Овоот толгойн ордыг эзэмшдэг "Саутгоби Ресурс” компанийн ахлах хуулийн зөвлөх Сара Армстронгийг Монголоос гаргахгүй байх шийдвэр гаргаад байгаа билээ. Түүнийг мөнгө угаасан хэргээр өнгөрсөн баасан гарагт саатуулж АТГ-аас шалгаж эхэлсэн юм. Харин Австралийн зүгээс өөрийн улсын иргэний хэрэгт ихээхэн анхаарч Монголын талтай томоохон уулзалт хийхээр төлөвлөөд байна.
"Саутгоби Ресурс” компанийн ахлах хуулийн зөвлөх, 32 настай энэ эмэгтэйг Буян-Ухаагаас Хонконг руу нисэх гэж байхад нь Монголын цагдаа нар саатуулсан. Түүнийг Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг болон “Саутгоби Сэндс” компанийн авлигын болон 150 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэх хэрэгтэй холбон шалгаж байгаа гэх албан бус мэдээлэл байгаа юм.
Өмнө нь Австралийн Гадаад хэргийн яамнаас Сара Армстронгийн аюулгүй байдалд баталгаа хүсч байсан бол энэ долоо хоногт өөрсдийн тусгай төлөөлөгчөө Монгол руу илгээхээр болсныг тус улсын Гадаад хэргийн сайд Боб Карр өнөөдөр мэдэгдлээ. Түүний хэлснээр тусгай төлөөлөгч нь Монгол дахь Австралийн ерөнхий консул Дэвид Лаусонд энэ хэргийг нааштайгаар шийдэхэд туслах аж. Тэд мөн Сара Армстронгийг хэргийн мөрдөлтийн үед тусгай төлөөлөгчийг хамт байлгах талаар Монголын талтай зөвшилцөх зорилготой гэжээ. Боб Карр "Монголд саатуулагдсан австрали эмэгтэйн хэргийн талаар нарийн мэдээлэл болон Монголд хэр удаан байх талаар хэлэх боломжгүй байна. Би үүнээс өөр мэдээлэл хэлж чадахгүй. Сара Армстронгийг Австралийн төлөөлөгч дээд зэргээр дэмжих болно" гэжээ.
Харин сонирхолтой нь тэрбээр Сара Армстронгийн хэргийн талаар Монголын Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатартай утсаар ярих хүсэлтэй байгаагаа уламжилжээ. Боб Карр "Нөгөө тал чинь хөдлөхөд бэлэн байгаа тохиолдолд эхэлж утсаар яриад дараа нь хамгийн сайн сумаа тавих хэрэгтэй байдаг. Би хөндлөнгөөс болгоомжгүй хандаж хэрэгт хүндрэл учруулахыг хүсэхгүй байна" гэжээ. Харин Сара Армстронг ээжтэйгээ утсаар ярихдаа "Зул сарын баяраас өмнө хэрэг нь шийдэгдэхгүй байх" гэж хэлсэн байна. Тиймээс ээж Ивоннет нь орон нутгийн "The Advocate" сонинд ярилцлага өгөхдөө монголчуудад хандан "Түүнийг явуул, зүгээр л түүнийг явуулчих" гэж хэлжээ.
Сара Армсторнгийн мөнгө угаасан, авлига авсан гэх хэргийг давхар хянахаар ирж буй төлөөлөгч нөгөөдөр буюу 27-нд Монголд ирэх юм байна. Австралийн Гадаад хэргийн яамнаас түүнийг гэрт нь хариулахын тулд өөр арга замуудыг ч хайж байгаа аж.