Хилийн чанадад хичнээн монгол хүн байгааг хэн ч мэдэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Хилийн чанадад хичнээн монгол хүн байгааг хэн ч мэдэхгүй байна

“Зөгийн үүр”  хэмээх өвөрмөц нэртэй нэгэн хөтөлбөрийн танилцуулга
уулзалт өнөөдөр Улаанбаатар зочид буудалд боллоо. Энэхүү уулзалт
ярилцлага нь хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн долоо дахь удаагийн
уулзалт юм. Ажлын хэсгийнхэн хөтөлбөрөө боловсруулахын өмнө хилийн
чанадад аж төрж, ажиллаж сурч буй иргэдийн тоо, судалгааг нарийвчлан
гаргахын тулд Гадаад харилцааны болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн
яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар,
Хил хамгаалах газар, Гаалийн ерөнхий газар  зэрэг төрийн байгууллагуудад
хандсан байна. Гэтэл эдгээр байгууллага тун зөрүүтэй тоо өгсөн төдийгүй
аль нь ч хилийн чанадад байгаа монголчуудын талаар бүрэн төгс
мэдээлэлгүй болох нь харагджээ. БСШУЯ өөрийн чиглэлээр сургалтад
хамрагдагсдын талаарх мэдээллийг, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам
албан ёсоор ажил хөдөлмөр эрхлэгсдийн талаарх мэдээллийг л өгөх
боломжтой гэжээ. Тиймээс бидний ахан дүүс, найз нөхдийн хэн нь хаана
амьдарч, ажиллаж, сурч боловсорч байгаа талаарх бүртгэл мэдээллийг үнэн
зөвөөр гаргах нь энэхүү хөтөлбөрийн нэгэн чухал хэсэг гэдгийг ажлын
хэсгийнхэн онцолж байлаа.
Зөгий бүлэрхэг шавьж төдийгүй үүрэндээ бал
бурам цуглуулах үүргээ тун сайн биелүүлдэг. Гэтэл манай улсын хувьд
иргэнэээ бүртгэдэггүйн дээр улсын өдий төдий хөрөнгөөр мэргэжил мэдлэг
эзэмшчихээд эргээд эх орондоо хүч хөдөлмөрөө зориулдаггүй нийтлэг жишиг
тогтоод удаж байгаа. Тиймээс “Зөгийн үүр” хөтөлбөрт хилийн чанадад аж
төрж буй иргэдээ эх оронд нь эргүүлэн авчрах, ирэх боломжгүй хүмүүсийн
мэдлэг боловсролыг онлайн хэлбэрээр улсынхаа хөгжилд зориулах зорилгыг
дэвшүүлсэн байна. Энэ удаагийн уулзалтад уригдан оролцсон Германы хамтын
ажиллагааны нийгэмлэгийн ахлах зөвлөх Ханс Вернер Мундт хэлэхдээ “Нэг
мэргэжилтнээ гадагш алдана гэдэг улс эх оронд их хэмжээний гарз байдаг.
Германд л гэхэд нэг мэргэжилтнийг докторын зэрэгт хүртэл бэлтгэхэд
ойролцоогоор нэг сая евро зарцуулдаг. Дээр нь тухайн хүн эх орондоо
ажиллавал улсын төсөвт оруулах татварын хэмжээг нэмж тооцохын бол эдийн
засгийн хувьд хохирол амсч байна гэсэн үг” хэмээн тодотгож байлаа.
Өнөөдөр Европын улс орнуудад хүн амын насжилт өндөр байгаагаас гадаадын
мэргэжил боловсрол өндөртэй залуусыг татахын тулд олон төрлийн хөтөлбөр
боловсруулж тэднийг татах болсон байна. Тйимээс гадаадад байгаа монгол
хүмүүсээ эх оронд нь хүчин зүтгүүлэх энэ хөтөлбөр нэн чухал гэдгийг
Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны шинэтгэлийн бодлогын газрын дарга
Б.Ганбат онцолсон. Хилийн чанадад аж төрж буй хүмүүсийн өмнө тулгамддаг
хамгийн эмзэг асуудал нь ажлын байр, нийгмийн асуудал, хүүхдийн сургууль
цэцэрлэгийн  талаарх мэдээлэл хомс байдаг явдал юм байна. Эдгээр
асуудлыг шийдчихвэл эх орондоо ирж ажиллах хүсэлтэй хүмүүс цөөнгүй
байгааг ч хэлж байна. Тиймээс хилийн чанадаас ирж ажиллаж хөдөлмөрлөх,
бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилтыг уг хөтөлбөрт тусгажээ.
Одоогийн байдлаар уг хөтөлбөр төсөл хэлбэрээр танилцуулах шатандаа яваа
бөгөөд тун удахгүй Засгийн газраар хэлэлцүүлэх ажээ.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж