Сургуулийн автобусыг НӨАТ-аас чөлөөлөх төслийг унагалаа

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Сургуулийн автобусыг НӨАТ-аас чөлөөлөх төслийг унагалаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг тээвэрлэх зориулалттай тусгай тоноглолтой автобусыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч олонхи гишүүн төслийг дэмжих боломжгүй хэмээн үзэж унагалаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нар дээрх зориулалтаар импортоор оруулж ирэх автобусыг Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төсөл санаачилсан юм байна. Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 200 гаруй дунд сургууль байдаг. Захын гэр хорооллын сурагчид хотын төв рүү сургуульдаа хүрэхийн тулд олон саад бэрхшээлийг туулж байгаа тул сурагчдыг тусгай автобустай болгоход энэхүү хуулийн төслийн зорилго оршжээ. Гэвч хэлэлцүүлгийн шатанд олон гишүүн “Хуулийн төслийн санаа нь зөв ч хэрэгжүүлэх шатанд олон сөрөг үр дагавар дагуулж болзошгүй” хэмээн үзлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гадаадаас автобус оруулж ирлээ гэхэд зориулалтаар нь ашиглаж байгаа эсэхэд хэн хяналт тавихаас эхлээд асуудал үүсч буйг санууллаа. УИХ-аас өнгөрсөн хугацаанд татвараас чөлөөлөх олон шийдвэрийг гаргаж байсан ч нэг хэсэг нь түүнийг нь өөрсөддөө хэт ашигтай байдлаар эргүүлж зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр тоног төхөөрөмж, унаа унш шахаж, хөрөнгөө зузаатгах зэргээр ашиг олж ирсэн тухай хөндсөн бол УИХ-ын гишүүн Б.Болор “Татвараас чөлөөлөх нь буруу. Төр татвараа авдаг зарчмаасаа ухарч болохгүй. Хавтгайрсан юм болж хувирна” гэсэн юм. Тэгвэл Сангийн сайд Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нар “Автобус оруулж ирлээ гэхэд гарах урсгал зардлыг нь хэн даахаас эхлээд олон асуулт бийг санууллаа. Сургууль автобусны жолоочийг цалинжууллаа гэхэд эвдрэл гэмтэл гарахад ямар замаар засах хөрөнгийг гаргах. Өвөл болоход амины ганц машинаа дулаан гражид адгуулах гэж зөндөө асуудал үүсдэг, сургуулийн автобусыг хаана оруулах вэ. Сургууль бүр хажуудаа авто машины гражтай болох юм уу, ингэе гэхэд сагсны шийд барих газаргүй сургууль олон байхад машины граж барих талбай олдох уу. Нөгөө талаас сурагчид мөнгө төлж автобусандаа суух уу, эсвэл улсаас даах уу гээд олон тодорхойгүй асуудал  гарч ирж байгаа тул энэ бүхнийг маш тодорхой болгож цогц төсөл оруулж ирэх ёстой гэж байлаа. Гэхдээ ерөнхий боловсролын дунд сургуульд суралцаж байгаа бага ангийн сурагчдыг тусдаа автобустай болгох зүй ёсны шаардлага бийг бас санууллаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж