Хоёр нэр дэвшигчийг дэнслэхүй

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Хоёр нэр дэвшигчийг дэнслэхүй

Захиргааны хэргийн шүүх өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойргийн үр дүнтэй холбоотой маргааныг хэлэлцэхээр товлосон байв. Өнгөрсөн долоо хоногт товлоод байсан шүүх хурлыг хойшлуулсны дараахан нэхэмжлэгч Л.Эрхэмбаяр УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Зам тээврийн сайд А.Гансүх нарыг шүүх хуралд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан.

Гэвч гэрчүүд ирсэнгүй. Ухамсартай, хуулиа мэддэг хүмүүсийн хувьд сонгуулийн маргаанд аль нэг талыг гэрчлэн оролцохыг юунд хүсэх билээ. Ямар хийх ажил нь мундсан биш. Харин өчигдөр товлоод байсан шүүх хурал мөн л хойшлов. Одоо хэнийг гэрчээр дуудах бол оо. Арай Ерөнхийлөгчийг дуудаж баллах юм биш байгаа. Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын хувьд зөвхөн тойрог хэмээх тэр явцуу хүрээнд бус Монгол Улсын төлөө хэн нь юу хийж байгааг том зургаар нь харж сонголтоо хийх хангалттай мэдлэг, мэдээлэлтэй байгаа нь лавтай.

 Сайн бөгөөд шинэ мэдээ дуулгахад нэр дэвшигч Л.Эрхэмбаярын олон жилийн хөдөлмөр шингэсэн “Түмэн шувуут” нэртэй компани саяхан НҮБ-аас шилдэг фермерийн шагнал авсан гэнэ. Тайландын вант улсын гүнж Ази, Номхон далайн орнуудаас дөрвөн аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж 25 мянган тайланд батын шагнал олгожээ. Ямартай ч түүний хувийн бизнес амжилттай яваа аж. Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга гэх нэр хүндтэй албыг хашдаг. Тойргийнх нь сонгогчид түүнээс нэг л зүйлийг хүлээсээр байгаа. Энэ нь сонгуулийн үеэр эдүгээгийн Ерөнхий сайд АН-ын дарга Н.Алтанхуяг,  Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга Л.Эрхэмбаяр, нэр дэвшигч Кёкүшюзан Д.Батбаяр нар хамтран 50 мянган хүнийг Японд ажиллуулах амлалт юм. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуяг ийм амлалт сонгогчдын цөсийг хөөргөж хайрыг татаж санал авчирна гэдгийг мэдэрч санаачилга гаргасан. Кёкүшюзан Д.Батбаяр хэрэгжүүлэгч болж харагдсан ч одоо хэр нь амлалтаа биелүүлээгүй. Гэвч тэр хоёр тухайн үед УИХ-ын гишүүнээр сонгогдож чадсан. Харин азгүй Л.Эрхэмбаяр ухуулан сурталчлах, тархи угаах бүх ажлыг хийсэн ч сонгогдож чадаагүй юм. Японд ажиллаж амьдралаа дээшлүүлнэ гэдэг жирийн иргэний хувьд мөрөөдөл төдийгүй хувь хүний амьдрал ахуйтай холбоотой чухал асуудал учраас тэдэнд итгэсэн сонгогчид өнөөдрийг хүртэл гомдолтой явдаг юм билээ. Ямартай ч тэд сонгогчдыг хуурахдаа баг болж чадсан ч хариуцлагаа хүлээхдээ түүн шигээ байж чадаагүй.Эдүгээ “шаварт унасан шарын эзэн” Л.Эрхэмбаяр нүүрээ улайлгаж, аргаа барахын эрхэнд бурууг Д.Сумъяабазарт наах гэж ч үзээд буй. Гэвч сонгогчид аль намын хэн амлаж байсныг мартахаар тэнэгүүд биш шүү дээ.

Харин түүнтэй дахин санал хураалтад оролцохоор тунаж үлдсэн Д.Сумъяабазар Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн даргаар ажилладаг. Тус банк нийслэлд болон Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймаг салбар нэгжүүдээ байгуулан хөрөнгө оруулалтын урт хугацаатай, хямд эх үүсвэр татаж гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх чиглэлээр ажилладаг. Мөн хувьцаанд хөрвөх хүүт хадгаламж, үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийх, гадаадын харилцагчдад санхүүгийн болон хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм билээ. Д.Сумъяабазарыг УИХ-д нэр дэвшсэний дараа улс төрийн зорилгоор хувь хүний болон бизнесийн нэр хүндэд нь удаа дараа халдсан ч тэрбээр тэвчээр зааж байсан ч тэдний ор үндэслэлгүй гүтгэх нь даамжирч  гадны харилцагчдынх нь итгэлийг эвдэхэд хүрсэн тул нэгэнтээ хэвлэлийн бага хурал зарлаж чухам үнэнийг тайлбарлаж байсан удаатай. Тэр ч байтугай “Бөх хүн улс төрч болж чадахгүй. Хол байх ёстой”  гэхчлэн ардчилал, хүний эрхэнд харшлах арга ядсан пиарыг хийх нь ч бий. Гэвч Д.Сумъяабазар Монгол Улсын аварга цолтой бөх гэдгээсээ хэзээ ч ичиж байсангүй. Яагаад гэвэл тэр монгол хүн. Монгол эр хүн бөх барилдахаасаа ичдэггүй. УИХ-д нэр дэвшихээс ч эмээдэггүй. Аль ч талаараа тэрбээр монгол ёс заншил, соёл уламжлалаа дээдлэхийн зэрэгцээ улс орны эрх ашгийн төлөө хэнтэй ч “барилдахад” бэлэн байдаг. Дээр нь өнөөдрийг хүртэл хэлсэндээ хүрч,  эхэлснээ гүйцээх төрөлх чанараа тамирчин хүний тууштай, зоригтой, тэмцэгч олдмол чанартай уяж хүмүүжиж ирсэн учраас явсан зам, мөр нь цагаан байдаг болохоор хэнээс ч, юунаас ч айх билээ.

Энэ бүхнээс Сонгинохайрханы сонгогчид хэдийнэ сонголтоо хийсэн боловч тэр нь эд мөрийн баримт болон хувирч эдүгээ нэгэн шүүгчийн ширээн дээр хэвтэж буй. Тэр ч байтугай шүүх хуралдааныг даргалж “Л.Эрхэмбаярт холбогдох хэсгийг түдгэлзүүлсүгэй” гэсэн этгээд гажиг шийдвэр гаргасан Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Ц.Цогт нэр дэвшигч Л.Эрхэмбаяртай төрөл садны холбоотой гэх зэрэг мэдээллээс харахад сонгуульд итгэхэд хэцүү болжээ. Нөхцөл байдлыг харахад УИХ-ын гишүүд нэгэн тойргийн маргаанаас болоод төрийн ордныг гороолон жагсаж, ажил хаяж энэ бүхнийг зөвхөн шүүх л шийднэ гэх. Магадгүй Сонгинохайрханчууд сонголтоо хийсэн ч Өвөрхангайн сонгогчдын нэгэн адил улстөржсөн шүүхийн шийдвэрийг хүссэн ч, эс хүссэн ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн бололтой. Одоо сүүлчийн найдвар нь ердөө л Монгол Улсын Ерөнхийлөгч болоод байна. Хэрэв Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмний талд зогсож чадвал Сонгуулийн тухай хуулийн дагуу дахин санал хураалт явуулах л хамгийн зөв зүйтэй арга зам билээ. Харин Ерөнхийлөгч шүүхэд нөлөөтэй учраас Ерөнхийлөгчийн зөвлөх л Захиргааны хэргийн шүүх дээр зөвдөх ёстой бол Монголд үнэн гэгч алга.

Б.АЛТАНХУНДАГА
/Төлбөртэй нийтлэв/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж