Сумын Засаг даргыг сонгохдоо иргэдийн саналд үндэслэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Сумын Засаг даргыг сонгохдоо иргэдийн саналд үндэслэнэ

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Эрдэнэбат, Д.Батцогт нар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ.

Төсөлд сум болон багийн Засаг даргыг сонгохдоо тухайн орон нутгийн иргэдийн саналыг авахаар тусгажээ. Тодруулбал, тухайн сумын ИТХ-аас арав хоногийн өмнө орон нутгийн иргэддээ зар түгээнэ. Энэ дагуу Засаг даргад нэр дэвших хүсэлтэй иргэн нь өөрийн нэрийг санал болгож, ард иргэдээр хэлэлцүүлнэ. Нэг сум таван багтай байлаа гэж бодоход баг бүр дээр Засаг даргад нэр дэвшигчдээр иргэдээс санал хураалгана. Хэн хэдий тооны санал авсан талаар ИТХ-ын хуралдаанаар хэлэлцээд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сумын Засаг даргаар ёсчлуулахаар аймгийн Засаг даргадаа өргөн мэдүүлнэ. Эдгээр нь Үндсэн хуульд заасан хэм хэмжээний дагуу хийгдсэн гэдгээ төсөл санаачлагчид онцоллоо. Гэхдээ энэхүү төсөлд сумын Засаг даргыг огцруулах асуудлыг заагаагүй, одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд шийдэгдэх юм байна. Төсөлд энэ удаад зөвхөн сумын Засаг даргыг сонгох процессыг тодруулж заасан нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор баригдаж хийсэнтэй холбоотой юм байна. Ирэх арваннэгдүгээр сарын 21-нд орон нутгийн сонгууль болно. Цаг хугацаа ийм давчуу үлдсэн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бололцоогүй. Тиймээс орон нутгийн төвшинд хамгийн ихээр шүүмжлэл дагуулдаг суманд хэн хамгийн олон садан төрөлтэй байна, тэр хүн Засаг дарга болдог тогтолцоог өөрчлөхийн тулд дээрх төслийг боловсруулсан юм байна. Нөгөөтэйгүүр, хотод харьяалалтай байтлаа аймгийн Засаг даргаар томилогдсон, аймагт амьдардаг атлаа сумын Засаг дарга болсон тохиолдлууд олон байгаа. Үүнийг энэхүү хуулийн хүрээнд цэгцлэх зорилгоор Засаг даргад нэрээ дэвшүүлэх бол тухайн орон нутагтаа харьяалалтай амьдардаг байх ёстой хэмээн үзэж, Засаг даргад нэр дэвшигчээр ард иргэдийг оролцуулсан санал хураалт болохоос 16 хоногийн өмнө харьяалалаа тухайн орон нутгийнх болгож шилжүүлэхийг үүрэг болгожээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж