Б.Жамъяндагва 1932 оны намар Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг Мухарын худаг гэдэг газар төржээ. 1947-1953 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургуульд суралцаж байхдаа сургуулийнхаа дэргэдэх бүжгийн дугуйланд явдаг байсан нь төрөлхийн авьяасыг нь нээж, бүжигчин болох хүслийг нь төрүүлж өгчээ. Офицерын сургуулиа төгсөөд шууд л Цэргийн ансамбльд дагалдан бүжигчнээр орж, бүжигчин болгоны хийж чаддаггүй трюкүүдийг (бүжгийн хэцүү техниктэй хөдөлгөөн) эзэмшиж гоцлол бүжигчний зэрэгт хүрчээ.
Тэрбээр бүжигчин байхаасаа цэргийн амьдралыг харуулсан бүжиг дэглэж эхэлсэн бөгөөд түүний энэ авьяасыг үнэлж 1957 онд Москва хотын Театр урлагийн дээд сургуульд суралцуулахаар илгээжээ. Бүжиг, балетын жүжиг дэглэн найруулах арга ухааныг ЗХУ-ын (хуучин нэрээр) ардын жүжигчин, Сталины болон төрийн шагналт, Их театрын балетмейстерээр 30-аад жил ажилласан, нэрт балетмейстер Л.М.Лавровскийгээр заалгаж, түүний мэдлэг, туршлагаас ихийг сурснаа Б.Жамъяндагва багш бахархан ярих дуртай.
Н.Римский-Корсаковын “Шехерезада” балетаар дипло-моо хамгаална гэхэд нь багш нь энэ алдартай балетыг тавьж чадах болов уу даа хэмээн эргэлзэнгүй хандаж байсан бол Монголынхоо тайзнаа туурвисан бүтээлийг нь үзээд шавиараа бахархаж, энэ балетыг театрынхаа урын санд заавал авч үлдээрэй гэж захиж байжээ. Түүний анхны энэ бүтээл 50 жил тайзнаа амьдарч, үзэгчдийн сонирхлыг өнөө ч татсаар байна.
Улмаар Л.Делибын “Цэнхэр нүдэн бүсгүй”, Ц.Пунигийн “Эсмеральда”, Л.Минкусын “Дон Кихот”, А.Морозовын “Ай ёо доктор”, Ж.Бизегийн “Кармен” зэрэг дэлхийд алдаршсан балетын жүжгийг амжилттай тавьж Монголын балетын урын санг баяжуулсан байна. 1975 онд “Хунт нуур” балетыг тавихад нь дэлхийн сонгодог балетын оргил болсон энэ бүтээлийг монгол балетмейстер дэглэн найруулна гэдэгт эргэлзэх хүмүүс ч байжээ. Гэвч “Хунт нуур” Монголын тайзнаа амжилттай тоглогдож, балет судлаач, доктор С.Г.Иванова “Энэ бол миний урьд үзээгүй цоо шинээр төрсөн “Хунт нуур” болжээ” хэмээн өндрөөр үнэлснээр энэ эргэлзээ арилсан түүхтэй.
Б.Жамъяндагва багш байн-га судалж суралцаж, уран бүтээлийн эрэл хайгуул хийж иржээ. Үүнийг нотлох баримт нь сонгодог бүжгийг орчин үеийн бүжигтэй хослуулан Э.Чойдогийн “Хөгжмийн эгшиг”, “Мөнгөн залаа”, З.Хангалын “Эрдэнэсийн уулс”, Д.Шостаковичийн “Энхийн тойрог” зэрэг балетын жүжгүүд тавьсан явдал юм. М.Равелийн “Болеро”, Ж.Бизегийн “Маш нууц” балетуудыг нь социалист үзэл сурталд нийцээгүй, эротик өнгө аястай болсон гэж үзэн нийтэд үзүүлэхийг хориглон хааж байжээ. Гэвч тэрбээр шантарч няцалгүйгээр Монголын балетын урлагийг хөгжүүлэхийн төлөө энэ насныхаа амьдралыг зориулж чадсан юм.
Монголын балетын урла-гийн нэг том амжилт нь монгол сэтгэлгээ, монгол ахуйн онцлогийг тусгасан “үндэсний балет”-тай болсон явдал юм. Г.Жамъяны “Манай нэгдлийнхэн”, С.Гончигсумлаагийн “Ганхуяг” балетаар суурь нь тавигдсан үндэсний балетыг баяжуулан, батжуулан хөгжүүлсэн гавьяа Б.Жамъяндагва гуайд оногдоно. Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг”, “Мөнхийн нөхөрлөл”, С.Гончигсумлаагийн “Хошуу наадам”, “Найз залуус”, Б.Дамдинсүрэнгийн “Нуурын домог”, Ж.Чулууны “Уран Хас” зэрэг балетынхаа сэдэв, санааг монгол ардын үлгэр, домог түүхээс авч, сонгодог бүжгийн баялаг хэлэнд монгол бүжгийн намба төрх, хөдөлгөөнийг урнаар уялдуулан дэглэн найруулжээ. 1990 онд тавьсан Х.Билэгжаргалын “Бөртэ чоно” бүтээлдээ анх удаа эзэн Чингисийн дүрийг балетын жүжигт гаргаж, Их Монгол Улс байгуулахын төлөөх тэмцэл, түүхийн ээдрээтэй хэрэг явдлуудыг бүжгийн хэлээр тод томруун илэрхийлж чадсан юм. Энэхүү туульсын балетыг А.Хачатуряны “Спартак”-ыг сэргээн тавьсантайгаа адил дахин тайзнаа амилуулбал юутай сайхан.
Түүний тавьсан үндэсний балетуудын сор нь Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” юм. Алдарт “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн анхны хувилбараар балетмейстер өө-рөө зохиолоо бичсэн бөгөөд театр судлаачид “Б.Жамъяндагва Д.Нацагдоржийн санааг улам хурцатган жинхэнэ сонгодог хэлбэрийн эмгэнэлт явдалд хүргэсэн байна” (С.Дашдондог, Л.Эрдэнэбулган “Урлагийн ариун сүмийн мөргөлчдийн тухай тэмдэглэл” 1993. 80) гэж үнэлсэн байдаг. Уг балетад монгол соёлыг илтгэсэн цүү хаях, хуалах, дэмбээдэх, тэвэг өшиглөх зэрэг тоглоом наадам, хуримын зан үйл тусгагдсанаараа үндэсний хэв шинжийг тодотгож өгсөн юм. “Үйлийн гурван толгой” балетыг 1987 онд ЗХУ-ын Ленинград (хуучин нэрээр), Унгарын Будапешт хотноо ДБЭТ-ын балет ангийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ (70 гаруй балетын жүжигчид) тоглож Монголын соёл урлагийг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Олон улсын нэр хүндтэй уралдаанаас Монголын балет-мейстер, бүжиг дэглээчдээс анх удаа өндөр шагнал авсан хүн бол Б.Жамъяндагва юм. 1981 онд Москвад болсон олон улсын уралдаанаас Э.Чойдогийн “Хөгжмийн эгшиг” балетын хослол бүжгээр, орчин үеийн бүжгийн дэглэлтээр тэргүүн байр эзэлсэн юм. Уралдааны төгсгөлд нэрт балетмейстер Ю.Григорович, Б.Жамъяндагва хоёрын уран бүтээл тунаж үлдсэн байжээ. Тэгэхэд олон улсын шүүгч, Америкийн алдарт балетмейстер Р.Жоффрий (Joffrey ballet компанийг үндэслэгч) “Би бүх дэлхийг тойрч үзсэн хүн. Ийм сонин тавилттай бүжиг хаана ч үзээгүй. Энэ тэмцээнд Жамъяндагвын бүжигтэй харь-цуулах номер байхгүй байна” гэж үнэлж байжээ.
“Мөнгөн залаа”, “Анчин ба согоо”, “Мөнхийн нөхөрлөл”, “Хөгжмийн эгшиг”, “Эрдэнэсийн уулс”, “Чойжид дагина” балетуудын цомнолыг өөрөө зохиосон бөгөөд бусад олон балетын цомнолыг хянан засаж найруулсан байна.
Үүнээс гадна балетын хөгжмийн найруулгыг гарамгай хийж чаддаг хөгжмийн өндөр боловсролтой хүн. А.Хачатуряны “Спартак” гурван бүлэг 27 үзэгдэлтэй нүсэр балет байсныг хоёр бүлэг 17 үзэгдэлтэй болгон цомхотгон найруулан тавьсан нь тун амжилттай болсон юм. Түүнээс гадна балетад зориулаагүй, дан хөгжмийн зохиолд тулгуурлан балет тавьж байв. Д.Шостаковичийн таван симфонийг найруулан “Энхийн тойрог” бүрэн хэмжээний балет тавьсан нь хэр чадварлаг балетмейстер болохыг батлах баримт мөн.
Тэрбээр “Балетмейстер хүн хөгжмийг хөгжмийн зохиолчоос илүү ойлгодог, хөгжмийн зохиолчийг хөгөлж чаддаг байх ёстой” гэж үздэг. Тэр өөрөө Э.Чойдог, Ж.Чулуун, З.Хангал, Х.Билэгжаргал, Ж.Мэнд-Амар нарын олон алдартай хөгжмийн зохиолчдыг хөглөж, бүжиг, балетын хөгжим рүү уруу татаж, хамтран ажиллаж, бүжгийн хөгжимд гаршуулсан гавьяатай хүн.
Түүний уран бүтээлийн үйл ажиллагаа зөвхөн балетаар хязгаарлагдахгүй. 1976 оноос МАХН-ын их хурал, ойн, төрийн хүндэтгэлийн концертууд, гадаадад болж байсан Монголын соёлын өдрүүдийн концертуудыг найруулжээ. Тухайн үед Литвийн нэрт найруулагч Владис Бартусявичусыг урьж, төрийн концерт найруулдаг байжээ. Тэр хүн “Танайд концерт найруулж чадах хүн бол Жамъяндагва л байна” хэмээн үнэлснээс хойш Жамъяндагва багшаар төрийн том концертуудыг найруулуулах болсон байна. ҮДБЭЧ-д олон жил бүжгийн концертмейстерээр ажилласан Б.Дэлгэрмаа “Жамъяндагва гуайг манайхан “хөрөө” гэдэг байсан. Учир юу гэвэл төрийн концертонд орох бүжгийг үзээд 7-8 минутын бүжгийг 4-5 минут болтол нь хасаад хаячихдаг байлаа. Үнэхээр ч хассаны дараа үзэхэд “усыг” нь шахсан байдаг байлаа” хэмээн дурсан ярьсан юм. Энэ мэтээр концерт найруулах явцдаа олон арван уран бүтээлчид, уран бүтээлд олон талын үр нөлөө үзүүлж ирсэн байна.
“Балет бол өндөр сахилга, хатуу чанд дэглэмийг шаарддаг урлаг. Тийм учраас балетмейстер нь диктатор байх ёстой. Эс тэгвээс балет байхгүй” (Үг сонин. 1991, N¹336) гэж Жамъяндагва нэгэнтээ хэлсэн байдаг. Үнэхээр ч тэрээр сайнаар яривал авьяаслаг сурган хүмүүжүүлэгч, зохион байгуулагч, муугаар яривал “дарангуйлагч” байж чадсанаар 85 балетын жүжигчинтэй (1980-аад оны байдлаар) балет ангийн хамт олныг удирдан зохион байгуулж иржээ. Монголын балетын түүхэнд хоёр ардын жүжигчин, 11 гавьяат жүжигчин төрж, олон улсын балетын жүжигчдийн уралдаануудад удаа дараа амжилттай оролцсон нь Б.Жамъяндагвын өндөр шаардлага, шургуу хөдөлмөртэй холбоотой.
1991 онд нэр бүхий хэсэг уран бүтээлчид ДБЭТ-ын ерөнхий балетмейстерээс огцор хэмээн өргөх бичиг барьжээ. Б.Жамъяндагва “Би хоёр балет, 26 балетын жүжигчдийг хүлээн авч, 30 гаруй балет, 80 гаруй балетын жүжигчидтэй болтол нь өргөжүүлэн хөгжүүллээ” гээд байраа тавьж өгчээ. Гэвч тэрбээр их урлагаа орхиогүй юм. “Монгол балет холл” нэртэй хувийн балетын трупп (хамтлаг) байгуулсан бөгөөд ардын жүжигчин Ю.Оюун тэргүүтэй хэсэг жүжигчид театраас гарч түүний труппэд орсон байна. Уг трупп нь 1991-1995 оны хооронд Ж.Мэнд-Амарын “3+1”, Д.Шостаковичийн “Сүйрлийн дараах амьдрал”, И.Штраусын “Сонгодог бүжгийн үдэш” зэрэг уран бүтээл тавьж, Энэтхэг, Балбын вант улсад аялан тоглолт хийсэн юм.
1997 оноос СУИС-ийн Бүжгийн урлагийн тэнхимд багшлахыг урьснаар Монголын балетмейстер, бүжиг дэглээч-дийн шинэ үеийг бэлтгэхэд өөрийн мэдлэг чадвар, авьяас билэг, уран бүтээлийн арвин их туршлагаа харамгүй зориулан ажиллаж байна. Түүнийг СУИС-ийн Эрдмийн зөвлөлөөс СУИС-ийн “Хүндэт профессор” хэмээх эрхэм хүндтэй цолоор өргөмжлөгдсөн юм.
Монголын балетын урлагт лидер хэрэгтэйг ойлгосон ДБЭТ-ын дарга, гавьат жүжиг-чин Г.Эрдэнэбат тулгын чулууг нь тавилцсан театртаа эргэн ажиллахыг урьснаар 2001 оноос өнөөг хүртэл уран сайхны удирдагч, ерөнхий балетмейстерээр ажил-лаж байна. ДБЭТ-ийн Уран сайхны зөвлөлийн шийдвэрээр Б.Жамъяндагвыг “Монгол Улсын балетын урлагийг үндэслэгч” (2008) хэмээн өргөмжилж, ДБЭТ-ын захирлын тушаалаар балетын танхимийг “Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Балжиннямын Жамъяндагвын нэрэмжит” болгосон юм.
Б.Жамъяндагва багш Болгарын Варна, ОХУ-ын Москва, Перм, Японд болдог олон улсын балетын жүжигчдийн нэгдүгээр зэрэглэлийн уралдаануудад удаа дараа шүүгчээр ажиллаж, Парис, Москва, Нью-Иоркод болсон уралдаануудад хүндэт зочноор уригдан оролцсон дэлхийд та-нигдсан балетмейстер мөн.
Монголын балетын урлагийн эцэг Б.Жамъяндагва таньд 80 насны ойн баярын мэнд хүргэж “зуу насалж, зургаадай таяг тулаарай” хэмээн хүсэн ерөөе.
Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН сонин