
Г.Галбадрах нь Вашингтон ДС хотод чулууны үйлдвэрт 7 дахь жилдээ ажиллаж байна. Хүний нутагт хүнд хүчир ажлынхаа хажуугаар нийгмийн сэтгэл зүйг эрүүлжүүлж, хүүхэд залуусыг зөв үлгэр дууриаллаар хүмүүжүүлэхийг эрмэлзэн, бичиж туурвисаар ирсэн түүний анхны бүтээл нь америкт очоод төрсөн бодол эргэцүүлэл, дурсамжуудаас бүрдсэн “Үнэ цэн” ном байлаа. Тэрээр хааяахан олдох амралтын өдрөөрөө өөртөө амсхийх ч завдал өгөлгүй, Америкийн хотуудаар хэрэн аялж, эрэлд гарна. “Эрлийн үзүүрт шар тос” гэж монголчууд бид ярьдаг. Г.Галбадрахын эрэл нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сургуулиудад амжилттай суралцаж, төгссөн хойноо мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллан, монгол хүний чадамжийг үнэлүүлж, нэр төртэй яваа залуус байлаа. Тэр сүүлийн 1 жил, 8 сарын хугацаанд 35 чадварлаг монгол залууг хайн олж, ятгаж сэнхрүүлэн байж, амжилтын түүх, хүсэл тэмүүлэл, дотоод ертөнцийг нь уудлан, илэн далангүй ярилцлага өрнүүлснээ “Монголчууд Америкт” ном болгон уншигчдадаа өргөн барьж байна.
Нийтлэлч Г.Галбадрах энэхүү номынхоо тухай “Би энэ бүхнийг эхлэхдээ 1-рт, залууст хандан “Өмнөө зорилго тавин түүнийхээ төлөө зүтгэж чадвал заавал амжилтанд хүрнэ. Дэлхий ертөнц чиний өмнө нээлттэй болжээ. Үлгэр жишээ авч болохуйц энэ хүмүсийг хар даа” гэж хэлэхийг хүссэн юм. 2-рт, монголын төрд хандан “Өөрийн хичээл зүтгэлээр дэлхийн хэмжээнд үнэлэгдэж буй эдгээр залуус монголын хөгжилд хэрэгтэй шүү” гэж хэлэхийг хүссэн. 3-рт, эгэл жирийн монголчууддаа хандан “Монголчууд бид энэ дэлхий ертөнц рүү хөл тавиад ердөө 20 жил болж байгаа ч үнэхээр мундаг байна. Хүсвэл та ч бас мундаг байж чадна” гэж урам өгөхийг хүссэн юм” хэмээн өгүүлсэн билээ.
“Монголчууд америкт” номын нээлтэнд зохиогчийн номын нөхөд болох зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд, МЗЭ-ийн яруу найргийн Үндэсний зөвлийн гишүүн Дарь.Сүхбаатар, МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй утга зохиол, сэтгүүл зүйн салбарынхан олноороо хүрэлцэн ирсэн байлаа. Мөн уг номын баатрууд болох www.orloo.info.com сайтын эзэн Б.Тайван, түүний гэргий А.Ариунаа, “Сант” сургуулийн захирал З.Энхмөнх нар уригдан ирсэн бөгөөд тэдэнд номын дээжийг Өргөмжлөлийн хамт зохиогчийн хүү Г.Гантулга гардуулж өгсөн юм.
Уртын дуу, морин хуурын татлаганд уран бичээч Г.Ням-Очир зохиогчийн нэрийг монгол бичгээр гоёмсгоор бичиж эхэлсэн энэхүү баярын үеэр Г.Галбадрахын шавь МУГЖ У.Далантай, ач охин Г.Гоомарал нар хурсан олонд ая дууны мэндчилгээ өргөн барьсан бол зохиогчийн “Зүүд шиг амьдрал” дууг СУИС-ийн оюутан, залуу дуучин н.Пүрэвцог амилуулан хүргэсэн нь бас нэгэн сюрприз байлаа.
Дашрамд сонирхуулахад, дэлхийн 80 гаруй оронд 200 мянга орчим монгол иргэд их, бага хугацаагаар оршин амьдарч, суралцаж, хөдөлмөрлөж байгаа гэсэн мэдээлэл байдаг. Тэдний дундаас эх орондоо оруулж буй оюуны болон биет хөрөнгө оруулалт, хамтын үйл ажиллагааны цар хүрээ, тухайн улс орондоо эх орноо сурталчлан таниулж буй байдал, амжилт бүтээлээрээ америкт байгаа монголчууд тэргүүлдэг гэж хэлж болно. Тэдгээр шилдэг залуусын цөөн хэд нь “Монголчууд Америкт” номын баатрууд юм.
Хүний сайныг хайсан Г.Галбадрахын эрэл одоо ч үргэлжилсээр байгаа. Дараагийн бүтээлүүд нь ном бас кино болон уншигч, үзэгчдийн хүртээл болох цаг удахгүй биз ээ. Зүгээр л бие биенээрээ бахархаж, өөдрөг сайхан бүхнийг чин сэтгэлээсээ дэмжиж, хамтдаа хөгжицгөөе, Монголчууд аа.