“ДЦС-4”-ийн “Хөргөх цамхаг” ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

“ДЦС-4”-ийн “Хөргөх цамхаг” ашиглалтад орлоо

Манай улсын эрчим хүчний  хэрэглээний 70 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг “ДЦС-4” ТӨХК-ийн “Хөргөх цамхаг №4” барилгын ажил  дуусч  өнөөдөр нээлтээ хийлээ. Хөргөх цамхаг бол дулааны цахилгаан станцуудын үндсэн барилга байгууламжуудын нэг. Шинээр баригдсан энэхүү цамхаг нь төмөр бетонон цутгамал хийцтэй, манай улсад баригдаж байгаагүй  шинэ технологи ашигласнаараа онцлог юм.

 Энэхүү цамхаг нь 2500 м2 хөргөх гадаргуу, 240 ГКал дулааны ачаалалтай, суурийн диаметр нь 68,9 м, өндөр нь 75 м нарийн хийц бүтэцтэй, инженерийн томоохон барилга байгууламж юм.

Барилгын үндсэн ажил есдүгээр сарын 20-нд дуусаж, шугам хоолойн холболтын ажлыг хийж дуусаад өнөөдөр ашиглалтад хүлээж авч байгаа нь энэ аж.

“ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэвээн ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ,

– Манай хамт олон өөрийн 5,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэхүү хөргөх цамхагийг барьж ашиглалтад оруулж байгаад баяртай байна.  Яг одоогоос нэг жилийн өмнө 2011 оны  тавдугаар сарын 30-нд бид энэхүү цамхагийг барихаар шавыг нь тавьж байлаа. “Хөргөх цамхаг №4”-ийг шинээр бариулахаар 2010 оны  арванхоёрдугаар сард нээлттэй тендер зарлаж, гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Аненг цахилгаан станцын тоног төхөөрөмж групп" болон "Шанши Хуатонг Эрчим хүчний инженеринг" компанийн түншлэл, туслан гүйцэтгэгчээр "Улаанбаатар хотын Барилга, зам гүүрийн корпораци" шалгарсан юм.  Тэд үндсэн барилгын ажлыг нийт  арван сарын хугацаанд, шинэ, шилдэг технологиор  хийж гүйцэтгэлээ.  Энэ төслийн ажлыг Судалгаа хөгжлийн алба хяналт тавьж  ажиллаа. Манай хамт олон ч чадах чинээгээр хичээн ажилласан.

Энэхүү цамхаг баригдсанаар 100 мВт ачааллыг ямар ч үед тогтвортой авч ажиллах нөхцөл бүрдэх юм. Мөн хөргөх цамхагийг барьж ашиглалтад өгснөөр манай станцад цаашид томоохон бүтээн байгуулалт хийх нөхцөл бүрдэж байгаа юм гэлээ.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж