“Форбс” сэтгүүл Асашёорюүгийн тухай нийтэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

“Форбс” сэтгүүл Асашёорюүгийн тухай нийтэлжээ

Бизнесийн лидерүүдийн тухай бичдэг “Форбс” сэтгүүл Сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн тухай “Сумоч эх орондоо очжээ” хэмээх  нийтлэл гаргасныг /өнөөдөр/ орчуулан хүргэе.

…Энэ хүнийг Сумогийн Майкл Жордон гэдэг. Д.Дагвадорж хэний ч төсөөлөөгүй богино хугацаанд Японы мэргэжлийн сумогийн их аварга цолыг хүртэж, сумогийн түүхэнд шинэ шинэ дээд амжилт олныг тогтоосон. Харин одоо тэр эдийн засаг нь хурдацтай өсч буй Монгол Улсын хамгийн баян бизнесмений нэг болжээ. Улаанбаатар хотод байх түүний ажлын өрөө цэлгэр бас тохилог.  Сумогийн их аварга ханан дээрээ аугаа Чингис хааны хөргийг залжээ. Түүнтэй уулзахаар очиход “Air Jordan” сандаал өмссөн Д.Дагвадорж бизнес аяллаас дөнгөж ирээд байв. Тэрбээр гэр бүлийн  компаниа 2003 онд байгуулсан  аж. Түүний компани Монголын Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцааны 56 хувийг эзэмшдэг. Тус банкыг 2006 онд ОХУ-ын  нэгэн хуучин банкны лицензийг худалдаж авсны дараа байгуулжээ. Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгийн олон багцтай Асашёорюү Монголын эртний нийслэл Хархорин дахь “Dream Land Resort”  жуулчны баазыг мөн эзэмшдэг төдийгүй уул уурхайн салбарт нүүрс, газрын ховор металл зэрэг нөөц ихтэй олон ордын лиценз эзэмшдэг аж.

 “Тамирчин хүний зөв совин маань надад Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах боломж байгааг харуулсан ч байж магадгүй” хэмээн  Д.Дагвадорж орчуулагчаараа дамжуулан ярьсан юм. Д.Дагвадорж “Монгол Улс нэг ч хөрөнгө оруулалтыг алдаж болохгүй. Учир нь Монголд хөрөнгө оруулах бүх боломж бий” гэдгийг онцлов. 

Мэргэжлийн сумочин байсан Д.Дагвадоржийн нэг давуу тал  нь  боломжийг алдалгүй шүүрч чаддаг чанар.  Тэрбээр 2005 онд Японд мэргэжлийн сумогийн нэгэн тэмцээний дараа АНУ-ын Нью Йоркт төвтэй Firebird Fund сангийн хөрөнгө оруулагч Жеймс Пассинтай танилцжээ. Харин үүнээс жилийн дараа Пассин Монголд бизнес аялал хийж, 2006 онд анхны хөрөнгө оруулалтаа хийсэн бөгөөд заримыг нь Д.Дагвадоржтой хамтран хийжээ. Пассины “Firebird” гэгч сан нь Монголын Хөрөнгийн Биржийн хамгийн том гадаад хувьцаа эзэмшигч ажээ.  Пассины хувьд Д.Дагвадоржийг үнэлсэн сэтгэгдэл эхний уулзалтаас хойш өөрчлөгдөөгүй гэдэг бөгөөд “Тэр их зөнтэй.  Монголын эдийн засгийн талаарх түүний таамаглалууд дандаа зөв байсан” хэмээн ярьжээ.

Тэд маш хурдан найзууд болжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Д.Дагвадорж Нью Йоркт Пассины 40 насны  төрсөн өдөрт нисч очин, гэнэтийн бэлэг барьсан аж. Пассин энэ тухай “Дагвадорж  манай онцгой зочин байсан.  Төрсөн өдрийн баярт ирсэн хүмүүс одоо хүртэл түүнийг дурсан ярьдаг” хэмээжээ.

Монгол Улс ердөө гурван сая хүн амтай. ДНБ нь сүүлийн арван жилийн хугацаанд зургаа дахин өссөн. 2020 он гэхэд Монгол Улс хүн амын дундах саятны тоогоор дэлхийд эхний тавд бичигдэх боломжтой хэмээн Монголд хөрөнгө оруулагч том “машин”-ы нэг “Mongolia Growth Group”-ын Харрис Купперман ярьж байна. Д.Дагвадоржийн бизнесийн амжилт ч мөн энэ улс орны эдийн засгийн өсөлттэй холбоотой. Гэвч түүнийг хэр баян хүн бэ гэдгийг таамаглахад хэцүү.

Гэхдээ Д.Дагвадорж  хувьцааны бага хувийг нь эзэмшдэг алт, зэсийн уурхайгаас бусад компани нь хөрөнгийн биржид бүртгэлгүй гэнэ. Түүний үл хөдлөх хөрөнгө болон лицензийг нь эзэмшдэг уурхайн нийт хөрөнгийн хэмжээг 50-75 сая ам.доллартай тэнцэхээр ажээ.

1991 онд Монголд 67 жил оршин тогтносон коммунизм нуран унахад Д.Дагвадорж дөнгөж 11 настай байжээ.  Тэр үед Асашёорюүгийн гэр бүлийнхэн Улаанбаатар хотод олуулаа амьдардаг байв. Түүний өсвөр нас энэ улсын түүхийн хамгийн ядуу тарчиг үеийг туулсан бөгөөд дэлгүүрийн лангуу хоосорч, талх картаар олгож байсан аж. Түүний аав нь жолооч. Бас сайн бөх. Аав нь төдийгүй хоёр ах нь бас бөхийн барилдаанаар хичээллэдэг байв. Асашёорюүгийн ах Д.Сумъяабазар 2006 онд улсын наадамд түрүүлсэн бөгөөд Үндэсний Хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга аж. 18 настайдаа Японы сумо бөхөөр хичээллэж эхэлсэн Д.Дагвадорж найман сарын дараа анхныхаа тэмцээнд ялалт байгуулснаар “Такасаго” дэмжээний бөх болж, Асашёорюү буюу Өглөөний хөх луу нэр авчээ.  (Түүний япон нэрийг Асашёорюү Акинори  гэдэг)

Д.Дагвадорж бол нэг жилийн хугацаанд мэргэжлийн сумогийн зургаан том тэмцээнд ялалт байгуулж чадсан анхны сумоч. 2010 онд зодог тайлах үедээ Д.Дагвадорж 25 удаа ялалт байгуулчихсан байв. Гэвч 2010 оны нэгдүгээр сард түүнийг 25 дахь ялалтаа байгуулсны дараа Японы шар хэвлэлүүдээр их аваргыг тэмцээний үеэр халамцуу явж харагдсан, мөн рестораны ажилтанд нударганы амт үзүүлсэн тухай мэдээллүүд гарч эхэлжээ. Дээрх хэрэг шүүхээр шийдэгдэж, Д.Дагвадорж болсон явдал хэвлэлүүдээр бичиж байгаагаас огт өөр зүйл хэмээн мэдэгдсэн ч энэ нь түүний зодог тайлах шалтгаан болсон билээ.  Д.Дагвадорж эх орондоо очсоны дараа ч түүнийг шоудаж, зодоон хийж, эхнэрээ салж байгаа тухай мэдээллүүд дагаж байв.

Ажилтнууд нь Асашёорюүг “Гэнэт дүрсхийтэл уурласан ч тэр дорхноо тайвширчихдаг хүн. Магадгүй энэ зан чанар нь түүнийг мэргэжлийн сумод амжилт гаргахад нөлөөлсөн байх.  Түүнтэй хамтарч ажиллах сайхан ” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.  Ажилтнуудынх нь хэлснээр тэр их өгөөмөр, сайхан сэтгэлтэй, улсаа хөгжүүлэх сэтгэл зүрхтэй гэдгийг нь мэдээсэй гэж хүсдэг нэгэн аж.  Д.Дагвадорж загасчилж, гольф тоглодог, хотын төвөөр Мерседес унаж, хөдөө Ланд Круизер машинтай давхих дуртай унадаг жирийн л залуу.

Сайн найз Пассин нь түүнийг нэгэн зэрэг сайн бас муу хүн болж чаддаг  парадокс хэмээн тодорхойлсон юм.  Пассин хэлэхдээ  “Д.Дагвадорж шударга, маш энгийн хүн. Тэр бас омголон, шуурга шиг эрч хүчтэй. Ийм хөдөлгөөнтэй хүний зан чанарыг өөр өөрөөр тайлбарлаж болдог” гэжээ.  Асашёорюү хүүхдүүдэд маш өгөөмөр нэгэн. Тэр одоо эрүүл мэндийн үйлчилгээний стандартыг сайжруулахаар эмнэлэг барих төсөл хэрэгжүүлж байгаа ажээ.  Монголын олимпийн шигшээ багийн  ивээн тэтгэгчдийн нэг “Асашёорюү” сан монгол оюутан залуусыг Японд сурахад нь тэтгэлэг олгохоос гадна англи хэлийг хоёр дахь албан ёсны хэл болгох зорилгоор сургууль, цэцэрлэгүүдэд англи хэл дээр хэвлэсэн ном товхимол хандивладаг аж.  Тус сан нь Токио хотод зохиогдсон Залуу зохион бүтээгчдийн тэмцээнд Электрон жаал хэмээх нэр авсан 15 настай Э.Энхпүрэв хүүгийн тусгай ивээн тэтгэгч аж. Хүү, охин хоёрын аав болсон Д.Дагвадоржоос “Хүүгээ өөртэйгээ адил сумоч болгох уу, эсвэл бизнесээ залгамжлуулах уу”  гэж асуухад “Би хүүхдүүдээ сайн хүн болгож хүмүүжүүлнэ л гэж бодож байна. Бусдыг нь мэдэхгүй” гэж хариулсан юм. 

“Форбс” сэтгүүлээс орчуулсан Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж