“Гамлет” жүжгийн ерөнхий зураачаар тус театрын ерөнхий зуроаач, Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх, бүжиг дэглээчээр Соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч Т.Төгсөө нар ажиллажээ.
Дэлхийн суут зохиолч У.Шекспир “Гамлет” хэмээх алдартай бүтээлээ 30 настай байхдаа 60 настай хүний оюунаар ухаанаар бичсэн бөгөөд эдүгээ ч “Орших уу, эс орших уу” хэмээх асуулт нь хүн төрөлхтний мөнхийн асуулт хэвээр байсаар байна.
“Гамлет” жүжгийн ерөнхий продюсер, УДЭТ-ын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуутай ярилцлаа.
-Үзвэрийн шинэ жилийн нээлтээ “Гамлет” жүжгээр нээхээр товоо зарлалаа?
-Манай театр 81 дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж үзвэрийн шинэ жилийн нээлтээ алдарт У.Шекспирын “Гамлет” жүжгээр нээх гэж байгаадаа баяртай байна. Энэ алдарт бүтээлээр бид үзвэрийн шинэ жилийн нээлтээ ирэх арваннэгдүгээр сарын 9-нд нэхээр зэхэж байна. Дэлхийн соёлт хүн төрөлхтөний оюуны санд хүлээн зөвшөөрөгдсөн урлаг, утга зохиолын ноён оргилуудын нэг сонгодог тодотголтой бүтээл “Гамлет” бүтээлийг 1979 онд тэр үеийн алтан үеийн төлөөллийнхөн ажиллаж байсан. Урлагийн гавяьат зүтгэлтэн Галсанжав гуайн найруулгаар манай тайзнаа анх удаа тавигдаж, үзэгч олны хүртээл болж байсан түүхтэй. Гамлетад Ардын жүжигчин, асан Жамсранжав гуай, Офилиягийн дүрд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Сувд тоглож байсан түүхтэй. Шекспир хүн төрөлхтөний өмнө тавьчихсан мөнхийн гэж хэлэж болох асуулт байдаг шүү дээ. “Орших уу, эс орших уу” энэ асуулт бол энэ цаг үед ч гэсэн хүн төлөхтнөөс, магадгүй монголчуудаас хариулт нэхсээр байгаа асуулт хэвээрээ байгаа гэж бид ойлгож, манай уроан бүтээлчид баг болон ажиллаж байна.
-Бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?
-Тайз, чимэглэл үйлдвэрлэлийн ажил үндсэндээ дууссан. Одоо сургуулалтууд ид явагдаж байна. Аливаа томоохон сонгодог бүтээл тухайн цаг үеийнхээ уран бүтээлчдээс цаг ямагт шалгалт авч байдаг. Тэдний мэргэжил ур чадварыг шалгаж байдаг түүхэн уламжлалтай. Тэр утгаараа Шекспирийн өмнө Гамлет жүжгээр манай энэ цаг үед ажиллаж байгаа найруулагч, зураач, хөгжмийн зохиолч, жүжигчид, театрын хамт олон шалгалт өгч банйа даа. Шалгалтын дүн тавиулах хугацаа ойртсоор байна. Мэдээж манай театрт уламжлал ёсоор уран бүтээлүүдийг мэргэжлийн төвшинд үзэж шалгарулдаг мэргэжлийн зөвлөл ажилладаг. Мэргэжлийн экспертүүдийн үзлэгийн дараа театрын уран сайхны зөвлөл үзнэ. Хамгийн том дүн тавьдаг шалгуурыг бол үзэгчид хийдэг.
-Драмын театрын тайзнаа анх дэлхийн ямар сонгодог жүжиг тавигдаж байсан бол. Нийт уран сандаа дэлхийн сонгодог тодотголтой хэчнээн бүтээлтэй бэ?
-Манай театр хамгийн анх 1936 онд театр маань тавхан настай байхдаа Гоголийн “Байцаагч түшмэл” жүжгээр сонгодог уран бүтээлүүдийг монголын үзэгчдэд хүргэсэн түүхтэй. Дэлхийн сонгодог уран бүтээлүүд манай театрын урын сангийн бодлогын анхаарлын төвд байсаар ирсэн. Тэр цагаас хойш нийтдээ 40 орчим сонгодог бүтээлийг туурвиж, их тайзнаа амьдруулж, үе үеийн алдарт уран бүтээлчдийг төрүүлсэн гэж хэлж болно. Тэр утгаараа хоёр жилд нэг удаа сонгодог бүтээлийн тайзнаа тавьж байсан.
-“Гамлет”-ын дараа үзвэрийн шинэ жилийн хүрээнд ямар уран бүтээл үзэгчдийн хүртээл болох уу?
-Театр 2012 онд төлөвлөсөн ажлуудаа ерөнхийдөө төлөвлөгөөнийхөө дагуу хийгдээд дуусч байна. Бид есдүгээр сард баруун таван аймагт аялан тоглолт хийгээд ирлээ. Үүний дараа арванхоёрдугаар сарын эхээр хийгдэх нэг томоохон ажил байгаа. Монголын шинэ цагийн театрыг үүсгэн байгуулж, залуу нас, авьяас чадвар, хөдөлмөр бүтээлээ монголын театрын урлагийн хөгжлийн төлөө зориулсан, хэдийгээр өнөөдөр бидний дунд байхгүй ч биднийг тэнгэрээс харж байгаа ахмад уран бүтээлчдийнхээ нас сүүдэр тэгширсний ойг тэмдэглэж, тэднйигээ дурсаж, энэ цаг үеийн залуучуудад мэдээлэл хүргэж, алдаршуулдаг уламжлалт ажил байдаг. Энэ бол “Алтан үеийнхнийг бид мартахгүй” дурсамж уулзалт, үдэшлэг гээд янз бүрийн хэлбэрээр бид зохиодог. Энэ жилийн хувьд монголын шинэ цагийн театрыг үүсгэн байгуулагч, алдарт зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 110 жил, Гавяьат жүжигчин Цэрэндэндэвийн мэндэлсний 90 жил, Ардын жүжигчин Чимэд-Осорын мэндэлсний 100 жил тохиож багйаа юм. Мөн манай театрын ахмад уран бүтээлч, бидэнд үнэтэй сургуулиа хайрлсаар байгаа Гавяьат жүжигчин Лхадолгор гуайн мэндэлсний 90 жилийн ой тохиож байна. Энэ хүмүүстээ бид хүндэтгэл үзүүлэх ажлыг ирэх арванхоёрдугаар асрын эхээр хийхээр зохион байгула ажил явагдаж байна. Үүгээр үндсэндээ манай 2012 онд театрын төлөвлөсөн өжил дуусч байгаа. Гэхдээ бид 2012 оны төлөвлөгөө дууслаа гээд зүгээр суусангүй. Ирэх онд тавих бүтээлүүдийнхээ бэлтгэлд ажлыг хийсээр байна.
-Ирэх онд ямар бүтээл тайзнаа тавихаар төлөвлөөд байгаа вэ?
-Одоохондоо эцэслан шийдээгүй байна. Ямар ч гэсэн театрын урын сангийн бодлого бол дэлхийн сонгодог, юм уу өөрийн орны түүхэн сэдэвтэй сонгодог бүтээл нэгийг тавина. Мөн орчин үеийн сэдэвтэй, хүүхэд залуучуудад зориулсан хоёроос гурван бүтээл тавихаар зохиол дэээрээ ажиллаж байна. Цаг үе нь болохоор та бүхэндээ мэдээлье.
-Театр томоохон уран бүтээл дээр төсөл зарлан шалгаруулах болсон. Сүүлийн үед орчин үеийн залуусын сэдэвтэй уран бүтээл үгүйлэгдээд байгаа юм шиг санагддаг. Тэр тал дээр ямар бодлого баримталж байна?
-Жүжгийн зохиол гэдэг бол театрт тариа буудай шүү дээ. Тэр тариаг буудайгаар бид амтат сайхан бүтээгдэхүүн хийнэ. Орчин үеийн жүжгийн зохиолын уралдаан зарлахаар хуучин Засгийн газраас санхүүгийн дэмжлэг хүссэн нь хараахан шийдэгдээгүй. Шинэ Засгийн газар үүнийг дэмжих байх гэж найдаж байна. Зохиолчдод маань бичсэн блэн бүтээл байгаа байх. Тэдэндээ бас найдаж байгаа. Та бүхэн ч анзаарсан байх бид дөрөв дэх удаагаа жүжгийн зохиолн уралдаан зарласан. Зарим нь жүжгийн зохиолын уралдаанаар бүтээл төрөхгүй гэдэг юм. Харин ч илүүтэй төрнө. Би үүнийг баттай хэлнэ. Өнгөрсөн оны томоохон ойнуудад зориулан тайзнаа тавьсан “Тэнгэрийн хүү” жүжиг бол уралдаанаас төрсөн бүтээл. Тус түүхэн жүжгийн уралдаанаас нийтдээ театр 30 гаруй жүжгийн зохиолын бүтээлтэй болчихоод байна. Энэ ач холбогдол гарч байгаа биз дээ. Тэнгэрийн хүү үнэхээр үзэгчдийн байлдан дагуулж байна. Монголын залуучууд эх түүхээ мэдэх гэж хүсэж, хичээж байна. Мэдэж байна. Үзэгчдийн дунд суугаад үзэж байхад залуучууд зүрх сэтгэлээрээ мэдэрч байгаа мэдрэмж омогшил нь хүртэл мэдрэгддэг. Тэр утгаараа зөв зүйл хийжээ гэж бодож байгаа. Шинэ жүжгээр, шинэ уран бүтээлч төрүүлж гаргах нь бидний бас нэг зорилго. Тэр ч утгаараа орчин үеийн сэдэвтэй зохиол бүтээл нэн шаардлагатай байгаа. Үнэхээр жүжгийн зохиолоор театр жаахан гачигдалтай байгаа нь үнэн.