Өвөрхангайн иргэдийн байр суурь

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Өвөрхангайн иргэдийн байр суурь

УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрогт хууль зөрчсөн асуудлаар шүүх болон СЕХ шийдвэрээ эцэслэсэн. Гэвч МАН гүрийнэ гэдгээ мэдэгдэж буй. Эл асуудлаар Өвөрхангай аймгийн иргэд байр сууриа ийн илэрхийлсээр байна.

Т.Баатар: МАН-ынхан нэр дэвшигчдийнхээ хууль зөрчсөн тухай ам нээхгүй юм

-Сонгуулийн үеэр Өвөрхангай аймагт яг юу болсон юм бэ. Хууль зөрчсөн, зөрчөөгүй гэдэг маргаан жагсаал цуглаан, чуулганы хурлыг гацаах зэрэг хэлбэрээр үргэлжилж байна. Өвөрхангайчууд тэр үед ямар сонголт хийсэн юм бол?

-Өвөрхангайчууд бухимдаж байна. Сонгуулийн үеэр МАН-ын нэр дэвшигчид мөнгө, эд зүйл тарааж, сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхдүүд ажиллуулсан нь нэгэнт баримтаар нотлогдсон. Тухайн үедээ энэ зөрчлийг аймгийн тойргийн хороо тогтоосон баримт ч байдаг юм билээ. Гэтэл асуудал хуулийн хүрээнд шийдэгдэх нь бүү хэл даамжирсаар сонгогчдын сонголтод нөлөөлөхөд хүрсэн учраас өнөөдөр ийм асуудал дэгдээд байна гэж ойлгож байгаа. МАН-ын нэр дэвшигчид хууль зөрчсөн үү, зөрчсөн. Түүнийг нь шүүх тогтоосон уу, тогтоосон. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрээ гаргалаа. Харин МАН яагаад ингэж улайрч дайраад байгааг ойлгохгүй юм.

Бид тэнэг биш. Асуудлыг өөрсдөө тунгааж, дүгнэлтээ хийж байна. Хууль зөрчсөн хүн өвөрхангайчуудыг төрд төлөөлөха ёсгүй. Хэрэв АН-ын нэр дэвшигчид хууль зөрчөөд ялчихсан бол ялгаагүй бид эсэргүүцнэ. Ардчилсан нам, Ардын намдаа асуудал байгаа юм биш. Сонгогчдоо хүндэтгэж хуулиа хэрэгжүүлэх л ёстой.

-МАН өвөрхангайчуудыг бүгдийг нь нийслэлд авчирч жагсаах гээд байгаа юм биш үү. Олон нийтийн хандлага ямар байгаа юм бэ?

-Сая хотод жагсаал болж байхыг зурагтаар үзлээ. Өвөрхангай аймгийн иргэд бүгдээрээ очсон юм шиг л яриад байсан. Тийм биш. Тэр жагсаалд оролцож байгаа хүмүүс нүүрээ нуучихсан, дээр нь ярилцлага өгч байгаа заримыг нь нутгийн бид лав танихгүй юм билээ. Тэгээд ч өвөрхангайчууд АН-ыг дэмжиж байгаа. Хууль бол хууль, баталсан хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг хандлага хүчтэй байгаа. МАН-ынхан саналын тооны зөрүүг чухалчлаад байх шиг. Тэгсэн хэрнээ нэр дэвшигчид нь хууль зөрчсөн талаар ам нээхгүй байх юм. Ард түмний бухимдаж байгаа гол шалтгаан нь хуулиа хэрэгжүүлэхгүй, сонгогчдыг хүндэтгэхгүй байна гэдэг асуудал юм шүү. Ардын намынхан тэнд худлаа ярих биш орон нутагт иргэд ямар бодолтой байгааг мэдэрч байж алхам хиймээр юм.

-Асуудал яаж шийдэгдэх бол?

-Монголчууд хуультай төртэй улсад амьдарч байгаа биз дээ. Тиймээс Монголын төр энэ асуудлыг хуулийн хүрээнд шударга шийднэ гэж итгэж байна. Хууль зөрчдөг хүнийг хууль тогтоогч болгох эсэхийг харж л байя. Энэ төр шинэчлэлийн тухай ярьж байгаа. Үнэхээр шинэчлэх гэж байгаа бол хуулийг гууль болгодог байдлыг, сонгогчдын саналыг эд мөнгөөр үнэлдэг байдлыг өөрчлөх ёстой. Тэр цаг ирсэн гэж хүлээж байгаа.  

Д.Лхагвасүрэн: МАН өвөрхангайчуудын нэрийг барьж хуулийн дээр гишгэж болохгүй

-Өвөрхангай аймагт сонгуулийн үеэр МАН-ын нэр дэвшигчид хууль зөрчсөн асуудал өнөө хэр эцэслэгдээгүй байна. Та энэ үйл явдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Сонгуулийн үеэр Өвөрхангай аймагт хууль зөрчсөн олон үйлдэл гарсан. Жирийн иргэд ч энэ талаар гомдол гаргаж байсан, тухайн үед. Харин өнөөдөр төрийн ажил гацахад хүрлээ. Хуулийн дагуу шийдсэн асуудлыг Ардын намынхан зориуд эсэргүүцэж байгааг хөдөөгийн ард түмэн гайхаж байгаа. АН-ын хоёр нэр дэвшигчийг тангараг өргүүлэхийг өвөрхангайчууд нийтээрээ эсэргүүцэж байгаа мэтээр л яриад байх юм. Ингэж худлаа мэдээлэл өгч, буруу ойлголт тараах гээд байгаа нь утгагүй. Өвөрхангай аймгийн иргэдийн хувьд асуудлыг хуульд зааснаар л шийдэх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Хэрэв энэ удаа хуулийг хэрэгжүүлэхгүй бол ард түмний төрд итгэх итгэл алдрах нь мэдээж.

Тиймээс өвөрхангайчуудын нэрийг барьж хуулийн дээгүүр битгий харайгаасай л хүсч байна даа.

Богд сумын иргэн П.Чимэддорж: Ардын намынхны үйлдэл их л муухай харагдаж байна

-Өвөрхангай аймгийн сонгуулийн маргааны тухайд ямар бодолтой явна вэ. Ардын намынхны хийж буй үйлдлийг хэрхэн хүлээж авч байна?

-МАН Өвөрхангай аймгийн хоёр суудлыг авахын тулд юу ч хийхээс буцахгүй гэж шийдсэн бололтой. Гэхдээ хууль хаана байна. Хэрэв хэрэгжүүлэхгүй байсан юм бол яах гэж баталсан юм бэ гэж асуумаар байна. Ах нь Сайн малчин хүн. Шударгаар хөдөлмөрлөж, хуулиа дээдэлж ирсэн жирийн иргэн. Хүн бүр л хуулийн өмнө тэгш эрхтэй гэж боддог. Энэ ч учраас анхнаасаа хууль зөрчиж, хуурамч бичиг баримтаар сонгогчдоо хуурсан МАН-ын нөхдөд итгэж, намайг төрд төлөөл гэж хэлж чадахгүй. Уг нь манай нутгийн л хүүхдүүд юм билээ. Одоо боль, ичээч гэж хэлмээр байна, Төмөрхүү, Чинзориг хоёрт. Тийм л сүрхий байсан юм бол хуулиа мөрдөөд шударга өрсөлдөхгүй яасан юм.

АН-ын хоёр нэр дэвшигч хуулиа мөрдөж ажилласан. Хууль тогтоох байгууллагад ажиллаж, цөөнгүй жил төр түшилцсэн туршлагатай учраас хуулиа дээдэлж өрсөлдсөн. Тойрогтоо ч их зүйл хийж бүтээсэн улс. Гэтэл МАН-ын нэр дэвшигчид баахан мөнгө тараагаад сонголтыг будлиулчихлаа. Тэгсэн мөртлөө одоо эсэргүүцээд, дахиад л хууль зөрчих гэж дайраад байх юм. Ичих хэрэгтэй.

Өвөрхангайчууд та нарын өмнөөс ичиж байна. Улаанбаатарт очсон хэдхэн хүнийг нийт өвөрхангайчуудын төлөөлөл гэж ярихаа болихыг шаардаж байна. МАН-ын хэдэн гишүүн Өвөрхангай аймгийн нийт иргэдийг төлөөлж чадахгүй. Төрийн ажлыг гацааж, хууль зөрчиж байгаа Ардын намынхны үйлдэл жирийн малчин надад их л муухай харагдаж байна даа.

н.Одсүрэн: Ардын нам хуулиа дээдлэх байх

-Улстөрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Та юу хэлэх вэ. Өвөрхангайн сонгуулийн асуудлыг яаж шийдэх ёстой вэ?

-Монголчууд “Хүн тэнгэрийн дор төрж хуулийн дор амьдардаг” гэж ярьдаг. Сонгогчдод мөнгө, эд бараа тараахыг хориглоно гээд хууль баталсан л бол хэрэгжүүлэх ёстой биз дээ. Хууль зөрчсөн хүмүүс 100 хувийн санал авсан байлаа ч их хурлын гишүүн болох эрхгүй. Бод л доо, хууль зөрчсөн хүн ямар хууль баталж, сонгогчдынхоо төлөө ажиллах юм. Их хуралд орчихоод л хууль зөрчөөд явна шүү дээ.

МАН-ынхан сонгуулийн үеэр архи, мөнгө тараасан, сурталчилгаандаа хүүхэд оролцуулсан. Тэгсэн хэрнээ одоо ингэж авирлаж их л үлгэргүй байдал харуулж байна даа. Шүүх, сонгуулийн төв байгууллага шийдвэрээ гаргачихаад байхад эсэргүүцэх нь буруу. Ер нь  ганц улстөрийн нам бүх хуулиас дээгүүр юм шиг аашлаад байгааг ард түмэн буруу гэж дүгнэж байгаа. Айл хотлоороо ярьж байна. Ардын нам хуулиа дээдлэх ёстой гэж ард түмэн харж хүлээж байна.

С.Дэмчиг: Хууль зөрчсөн нь сургамж аваад үлдэх ёстой

-Өвөрхангайн сонгуулийн маргаан улстөрд гацаа үүсгэчихлээ. Энэ талаар иргэн хүний хувьд юу гэж бодож байна вэ?

-МАН-ын нэр дэвшигчид анхнаасаа л хууль зөрчсөн, тэрийг нь хуулийн байгууллага тогтоосон байна лээ. Тэгэхээр хуулиа л барьж асуудлыг шийдэх ёстой. Шүүх, Сонгуулийн ерөнхий хорооны эцсийн шийдвэр гарсан байсан. Энэ дагуу л явах байх гэж харж байгаа. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг. Хуулиа мөрдөж өрсөлдсөн нь тангараг өргөж, хууль зөрчсөн нь сургамж аваад үлдэх учиртай.

Ардын намынхан харин жагсаал хийж эсэргүүцээд байгааг ойлгохгүй юм. Жагсаал цуглаанаар асуудлыг шийдэхгүй. Хэрэв дараа нь ингэх байсан юм бол хуулиа сахихгүй яасан юм бол доо.  

Ц.Ёндон: МАН ингээд байвал харин өвөрхангайчууд үгээ хэлнэ

-Сонгуулийн үеэр Ардын намын нэр дэвшигчид хууль зөрчсөнийг шат шатны байгууллага тогтоож шийдвэрээ гаргалаа. Гэхдээ МАН эсэргүүцэж байна. Өвөрхангайчууд энэ үйл явдлыг хэрхэн дүгнэж байгаа бол?

-Сонгуулийн маргаан даамжирсан нь олон зүйлтэй холбоотой. Хэрэв МАН-ын нэр дэвшигчдийн хууль зөрчсөн асуудлыг тойргийн хороо тухай бүрт нь шийдсэн бол ийм байдалд хүрэхгүй. Ардын намынхан сонгуулийн үеэр хууль зөрчсөн. Ардчилсан намынхан бол хууль зөрчөөгүй. Гэтэл яагаад МАН жагсаал цуглаан хийгээд, дайраад байгаа юм. Хууль зөрчсөн нөхдүүд өвөрхангайчуудыг төрд төлөөлөхгүй. Бас Улаанбаатарт очсон хэдхэн хүн Өвөрхангайн иргэдийг төлөөлөхгүй.

Ардын намынхан сонгогчдыг хүндэтгэхгүй байна. Хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл, МАН-ынхан хуулийг гууль болгосоор байвал өвөрхангайчууд харин үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж