Үнэт цаас гаргах, арилжаалах журмыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Үнэт цаас гаргах, арилжаалах журмыг баталлаа

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Сангийн дэд сайд С.Пүрэв нар
Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/ гаргах арилжаалах журмыг баталж гарын
үсэг зурлаа. Засгийн газрын үнэт цаас гаргах, арилжаалах журмын зорилго нь төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулах богино хугацаат болон зарим зорилтот төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх урт хугацаат үнэт цаасыг эрсдлийн боломжит түвшинд, хамгийн бага зардалтайгаар санхүүжүүлэх, ЗГҮЦ-ны зах зээлийг хөгжүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй юм.

ЗГҮЦ-ны анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, тогтмол арилжааг явуулснаар Монгол Улсын Засгийн газрын жишиг хүү тогтох боломж олгох ба энэ нь санхүүгийн зах зээлд пүүс, компаниудын өрийн хэрэгсэл гаргах зах зээлийн жишиг хүү болж хөрөнгө оруулагчид болон санхүүгийн эх үүсвэр шаардлагатай байгаа дотоодын пүүс, компаниудад хөрөнгө босгоход дөхөм болох юм.

Богино хугацаат ЗГҮЦ нь Төв банкны үнэт цаасны нэгэн адил мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд ашиглагддаг үндсэн хэрэгслүүд болох бөгөөд голчлон институциональ хөрөнгө оруулагчид болох даатгалын компаниуд, хамтын сангууд, хөрөнгө оруулалтын болон арилжааны банкууд гэх мэт томоохон хөрөнгө оруулалтын байгууллагуудад хуримтлагдсан чөлөөт эх үүсвэрийг зах зээлд дахин хуваарилах үйл ажиллагааг дэмждэг.

Ийнхүү журмыг гаргасан нь сангийн болоод мөнгөний бодлогын уялдааг хангахад чухал алхам болж байна гэж үзэж байгаа бөгөөд Сангийн яам болон Монголбанк цаашид нягт хамтран ажиллахаар боллоо.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж