Сүүлийн гурван жилийн хугацаанд сургалтын төлбөр нэмэгдэж буй. Өөрөөр хэлбэл, жил ирэх тутам өндөр төлбөрөөр, өндөр мэдлэг авах ёстой гэсэн зарчмыг Боловсрол, шинжлэх ухааны яам, их, дээд сургуулиудын удирдлагууд үзэж сургалтын төлбөрийг нэмдэг “уламжлал” бий болсон. Гэхдээ өнөөгийн цалингийн хэмжээ, нийгэм эдийн засгийн үзүүлэлтээ бодвол сургалтын төлбөрийг нэмэх нь тийм ч сайн зүйл биш гэдгийг Монголын оюутны холбоо үздэг.
Өнгөрөгч наймдугаар сард БШУ-ны сайдад их, дээд сургуулиудын оюутны төлбөрийг 25-50 хувиар нэмэх асуудалд яаралтай хариу өгч, их сургуулийн оюутны төлбөрийг зарчмын хувьд хуульчилсан шийдвэр гаргахыг хүсчээ. Өнгөрсөн жил салбарын сайд нь сургалтын төлбөрийг 15 хувиас хэтрүүлэхгүйгээр нэмэх шаардлагатай гэж үзсэн байна. Харин энэ жил салбарын сайд нь 10 хувиас хэтрүүлэхгүй нэмэх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан юм байна.
Жил бүр сургалтын төлбөр нэмэгдлээ гэхэд эцэг эхчүүд, оюутнууд л “шаналдаг” бол их, дээд сургуулиудын удирдлага нь “Төлбөр нэмэгдэх нь зүйтэй” гэж үздэг. Нэмнэ, нэмүүлэхгүй гэдэг мэтгэлцээн намар бүр гардаг ч ихэнхдээ сургуулиудын удирдлагууд “ялалт” байгуулдаг. Сургалтын төлбөрөө нэмж болох ч үүнийг дагаад чанартай боловсрол бий болох ёстой. Нэгэнт л мэтгэлцээний ялагдагчаар тодордог оюутнууд маань одоо чанартай боловсролоо нэхэмжлээд сууж байх л үлдлээ.
Саяхан АТГ-т улсын томоохон сургуулиудыг шалгах нэхэмжлэлийг гаргасан байна. Гэхдээ төлбөр нэмснийг бус “Хандивын анги” нэртэйгээр өндөр төлбөртэй ангиудыг бий болгосон байна. Монголын хамгийн том, ууган сургууль болох МУИС-д хууль зөрчсөн бөгөөд АТГ арга хэмжээ авч, энэ сарын 25-ны дотор хариу мэдэгдэх тухай албан бичгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт АТГ-аас хүргүүлсэн талаархи мэдээлэл гарч байсан. Энэ нь буруу зүйл биш ч оюутнууд сургалтын төлбөр төлснийхөө хирээр боловсрол эзэмшиж байгаа эсэхэд хяналт тавих ганц байгууллага нь Оюутны холбоо.
Жилд 160 гаруй их, дээд сургуулиудыг 40 мянга орчим оюутан төгсдөг. Гэтэл тэдний хэдэн хувь нь ажилтай үлдэж, хэд нь дипломтой ажилгүйчүүдийн тоог нэмдэг вэ гэдгийг хэнээс асуух вэ. Дэлхийн боловсролын түвшинд мэдлэг олгоно гэж ярьдаг ч төгсөгчид ажлын байран дээр гарч ирээд гологдоод байгаа шалтгаан бий. Нөгөө талаар ажлын байр бий болгоход харья яамд өндөр төлбөр авдаг сургуулиудтай ч мөн хамтарч ажиллаж байх нь чухал.
Оюутнууд аа, төлбөр өнгөрсөн. Нэгэнт нэмэгдчихсэн. Харин одоо төлснийхөө хирээр мэдлэг авч чадаж байгаа юу гэдэг хариултгүй асуулт хэвээр байна. Энэ асуултыг оюутан танд үлдээе.