АТГ-ын дарга агсан Б.Дангаасүрэнгийн дүү Б.Дансал өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэрбээр ахынхаа амь алдсан жинхэнэ шалтгааныг тогтоож өгөх хүсэлт тавин МУ-ын Ерөнхийлөгчид хандаад байгаа гэнэ.
Б.Дансал доорхи зүйлийг ярьсан юм. Өнгөрсөн хугацаанд түүнийг маш олон хүн “ална” гэх мэтээр заналхийлж байсан ч тэдгээр хүмүүсийг одоо болтол баривчлаагүй байгаа аж. Аргаа ядаад Хүний эрхийн үндэсний комисст хандах гэхээр “Чи танил талаа ашиглалаа” гэдэг гэнэ. ХЭҮК-ын дрга н.Бямбадорж түүний танил юм байна. Тэрбээр мөн ахынхаа үхлээр далимдуулж ашиг олох сонирхолгүй, хэсэг бүлэг хүмүүсийн зүгээс ийм яриа гаргаж байгаа гэж хэлсэн юм. МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан Л.Жамбалжав эмч талийгаачийн цогцсыг Австралид байхад нь энд “Задлан хийсэн” хэмээн дүгнэлт үйлдчихсэн явдалд тэрбээр маш их гомдож явдаг юм байна. Түүний ахын цогцост задлан шинжилгээ хийсэн Монголын багийн ахлагч нь Монгол Улсын Гавьяат эмч, Төрийн шагналт мэс засалч Л.Жамбалжав байсан юм. Үхлийн шалтгааныг тэд “Бүх эрхтэн тогтолцоог хамарсан хордлогын шалтгаант зүрхний цусан хангамжийн дутагдлаар нас барсан байх боломжтой” гэж тогтоосон билээ.
Б.Дансал энэ талаар “Анхны задлан шинжилгээг хийсэн Австралийн эмч нар “Уургийн дутагдлаар нас барсан” гэдэг. Уураг яахаараа задардаг юм бэ гэдгээс л асуултын тэмдэг хөврөх ёстой. Задлан шинжилгээний акт дээр “2007.11.01-нд үйлдэв” гэсэн нь буй. Гэтэл тэр өдөр би Австралид ахынхаа шарилын дэргэд зогсч байсан” гэсэн юм.
Тэрбээр “Төрийн өндөр албан тушаалд ямар хүмүүс байгааг Ерөнхийлөгчид дуулгамаар байна. Тухайн үеийн хууль хяналтын байгууллага, төрийн өндөр албан тушаалтнууд надад яг мафи шиг зохион байгуулалттайгаар худлаа ярьсанд нь би чин сэтгэлээсээ гомдож байна. Би асуудлыг хүлээж аваад, дотроо эргэцүүлээд, дараа нь Алтангэрэлээс "Ахынхаа байрлаж байсан буудалд очъё, зураг хөрөг авъя, миний ах ямаршуухан газарт байж вэ…" гэсэн хүсэлт тавьсан. Тэгтэл "Уучлаарай, буудалд ерөөсөө байрлаагүй. Таныг маш их стресстэй байсан болохоор хэлж чадаагүй. Хоёрдугаарт Дэлхийн банкны шугамаар явж байсан болохоор айлд хонож, мөнгө хэмнэсэн явдал интернэтээр цацагдвал төслийн өмнө хариуцлага хүлээх хандлагатай…" гэхчилэн ярьж байгаа юм. Ер нь л буудалд байрлаж байсан гээд байгаа хэр нь Түвшинжаргалынд байх төлбөрөө ганцхан ах чинь бүрэн барагдуулсан байсан гэх мэт хачин авцалдахгүй яриа өмнө нь яваад л байсан л даа.
Австрали дахь асуудлыг хариуцаж үлдсэн Алтангэрэл нааш Сундуйсүрэн дарга руугаа, Сундуйсүрэн нь оршуулах ажлын хэсгийг ахалсан Мөнх-Оргил руугаа, Мөнх-Оргил нь улсынхаа хууль хяналтын дээд байгууллагууд руу, Ерөнхийлөгч рүү-гээ худал мэдээлсээр л байсан байгаа юм. Ийм төр засгаа доромжилсон хүмүүсийг одоо болтол чив чимээгүй ажилд нь байлгаад байгааг би их гайхаж байна. Одоо би тэр хүмүүстэй нэг бүрчлэн уулзъя гэж бодоод байгаа. Бас бүгдээрээ суугаад ярихаараа бодит байдлыг хэлэхгүй байх шиг санагдсан. Алтангэрэл бол цагдаагийн хурандаа, өмнө нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан хүн гэж надад өөрийгөө танилцуулсан.
Доржпалам надтай уулзахгүй байгааг гайхах юм. Гэхдээ айлд байгаагүй, буудалд байрласан гэхчилэн ярих худал зохион байгуулалтад Энхтуяа гэдэг эмэгтэй оролцоогүй юм шиг билээ. Эцсийн бүлэгт би биеэрээ, талийгаач ахынхаа эхнэрийн хамт Сиднейд очоогүй л бол асар олон үйл явдал худал болж, бодит байдал орвонгоороо эргэх байж. Н.Алтангэрэл, н.Гунгаа, н.Энхтуяа нарын хүмүүс ял завшаад явж байна. Би хүний мууд дурлаж биш ахынхаа үхлийн үнэн шалтгааныг тогтоох гэж таван жил явж байна. Намайг дэмжиж, шударга ёсны талд байсан хэвлэлийнхэнд талархсанаа илэрхийлье” гэсэн юм.