Ингэснээр Засгийн газрын хувьд 2012, 2013 онд таван тэрбум ам.долларын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалах эрхийг аваад байна. Эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын бонд гаргана. Мөн Засгийн газраас гаргах энэхүү үнэт цаасыг халамж, төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулахгүй. Урт болон дунд хугацааны бүтээн байгуулалтын ажлыг хийхэд зарцуулахаар заагаад байгаа юм.
Гэхдээ эл тогтоолын төслийг батлахын өмнө УИХ-ын гишүүн Ц.Нямдорж санхүү эдийн засгийн хямрал нүүрлэж болзошгүй үед Засгийн газар их хэмжээний үнэт цаас гаргах нь эрсдэл дагуулж болзошгүй. Үр дүнгүй зарцуулбал, ачааг нь ард иргэд үүрнэ. Тэр дундаа хөрөнгийг салбар бүрт зарцуулахаар төлөвлөсөн нь хэдэн тийш байдгаа цацаад дуусах дүр зураг харагдаж байна. Дээр нь үр ашгийг тооцож оруулж ирээгүй, хяналтыг яаж тавих вэ гэдэг тодорхойгүй нь луйвар хийх боломж олгож болзошгүй хэмээн шүүмжиллээ. Харин УИХ-ын даргын зүгээс энэ бүхэнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хяналт тавиад явах ёстой шүү гэдгийг санууллаа.