Нийгмийн даатгалынхан 2010 оныг “Цахим жил” болгон зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалынхан 2010 оныг “Цахим жил” болгон зарлалаа

Нийгмийн даатгалын байгууллагуудын удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн удирдах ажилтнууд оролцож байгаа энэ зөвлөгөөнөөр нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилт, 2009 онд хийж гүйцэтгэсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцох юм. Товчхон хэлбэл, өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажилдаа үнэлэлт дүгнэлт өгч, сайн ажилласнаа урамшуулж, саар ажилласнаа сануулж ярилцах зорилготой энэхүү зөвлөлгөөн гурван өдөр үргэлжилнэ. Зөвлөгөөнийг нээж Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг дэлгэрэнгүй үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд хэдийгээр 2009 он санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэсэн хүнд хэцүү жил байсан ч даатгуулагч иргэдийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, 2.1 сая хүнд 431 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, тусламж үзүүлэхийн зэрэгцээ нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөг 100.1 хувиар давуулан биелүүлэхэд удирдах ажилтнуудын үүрэг оролцоо их байсныг онцлон дурдаад 2010 оныг “Цахим нийгмийн даатгалын үйлчилгээний жил” болгон зарлаж буйгаа мэдэгдлээ. Мөн тэр 2010 оныг нийгмийн даатгалын салбарт бодлогын шинэчлэл хийсэн, даатгуулагч иргэдээ хаанд өргөмжилсөн, нийгмийн даатгалын үйлчилгээнд мэдээлэл технологийн дэвшил өргөн нэвтэрсэн жил байгаасай хэмээн хүсч буйгаа илэрхийлсэн юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж