Кейп Верд Африкийн цомыг нээнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Кейп Верд Африкийн цомыг нээнэ

Тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож байгаа, хөлбөмбөгийн амжилтаараа даруухан Кейп Вердийн шигшээ баг тэмцээнийг зохион байгуулагч Өмнөд Африкийн багтай таарснаар Африкын цомын тэмцээнийг нээхээр боллоо. Тэд хоорондоо нэгдүгээр сарын 19-нд Йоханнесбургын цэнгэлдэх хүрээлэнд тоглох юм.
 
Ердөө хагас сая гаруйхан хүн амтай арал улс болох Кейп Верд сонгон шалгаруулалтын тэмцээнд Камеруны шигшээ багыг ялж итгэмээргүй амжилт үзүүлсэн бөгөөд Морокко, Ангол улстай африкын цомын нэг хэсэгт багтжээ. Тэмцээний сугалааг өнгөрөгч лхагва гаригт Дурбан хотод явуулсан бөгөөд зохион байгуулагч орон үүнд таатай хандаж байгаа аж. “Бид хаа очиж их гайгүй сугалаа татлаа. Тиймээс бидэнд өндөр амжилт гаргах боломж бий” гэж Өмнөд Африкын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Гордон Игесунд ярьжээ.

Харин Африкын цомын хамгийн сонирхолтой хэсгээр “D” хэсэг тодроод байна. Уг хэсэгт Зааны ясан эрэг, Тунис, Алжир, Того гэсэн улсууд багтаад байгаа. Бүгд дэлхийн аваргад оролцож чамгүй амжилт үзүүлж байсан улсууд учраас гал гарсан тоглолт болно гэдэгт мэргэжилтнүүд төдийгүй спорт сонирхогчид итгэлтэй байгаа аж. “Бид маш чанга хэсэгт багтчихлаа. Ямар ч байсан бид байдаг бүхнээ үзүүлэх болно” гэж Зааны ясан эргийн Франц дасгалжуулагч Сабри Ламучи ярьжээ. Тунисчууд 2004 онд болсон Африкын цомын тэмцээнд түрүүлж байсан туршлагатай улс юм. Харин Тогогийн шигшээ баг 2010 оны Африкын цомыг буутай этгээдийн халдлагад өртсөний улмаас өнжиж байсан билээ. Того улсын шигшээ багийн хоёр тамирчин энэ халдлагаас болоод нас барсан юм.
 
Бусад хэсгийг сонирхуулвал “B” хэсэгт Нигер, Конго, Гана, Мали багууд багтсан бол “С” хэсэгт Замби, Нигери, Буркино Фасо, Этиоп гэсэн улсууд багтжээ. Тэмцээнийг зохион байгуулагч Өмнөд Африкын бүгд найрамдах улс түүхэндээ хоёр дахь удаагаа “хар тив”-ийн хамгийн том тэмцээнийг хүлээн авч байгаа нь энэ юм.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж