“Рио Тинто” гэрээнд өөрчлөлт оруулахаас татгалзаж буйгаа илэрхийлсэн гэж гадаадын хэвлэлүүд мэдээлж байгаа. Татгалзах шалтгаанаа гэрээний 15-ын 28 хэсэгт зааснаар “Хүчин төгөлдөр болсон хөрөнгө оруулалтын энэ гэрээ 2009 оны долдугаар сарын 9-д баталсан УИХ-ын 57-р тогтоолын биелэлттэй нийцэж байгааг Засгийн газар нотлов гэж бичсэн байгаа учраас өөрчлөлт оруулах шаардлагагүй” гэж тайлбарласан байна.
Уул уурхайн яамны сайд Д.Ганхуяг энэ талаар “Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага зайлшгүй бий, анхны хөрөнгө оруулалтыг 4,7 тэрбум ам.доллараар баталсан ч компани хөрөнгө оруулалтаа 7 тэрбум давсан гэж мэдээлж байна. Үүнээс аль нь анхны хөрөнгө оруулалт болохыг тодруулах шаардлага бий болсон. Мөн хөрөнгө оруулагч талаас далд уурхайн бүтээн байгуулалтад гурван тэрбум гаруй ам.доллар зарцуулсан зэргээр хөрөнгө оруулалтын зардал өссөн. Зардал нэмэгдвэл орлого буурна, улсын төсөвт орох ашиг багасна. Хамгийн гол нь Монголын талын эзэмших 34 хувийн зээлийн хэмжээ нэмэгдэх учраас тодорхой болгох шаардлага байгаа” гэж хэлсэн юм.
"Хэрвээ “Рио Тинто” цаашид гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтээс татгалзсаар байвал Уул уурхайн яам ямар алхам хийх бол?" гэсэн news.mn-ийн асуултад Уул уурхайн сайд “Монголын тал гэрээнд гарцаагүй өөрчлөлт оруулахгүй бол болохгүй гэдгийг ойлгуултал ажиллах болно” гэж хариуллаа.