй хотын өнгө сүрийг гутааж байгаа нэгэн хашааны талаар бид өмнө нь асуудал хөндөж байсан. Асуудал болгон дэвшүүлэхийн учир Хүүхэд залуучуудын хэмээх тодотголтой соёлын төвийн урд цэцэрлэг байх учиртай талбайд хэн нэг нь хашаа хатгаад 12 жил өнгөрч эзэн нь ч олдохгүй, зориулалт нь ч тодорхойгүй “сүг” болсоор… Залуус цэцэрлэгт талбайгаа нэхэхэд эзэн нь ч олдоггүй байсан.

Тэгвэл 12 жилийн дараа, жил дамжуулан асууж тодруулсны эцэст хашааны эзэн тодорлоо. Ямартай ч эзэн нь хий үзэгдэл байгаагүй нь яамай. Нийслэлийн Өмчийн газар, Нийслэлийн газрын албаныхан энэ тухай олон жилийн турш ам нээлгүй, “хариуцсан ажилтан алга, амралтаа авсан, солигдсон, байгууллагын нууц” гэх мэтээр сэтгүүлчдийг мадалсаар ирсэн. Хариуцсан мэргэжилтнүүд хэдэнтээ солигдож байх зуур, иргэд ч хэвлэлийнхэн ч холбогдох газрынхан ч энэ хоосон хашааг сонирхохоо больчихож. Хэний мэдэлд, ямар зорилгоор, юу босгох гэж ийнхүү олон жил хотын төвийн А зэрэглэлийн найман мянга гаруй метр квадрат газрыг хадгалсныг тодруулахыг зорилоо.

Баттай, нууц эх сурвалжийн мэдээлснээр энэхүү цэцэрлэгт хүрээлэнг анх 2001 онд “АЭ энд ЖААГ” ХХК Теле студи, шоу төв барихаар төрөөс газар эзэмших эрхийг 40 жилийн хугацаатайгаар авсан байх юм. Тухайн үедээ теле студи нь иргэдийн ид сонирхлыг татаж байсан тул Нийслэлийн газрын албаныхан цааргалах зүйлгүй сонирхолтой гэгч нь эзэмшүүлсэн байна. Мөн 2004 оны нэгдүгээр сарын 28-нд Нийслэлийн газрын албаныхантай дахин гэрээ байгуулсан гэнэ. 2000 онд энэхүү хоосон хашаа 9200 метр квадрат байсан бөгөөд газар эзэмшсэний төлбөр дөрвөн сая төгрөгийг жил бүр нийслэлд үг дуугүй тушаасаар ирсэн байна. Хаашдаа 40 жилийн хугацаатайгаар эзэмших эрхээ авсан, газрын төлбөрөө цаг тухайд нь төлөөд ирсэн энэ газартай оролдох эрх хэнд ч байгаагүй нь лавтай.

Харин “АЭ энд ЖААГ” ХХК Теле студи, шоу төв байгуулах амлалтаа умартаж,  2005 онд “CH трейд” гэх компанид газар эзэмших эрхээ шилжүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр энэхүү нууцлаг компани нь “Эко констракшн”-ы охин компани аж. Мэдээж “Эко констракшн”-ыхан багагүй мөнгө хаяж энэ газрыг өөрийн нэр дээр шилжүүлсэн нь тодорхой. Гэтэл ”CH трейд”-ийнхэн бас л энэ газар дээр шоу төв байгуулах байтугай ширхэг өвсийг ч хөндсөнгүй. Учрыг лавлаваас 2009 онд “CH трейд” ХХК нь Худалдаа хөгжлийн банкинд газрын эзэмших эрхээ барьцаалан багагүй зээл авсан байх юм. Зээлээ хоёр жилийн дараа буюу өнгөрсөн 2011 оны гуравдугаар сарын 3-нд барагдуулж газраа компанийнхаа нэр дээр буцаан авчээ.

Уг нь нийслэлийн мэдлийн шоу төв байгуулах ёстой энэ газрыг заргалдаж буцаан авья гэсэн ч одоохондоо ямар ч эрх зүйн боломжгүй юм байна. Яг энэ газрын хувьд Газрын тухай хуулийн 40.1.5-д газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг хоёр жил ашиглаагүй тохиолдолд гэрээг цуцлах үндэслэлтэй гэсэн заалтыг барьж заргалдах аргагүй. Учир нь банкны барьцаанаас газраа чөлөөлснөөс хойш хараахан хоёр жил болоогүй, бас төлбөрөө цаг тухайд нь төлж ирсэн. Тиймээс ямартай ч 40.1.6-дэх заалтыг үндэслэн газрыг ашиглаагүй гэх үндэслэлээр банкны барьцаанаас эргүүлэн авсан 2011 оноос хойш хоёр жил өнгөрсний дараа буюу 2013 оны гуравдугаар сард нэг удаа заргалдаад үзэх бодол холбогдох байгууллагуудад байгааг нуусангүй.

Мөн сүүлийн нэр шилжүүлэх үед буюу 2011 онд эзэмших эрхийг таван жилийн хугацаатайгаар өгсөн стандартын дагуух хэмжилтээр энэхүү газар нь 9200 метр квадрат бус 8373 метр квадрат болж таарсан гэнэ. Тиймээс нийслэлд жилд төлөх хураамж ч багасч “CH трейд”-ийнхэн 3.6 сая төгрөг төлдөг болсон аж.

Харин анх Теле студи, шоу төв барих барилгын зураг төсөл, зорилго одоо болтол өөрчлөгдөөгүй байгаа. Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын мэргэжилтнээс олон жил дуншиж байгаа Теле студи, шоу төвийн тухай асуухад “Арав гаруй жилийн турш тэр хоосон газар барилга барих ямар нэгэн санал ирүүлж байгаагүй. 2001 онд нэгэн хувийн компанийн нэр дээр студи байгуулахаар тэр газрыг өмчилсөн байдаг ч манайхаар ямар ч зураг төсөл батлуулаагүй” гэсэн юм.

Энэ газарт одоо хүртэл юу ч бариагүй байгаа “Эко констракшн”-ыхан үнэхээр шоу төв байгуулахгүй юм бол нийслэлд нь буцаагаад өгчихвөл залуусын чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн байгуулчихаасай гэж иргэд хүсч байна.

Иргэний зориг гаргаж газрыг эзэнд нь буцаан өгвөл энэ цэцэрлэг “сэрж”, хоосон хашаанд дурлалт залуус болзож, бяцхан үрс наадан тоглох цэцэрлэгт хүрээлэн байгуулаасай билээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж