Украйны экс-Ерөнхийлөгчийн бие хамгаалагч баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Украйны экс-Ерөнхийлөгчийн бие хамгаалагч баривчлагджээ

Украйны Ерөнхийлөгч асан Леонид Кучмагийн бие хамгаалагч Микола Мельниченког өчигдөр буюу 24-ний өдөр Нью-Йоркоос Киев хотын нисэх онгоцны буудалд ирэх үед нь баривчилсан байна. Түүнийг арав гаруй жилийн өмнө хөнөөгдсөн сэтгүүлч Георгий Гонгадзегийн хүн амины хэргийн нотлох баримттай холбоотой асуудлаар ийнхүү баривчилжээ.

Украйны албаныхан Микола Мельниченког амь үрэгдсэн сэтгүүлчийг хулгайлж, амийг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй  экс-Ерөнхийлөгчийн яриаг нууцаар бичсэн дуу хураагуурыг өгөхийг шаардаж байгаа аж. Түүнчлэн албаныхан Микола Мельниченкод экс-Ерөнхийлөгчөөс гадна Украйны олон дээд албан тушаалтантай холбоотой гэмт хэргийн талаарх нууц бичлэг байгаа гэж сэжиглэжээ. Түүнийг өнгөрсөн оны есдүгээр сараас хойш эрэн сурвалжилж байсан юм. Украйны прокуророос экс-Ерөнхийлөгч Леонид Кучмаг сэтгүүлч агсан Георгий Гонгадзегийн аллагын хэрэгт сэжиглэж, өнгөрсөн оны гуравдугаар сард баривчлан, эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Украйны сэтгүүлч агсан Георгий Гонгадзе нь Ukrainska Pravda (Украйны үнэн) вэбсайтыг үндэслэгч бөгөөд экс-Ерөнхийлөгчийг хүчтэй эсэргүүцэгчдийн нэг байсан юм. Тэрбээр 2000 оны есдүгээр сард ор сураггүй болсон ба үүнээс сарын дараа нийслэл хотын ойролцоогоос түүний цогцсыг олсон байна. Үүний дараа экс-Ерөнхийлөгч Леонид Кучмаг эсэргүүцэгчид түүнийг сэтгүүлчийн үхэлд буруутгаж,  бие хамгаалагч Микола Мельниченкод экс-Ерөнхийлөгчийн энэ хэргийг захиалж буй талаарх яриаг бичсэн нууц бичлэг байгаа гэцгээж байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж