Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзэсгэлэнг нээхдээ “Тэртээ XIII, XIV зуун буюу бүтэн хоёр зуун дамнан дэлхий дахин Монголоор овоглож, Монголын тухай л ярьж байлаа. Эдүгээ дэлхийд оршин байгаа 200 гаруй улс орноос хүн төрөлхтний хоёр зууны өнгийг тодорхойлж байсан үндэстэн Монголоос өөр гараагүй. Тухайн үеийн дэлхий дахин монгол эр хүн, монгол аргамаг хүлгийн хурдыг гайхан биширч байсан гэдэг. Тэр үеийн хурдыг өнөөгийн интернэтийн хурдтай зүйрлэж болмоор. Бидний монголчууд тэр хурдаа өнөөгийн нөхцөлд сэргээж ашиглаж чадвал Монгол Улс өөдлөн дэвжих болно” гэдгийг онцолж хэллээ.
Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан дэлгэсэн энэхүү үзэсгэлэнд Их хааны алтан ураг буюу түүний язгуур угсаа, Монголын нууц товчоо, Чингис хаантай андгай тавин нөхөрлөсөн анд, хаан ширээний төлөө өстөн болж өрсөлдсөн Жамухын бүс, Монгол дайчдын зэр зэвсэг, Их хааны мөнгөн гэрэгэ, алтан хундага, алтан зоос зэрэг олон үзмэр дэлгэжээ.
“Тэнгэрлэг Чингис хаан” үзэсгэлэн сар гаруй үргэлжлэх бөгөөд даваа гаригаас бусад өдөрт өглөө 10-13, өдөр 14-16 цагийн хооронд Төрийн ордонд зочилж үзэсгэлэнг сонирхож болох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.