-Өнөөдөр мянган төгрөгөөр нэг талх авч хүрэхээ больжээ. Намайг хүүхэд байхад 1000 төгрөг битгий хэл, 500 төгрөг ч их мөнгө санагддаг байлаа. Гэхдээ энэ бол олон жилийн өмнөх дурсамж ч гэсэн өдөр хоног өнгөрч, цаг хугацаа улирах тусам мөнгө үнэгүйдсээр л байна. Энэ нь хэвийн үзэгдэл мөн үү?
-Энэ нь мөнгө үнэгүйдэж байгаагийн шинж. Барааны үнэ өссөн учраас 1000 төгрөгөөр авах хэрэглээний өртөг багассан гэсэн үг. Тэгэхээр инфляци гэж мөнгөний үнэгүйдлийг хэлдэг.
-Инфляци үүсэх шалтгаан?
-Гүйлгээнд байгаа мөнгөний өсөлтөөс хамаараад инфляци үүсдэг. Инфляцитай үед хүмүүсийн амьжиргаанд нөлөөлдөг хэрэглээний өртгийг нэг түвшинд тогтвортой барихын тулд орлогыг инфляцитай индексжүүлэх хэрэгтэй. Индексжүүлнэ гэдэг нь инфляцитай орлогын өсөлтийг харгалзуулна гэсэн үг. Ингэснээр худалдан авах хэрэглээний өртөг тогтвортой, нэг түвшинд байх боломжтой. Худалдан авах чадвар муудахаар амьжиргааны түвшин яалт ч үгүй муудчихаж байгаа биз. Гэхдээ үнэ өсөх нь хэвийн үзэгдэл. Ингэж байж нийгэм хөгждөг юм. Үнэ өсөхгүй болохоор үйлдвэрлэл дэмжигддэггүй. Үйлдвэрийн газрууд аль үнэтэй барааг үйлдвэрлэж ашиг орлогоо нэмэх бодлого явуулна. Тиймээс үнийн өсөлттэй, хүмүүсийн орлогыг индексжүүлж, амьжиргааны түвшинг бууруулахгүй байх нь гол шийдэх асуудал юм. Ийм л зөв бодлого явуулах ёстой. Тэгэхээр үнэ буурна гэж байхгүй, цаашид ч өснө, ийм учраас орлогыг индексжүүлэх юм бол зөв бодлого явагдаж байна гэсэн үг.
-Орлого нэмэгдүүлнэ гэсэн бодлого уу?
-Тийм. Үнийн өсөлттэй уялдуулж орлого нэмнэ гэсэн үг юм л даа.
-Бодит амьдралд өндөр цалинтай хүн байхад нөгөө талдаа 250 мянган төгрөгийн орлоготой нь ч байна?
-Ер нь массаа анхаарах ёстой. Нийт хүн амын хэчнээн нь баян, хэчнээн нь ядуу юм гэдэг асуудал гарч ирж байна. Монголд гурван хүний нэг нь ядуу байдаг. Нөхцөл байдал эвгүйрхэхэд л ядуусын эгнээд шилжих хүмүүс олон бий. Өнөөгийн үнийн өсөлт үнэхээр монголчуудын амьжиргааны түвшинд нөлөөлж байгаа юм. Тэгэхээр түрүүн миний тайлбарласнаар орлогыг индексжүүлэх хэрэгтэй юм. Ингэхгүй бол ядуурал гүнзгийрнэ гэж ойлгож болно.
-Үүнийг төрөөс зохицуулахдаа яг ямар бодлого баримталвал дээр вэ?
-Уг нь төр тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг нэмэх зэргээр зохицуулчих гээд яваад байна л даа. Гэтэл үнэхээр олонх болсон массын амьжиргааны түвшинг хадгалж үлдэх, дээшлүүлэх орлогын өсөлт алга. Энэ бол зайлшгүй байх ёстой. Тэгэхгүй бол ядуурлын байдлаас гарахгүй. Ядуурлаас гарч, хүмүүсийн хэрэглээ, борлуулалт өсч байж эдийн засаг хөгждөг. Ядуучуудаа ядуу чигээр нь байлгаад байх юм бол Монголын эдийн засаг хөгжихгүй. Тэгэхээр үүнийг л бодлого боловсруулж байгаа хүмүүс ойлгоод, ард иргэдээ нийтээр нь амьдралын боломжтой болгох юм бол нийгмийн хөгжлийг дэмжээд явчихна.
-Ажил хийж байгаа хүн амьдралынхаа олон асуудал, зардлыг бүрэн хангачих түвшинд байхыг дундаж орлоготой гэж хэлнэ. Ажил хийж байгаа мөртлөө ядуурал, гачаалаас гарч чадахгүй, амьжиргаа нь найдвартай өсөхгүй бол бодлого зөв явахгүй байна гэсэн үг. 2013 оны мөнгөний бодлогод тавьж буй зорилгын бай нь дундаж давхаргынхан болж байна. Дундаж давхаргад багтана гэдэг ажил хийхэд л амьжиргаа нь болоод байхаар түвшинд орлого нь өссөн байхыг хэлнэ. Одоо бол ажил хийгээд ч нэмэр байдаггүй, ажилгүй ч адилхан, ерөөсөө харьцаа алдагдаад нэг л болж өгөхгүй байна. Тэгэхээр хүмүүсийн орлогыг зоригтойгоор нэмээд өгчихмөөр байна. Тэр хэрээр хэрэглээ өсдөг, хэрэглээ өсөхөөр нийгэм хөгждөг. Мөн борлуулалт сайжрахаар цаад талд нь үйлдвэрлэлийн боломж нээгдэнэ.
-Инфляцийг хэрхэн барьдаг вэ?
-Инфляцийг дотор нь мөлхөө, цогио, хэт гэж ангилдаг. Үнийн өсөлтийн үзүүлэлтийн цифрийн оронгоор нь ингэж хэлж байгаа юм. Нэг оронтой тоогоор үнэ өсч байвал мөлхөө инфляци, хоёр оронтой нь цогио, гурван оронтой тоогоор өсөх нь хэт инфляци юм. Тэгэхээр цогио инфляцийн үед орлого нь үүнийгээ гүйцэхгүй, зах зээл дээр борлуулагдаагүй барааны нөөц нэмэгдэж, үнэ өсөөд байдаг мөртлөө худалдан авалт хийгдэхгүй байгаад байна шүү дээ. Инфляцийг барина гэдэг нь нэг оронтой тоонд байлгахыг л хэлээд байгаа юм. Ер нь инфляци бол зайлшгүй зүйл. Харин хоёр оронтой тоо руу орох гээд байвал шалтгааныг нь олоод нэг оронтойд барих нь бодлогын гол зорилго.
-Мөн Монголбанкны ерөнхийлөгч ирэх онд инфляцийг найман хувьд аваачина гэж байсан. Манай орны хувьд яг ингэж мөлхөө инфляцид хүргэх боломж бий юу?
-Ер нь инфляцийг бууруулах буюу үнийн өсөлтийг хязгаарлахад нийлүүлэлт чухал байдаг. Ховордсон барааны үнэ огцом өсөөд явчихдаг. Тэгэхээр инфляцийг барих хамгийн ирээдүйтэй арга нь үйлдвэрлэл хөгжүүлж, ховордоод байгаа барааг элбэг дэлбэг нийлүүлж өгөх. Нийлүүлэлт ихсэхээр үнэ өсдөггүй. Гэтэл манайд барааны хомсдол болонгуут үнэ өсөөд, үүнийг барихын тулд хүч хэрэглэх хэрэг гардаг. Бодит утгаараа инфляцийг барихын тулд Монгол Улсыг үйлдвэржүүлэхээс өөр гарц, зам байхгүй.
-Эхний ээлжинд манайд ямар үйлдвэрүүд барих шаардлагатай вэ?
-Боловсруулах үйлдвэр гэж хүмүүс ярьж байна. Хөдөлмөр шингэсэн, нэмүү өртөг бүтээгдсэн бэлэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боловсруулах үйлдвэрүүдийг л баримаар байна. Манайх одоо түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх түвшинд л байна. Хэрэв боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл хүмүүс ажлын байр, орлоготой болж, амьжиргаанд нь сайнаар нөлөөлнө. Тэгэхээр хамгийн түрүүнд боловсруулах үйлдвэртэй байх ёстой.
-Уг нь боловсруулах үйлдвэр барина гэж их л ярьж байгаа. Даанч нүдэнд харагдах юмаар бага байна?
-Бидэнд хүрсэн ололт байгаа ч гэсэн явц удаан байна. Өнөө маргаашийнхаа аар саар ажлаар зууралдмааргүй байх юм. Гол алдаа эндээ л байна. 15 жилийн дараах юмыг өнөөдөр бэлтгэх ёстой. Холыг харсан бодлогоо өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй гэж томьёолж болно.
-Өвөл болж байна. Гэр хорооллынхны гол асуудал болсон нүүрс эрэлт ихтэй байна. Тиймээс Зил130 машины тэвш дүүрэн буюу таван тонн Налайхын нүүрс 500 мянгад хүрчээ. Шуудайгаар зардаг нүүрсний тухайд хэлэх юм алга. Шуудай нь жилийн жилд илт жижгэрсээр байгаа ч үнэ нь буусангүй. Уг нь нүүрсийг хотоос 40-өөд кмт байх Налайхаас оруулж ирж байгаа. Ингэж үнэ өсөх үндэслэл бий болов уу?
-Зардлын инфляци гэж бас байдаг. Энэ нь зардал өссөнөөс үнэ өсдөг инфляци. Тэгэхээр нүүрс олборлох, дараа нь хотод оруулж ирэх бензин, шатах, тослох материалын үнэ өсчихсөн байвал зардлаа шингээгээд өсчихдөг. Нэг талаас энэ өсөлт зардлын инфляци байж магадгүй гэж харж байна. Гэхдээ дангаараа зардлын инфляци гэж байхгүй, дээрээс нь эрэлтийн инфляци нэмэгдэнэ. Энэ хоёр хоёулаа үнийн өсөлтөд нөлөөлж байгаа байх. Тиймээс нүүрсний үнийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судлаад дараа нь үнийг бууруулах бодлого явуулах ёстой. Ер нь эдийн засгийн арга хэмжээг авахдаа заавал шалтгааныг нь судалж байх хэрэгтэй.
Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН сонин