Л.Болд проф. К.Швабтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Л.Болд проф. К.Швабтай уулзлаа

Гадаад харилцааны сайд Л.Болд Швецарийн Холбооны Улсад хийж байгаа ажлын айлчлалынхаа хүрээнд “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт” байгууллагын дарга проф. К.Швабтай энэ сарын 24-ний өдөр Женев хотноо уулзлаа.
Уулзалтын үеэр сайд Л.Болд Монгол Улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулж, дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагатай идэвхитэй ажиллаж байгаа уул уурхай, авилгын эсрэг санаачлага, байгаль орчин, усны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын үйл ажиллагаанд манай улсын оролцоо нэмэгдэж, арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцож байгаад, түүнчлэн Дэлхийн залуу удирдагчид, Дэлхийг бүтээгчдийн нэгдэл зэрэг санаачлагад Монгол залуус нэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа сайд Л.Болд дурдаад, хоёр талын хамтын ажиллагааг бататган, шинэ чиглэлээр өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Талууд манай улсын үндэсний компаниудыг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын “үйлдвэрлэлийн түнш” гишүүнээр элсүүлэх, “Дэлхийн эдийн засгийн Улаанбаатарын уулзалт” арга хэмжээг 2013 онд зохион байгуулах, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлох харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар тохиролцов. Проф. К.Шваб Дэлхийн эдийн засгийн 2013 оны чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бизнесийн төлөөлөгчдийн хамт оролцож, дэлхийн улс төр, бизнесийн удирдагчидтай санал бодлоо солилцон, өөрийн орны туршлагаас хуваалцаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сайд Л.Болдыг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагад зочлох үеэр тус байгууллагын Уул уурхай, төмөрлөгийн багийн ахлагч Майкл Тост, Авилгын эсрэг түншлэлийн санаачлагын төслийн менежер Жоел Фернандес, Эрдэс баялгийн хөгжлийн санаачлагын төслийн менежер Мартин Хейден нар үйл ажиллагааныхаа талаар ажлын зөвлөгөөн хийв. Манай талаас тус байгууллагын Авилгын эсрэг түншлэлийн санаачлагын хүрээнд жилд зохион байгуулагддаг уулзалтыг Монголд зохион байгуулах талаар санал солилцов.
Сайд Л.Болд проф. К.Швабд Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлах урилгатайг дахин нотлолоо гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж