Пакистаны цагдаагийн газраас өчигдөр буюу 24-ний өдөр лалын хэт даврах үзлийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн, 14 настай тэмцэгч Малала Юсуфзай охиныг буудсан хэрэгт есөн хүнийг сэжиглэн, баривчилсан байна. Түүнчлэн цагдаа нар Малала охиныг алахаар санаархсан хэргийн гол сэжигтнээр Атта Улла Хан гэгч 23 настай химийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байсан оюутныг нэрлэж, эрэн сурвалжилж байгаа аж. Дээрх баривчлагдсан есөн хүний зургаа нь охиныг буудсан хэрэгт тусалсан хэмээн буруутгагдаад байгаа бол үлдсэн хүмүүс нь Атта Улла Ханы гэр бүлийнхэн буюу сүйт бүсгүй, ээж, ах нар нь юм байна. Гэхдээ Атта Улла Ханы гэр бүлийнхэн Малала охины хэрэгт оролцоогүй гэж Пакистаны цагдаагийн газраас мэдээлжээ. Одоогоор Атта Улла Хан нь Малала охиныг хөнөөх төлөвлөгөөг өөрөө боловсруулсан уу, эсвэл хэн нэгний заавраар хийсэн үү гэдэг нь тодорхойгүй байгаа аж.
Хүний эрхийн төлөө тэмцэж, тэр тусмаа эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж буй тухай үзэл бодлоо илэрхийлсэн зоригт Малала охин аравдугаар сарын 9-ний өдөр толгой, нуруун тус газраа буудуулсан юм. Тэрбээр буудуулсныхаа дараа эмнэлэгт хэд хоносны дараа ухаан орж, Английн Бирмингем хотын эмнэлэгт шилжин эмчлүүлж байгаа юм. Өнгөрсөн баасан гаригаас эхлэн Малала охин сувилагчийн тусламжтайгаар алхаж чаддаг болсон байна. Одоогоор охин гэмтлээсээ болоод ярьж чадахгүй байгаа ч бичгээр хүмүүстэй харилцаж байгаа ажээ.
Б.АНХТУЯА