Үйлдвэрлэл дээр нэмэх нь сургалт

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэл дээр нэмэх нь сургалт

Үйлдвэржилтийн, барилгажилтын гэж овоглох болсон өнөө үед Монгол хүний ур ухаан ус, агаар мэт хэрэгтэй. Зөвхөн их, дээд боловсрол эзэмшсэн, ирээдүйн “зангиатай” дарга нар дангаараа үйлдвэрлэлийг босголцож чадахгүй. Оюун бодол, хөлс хүчээ зэрэг зарцуулах боловсон хүчин энэ салбарт хамгийн их хэрэгтэй. Үүнийг үйлдвэрлэгч нь мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд юм.
1990 оноос эдийн засаг, улс орны байдал эрс өөрчлөгдсөн нь нийгмийн бүхий л салбарт нөлөөлсөний нэг нь политехникийн коллеж юм. Үйлдвэрлэл, урлал хийх залуусыг нэгдсэн бодлого, төсвөөр хангах боломжгүй болж, нэг ёсондоо 90-ээд оноос хойш үйлдвэр, урлалын чиглэлийн политехникийн  коллежиуд уналтад орсон. Ингээд 2000 он гараад, дунд хэсгээс эргээд сэхэл авсан гэдэг. Тиймээс нийгмийн жигд оролцоотой, дунд давхаргыг бий болгогч, үйлдвэрлэл, урлал хийх мэргэжилтэй боловсон хүчнийг дэмжих шаардлагатай болов. 

2008 онд АНУ, Монгол Улсын Засгийн Газар хамтран нэгэн төслийг үзэглэсэн нь “Мянганы сорилтын сан”-гаар дамжуулан Монголын голлох нийгмийн салбарт хөрөнгө оруулах тухай байв. Ингэж 2008 оны есдүгээр сараас эхлэн мэргэжлийн боловсрол, сургалтын төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь нийт 47.6 сая ам.долларын төсөл бөгөөд Монголын мэргэжлийн боловсрол буюу дээр дурдсан оюун бодол, хүч хөдөлмөрөө давхар зориулах залуусыг дэмжих зорилготой. Гэхдээ 2013 оны есдүгээр сар хүртэл Америкчуудаас ийнхүү тусламж авах нь. Төслийн хүрээнд барилга, барилгын материал, хөдөө аж ахуй, уул уурхай, харилцаа холбоо, эрчим хүчний салбарын гээд нийт 28 мэргэжлээр  боловсон хүчнийг бэлтгэх загвар хөтөлбөр боловсруулсан болон 25 гаруй сургуульд тэргүүлэх зургаан мэргэжлийн хэрэгцээт тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. Мөн АНУ-ын цэргийн баазад ашиглаж байсан зам, барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийг Монголын сургуулиудад өгчээ. Ийнхүү төсөл хэрэгжиж буй сургуулиудыг төгсөгч нарын ажил эрхлэлт 20 хувиар нэмэгдсэн гэнэ.

Мэргэжлийн боловсрол, сургалтын төвийн ач холбогдлын тухайд яриуштай. Том, том үйлдвэр, барилга байгууламжид ажиллах бололцооны залуусыг сургасаар ирсэн. Гэхдээ зөвхөн энэ биш, үсчин, хүнсний технологич, мужаан гээд хүнд хэрэгтэй бүх л мэдлэгийг өгдөг юм. Үүний нэг нь Үйлдвэрлэл-урлалын политехникийн коллеж бөгөөд одоо сургалт, орчин ямар байгааг сонирхохоор тус сургуулийг зорьлоо.

1960-аад онд анх баригдаж байсан энэ сургууль өдгөө олон түүхийг анги танхим бүртээ хадгалан буй. Түүхээ хүүрнээч сургууль минь. Анх байгуулагдаж байхдаа Үйлдвэрлэл, хоршооллын сургууль нэртэй байж, энд одоогийн газрын хөрснөө бэхлэгдэж, гадаадын орнууд шиг олон давхар биш ч тэнгэр тийш тэмүүлсэн одоогийн барилгуудыг босголцож явсан хөдөлмөрчид сурч боловсорч байсан гэдэг. Мөн одоогийн шинэхэн талхны үнэр хаанаас эхэлж үнэртсэн гээч? Ийм л хийж, бүтээхийг урьтал болгосон сургуулиудаас шүү дээ. Анхны үйлдвэрлэлийг эхлүүлэгч нар сурч, боловсроод цагийн эрхэнд туршлагажсаар, дараагийн шавь нартаа жишээгээр хэлбэл талхны сайхан амтыг цогцлоохыг өвлүүлсэн юм.

 Сургууль дотор ороод хартал анги танхим бүрт хүүхэд, залуус дүүрэн, шуугисан их дуун дунд зорчив. Олны хүч аргагүй сүр бараатай юм. Дуунд дуулдаг шиг “хүн ганцхан эрдэнэ болохоороо” улс орны хөгжлийг эд мөнгө бус хүн өөрөө залах учир нэг хэсэг уналтад ороод байсан мэргэжлийн боловсрол олгох сургуульд ийм олон хүүхэд, залуус суралцаж байгаа нь бахдалтай байна.

Үйлдвэрлэл Урлалын политехникийн коллежид мэргэжлийн боловсролын, ерөнхий эрдмийн, урлал, дизайн гэсэн гурван чиглэлийн тэнхимтэй бөгөөд цахилгаан электроник, сантехник, гагнуур, токарь, халаалт, хөргөлт, хүнд машин механизмын оператор, уул уурхай, барилга, эрүүл мэндийн салбарын мэргэжлүүдээр мультимедиа, дүрс бичлэг хийх, үсчин, нарийн боов гээд бүх л ажлыг хийх ирээдүйн мэргэжилтнүүд энд суралцаж байна.

Цахилгаан сургалтын танхимд орвол ханаар дүүрэн разетка, цахилгааны холболт хийхэд зориулагдсан самбар бүхий хэрэгслүүд байх юм. Ингээд нэг самбар дээр нэг сурагч дадлагаа хийдэг юм байна. Энэ үзүүлэн, сургалтын самбар нь бодит амьдрал дээр яг л ийм холболтууд байдаг бөгөөд эндээ дадлагаа хийх нь маш үр дүнтэй байдаг гэнэ. Цахилгаанчин болох хүсэлтэй нэгэн сурагчийн сэтгэгдлийг сонслоо.

Цахилгаан, механикийн 3А ангийн сурагч н.Алтанцоож: “Миний хувьд ирээдүйд хамгийн баталгаатай, тогтмол цалинтай ажил хийнэ гэж боддог учир цахилгаанчны ангидаа сурч байна. Бид энгийн сургуулиуд шиг дан онол үзэхгүйгээр дадлага дээр илүү ажилладаг. Энэ нь  бидэнд хангалттай мэдлэг болж чаддаг гэж боддог. Тэгээд мэдэж авсан зүйлээ сорихын тулд өнгөрсөн зун нэг компанид уртын дадлага хийсэн. Дадлага хийж байх үеэр надад ажлын санал ирсэн бөгөөд би төгсөөд “Лха тоном” гэдэг компанид ажиллана” гэж ярьж байлаа. Нээрэн л хамгийн гол нь  баталгаатай ажлын байраа бодож сурах хэрэгтэй. Их, дээд сургуульд дөрвөн жил сурч төгссөн хүн худалдагч хийгээд явж байна. Үүний оронд политехникийн коллежид хэрэгтэй мэргэжлээ 2.5 жилийн хугацаанд өөрийн болгож авах нь. Сурдаг зүйлээ сураад цаг хугацаа, мөнгө хэмнэх сайн талтай. Ер нь үйлдвэрийн нарийн тоног төхөөрөмж, цахилгаан холболт, халаалт дулааны гээд ангиуд нь бүрэн тоноглогдсон байх юм. Харин мультимедиа танхим байдаг гэж дуулсан. Сонирхтол бүрэн хэмжээний киноны дуу, дүрс тохиргоо найруулгыг хийх боломжтой мультимедиа танхим байна. Энд зориулалтын микрофон, компьютер графикийн бүхий л ажлыг хийх нь. Миний хувьд лав урьд өмнө нь сургууль дотор харж байгаагүй тоног төхөөрөмж байсан. Магтмаар санагдсан. Төслийн үр дүнд ганц энэ сургууль биш, ер нь мэргэжлийн боловсрол сургалтын төвийг шинэчлэх бодлогын хүрээнд зөвхөн тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор  нийтдээ 27.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэнэ. Үүнийг нэг хэрэгжилт нь гэж харахаар байна. Юмыг үргэлж л болж бүтэхгүй байна гэж шүүмжлэхдээ гол нь биш, бүтээд, сайжраад байгааг нь ийм өнцгөөр харах нь буруудахгүй байх. Бас сургуулийн хүүхдүүдийн хийсэн нарийн боов, амттанг идэж үзсэн. Амт, чанар, үзэмж  хаана ч гологдохооргүй байсан гэж хэлмээр байна. Аманд ороод амьсгалтай нийлээд хайлах, амттанг энд хийж байна. Энэ хэвээрээ байгаасай. Энэ л хэвээрээ ур ухаан, чадвар хослуулсан хүүхдүүдийг бэлтгээсэй гэж бодогдсон.

Америкчуудын хамтарсан төслийн үр өгөөж гэдэг нь үнэн. Энэ нүсэр тоног төхөөрөмж, хэрэгслийг оруулж ирж, багш нарыг нь чадавхижуулж байна. Дээр дурдсанчлан 2013 оны есдүгээр сар хүртэл Америкчууд хамтарна. Түүнээс цааш бид өөрсдөө авч явах юм. Тиймээс хэтдээ сургалтын чанар, хүртээмжийг улам бүр нэмэгдүүлж, идэвхтэй ажиллах шаардлага гарч буй. Улс орны хөгжилд гадаадын хөрөнгө оруулалт, худалдаа гэхээсээ илүү дотоодынхоо нөөц баялагыг эргэлдүүлж чадах мэргэжилтэй боловсон хүчин хамгаас үнэтэй билээ. “Хүн ганцхан эрдэнэ болохоороо…”

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж