БНСУ дахь Монголчуудыг хэн хамгаалах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

БНСУ дахь Монголчуудыг хэн хамгаалах вэ?

БНСУ-д дахин нэг монгол залуу бусдад зодуулж хүндээр бэртжээ. Элэг нэгт монголчууд маань хүний нутагт дээрэлхүүлж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор.  Хэрэв манай улсад солонгос иргэн амиа алдсан бол сүйд болох байх. Асуудал магадгүй хоёр орны харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээнд хүртлээ томорч  ч мэдэх юм. Яагаад гэвэл гадны орнууд өөрийн иргэдийн амь нас, аюулгүй байдлыг чухалчлан үздэг юм. Харин монгол хүний амь нас харийн оронд сохор зоосны үнэд хүрэхгүй болчихсон байна. Сүүлийн жилүүдэд хэчнээн ч монгол хүн бусдын нутагт ясаа тавив.
Хамгийн сүүлд өнгөрсөн сарын эхээр БНСУ-д ажиллаж амьдарч байсан Х.Амарсанаа тус улсын цагаачлалын албаны байранд учир битүүлгээр нас барсан. Энэ хэргийн гогцоо одоог хүртэл тайлагдаагүй л байна. Харин ч цаг хугацаа өнгөрөх тусам улам ээдэрсээр нэг л мэдэхэд хэн ч олж мэдэж чадахааргүй болж бүдгэрэх бололтой. Одоо эхнэр, хүүхэд, төрөл төрөгсдөөс нь өөр түүнийг дурсаж байгаа хүн алга. Түүний эхнэр Т.Золжаргал “Миний нөхрийг цагаачлалын албаныхан хөнөөсөн. Нөхрийн маань үхлийн шалтгааныг зориудаар буруу тогтоож өөрчилсөн гэж бодож байгаа. Тэр над руу ярихдаа эрүүл байсан” хэмээн мэдэгдэж байсан ч түүний үгийг хэн ч тоогоогүй. Манай улсыг төлөөлж Өмнөд Солонгост ажиллаж байгаа Элчин сайдын яамныхан хүртэл энэ хэргийг намжаагаад өнгөрөөсөн.  Тэд эхнэрт нь “Энэ хэргийг бөөн асуудал болгоод яах вэ. Архи хэтрүүлэн ууснаасаа болж амиа алдсан юм билээ” хэмээн хээв нэг хэлсэн байна билээ. Уг нь хань ижлээ алдаж, өнчрөн хоцорсон хөөрхий бүсгүй хүний газар ганц түшиг тулгуур, энэ хэргийн үнэн мөнийг олоход туслах байгууллага хэмээн найдвар тээн очсон ч тэд өөдөөс нь “Нөхрөө хурдан чандарлаад нутагтаа буцаж бай” гэсэн байгаа юм. Бид энэ хэргийн явцын талаар манай улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнаас тодруулахад “Энэ хэргийг шалгаж байгаа гэсэн бидэнд одоогийн байдлаар тодорхой Мэдээлэл алга байна. Та эхнэрээс нь тодруулбал зүйтэй байх” гэв. Хажууд нь байгаа ЭСЯ-ны ажилтнууд тус хэргийн талаар юу ч мэдэхгүй байхад хэдэн мянган бээрийн хол Монголд байгаа тусалж дэмнэх хүн бүлгүй, өрх толгойлж үлдсэн эх юугаа олж мэдэх билээ дээ. Т.Золжаргал нөхрийнхөө үхлийн шалтгааныг яаралтай олохыг хүсч байгаа боловч туслах хүнгүйгээс гар мухардчихаад байгаа аж. Уг нь манай улсыг төлөөлж тус улсад ажиллаж байгаагийн хувьд Элчин сайдын яамны ажилтнууд эхнэрийнх нь өмнөөс энэ хэргийн араас хөөцөлдөж, учрыг нь олох ёстой баймаар.

 Ер нь тус улсын цагаачлалын албаны ажилтнууд манай иргэдэд их дээрэнгүй ханддаг гэж монголчууд ярьдаг юм билээ.  Уг нь амьдрахын эрхээр хүний нутагт боолын хөдөлмөр эрхэлж яваа монголчуудаа төр засаг нь өмгөөлж хамгаалдаг бол тэд ингэж дээрэлхэхгүй л байсан байх. Х.Амарсанаа Өмнөд Солонгост “хар”-аар ажиллаж байгаад цагаачлалын албаныханд баригдсан. Гэхдээ “хар”-аар ажиллаж байсан гэдэг нь хүний нутагт нохойн үхлээр үхэх шалтгаан биш. Монгол хүн ч бай солонгос хүн ч бай эрдэнэт хүний амь нас хаа ч үнэгүйдэх ёсгүй.

Хоёр хоногийн өмнө ажлын байрандаа зодуулж хүнд бэртэл авсан залуугийн хувьд нүүр болон биеийн бусад хэсэгтээ 20 гаруй оёдол тавиулсан гэх мэдээлэл байгаа юм. ЭСЯ-ны ажилтнууд энэ хэргийн талаар мөн л ямар нэгэн мэдээлэлгүй байна. Өмнөд Солонгост  ажиллаж амьдарч байгаа монголчууд “Манай улсын ЭСЯ бидний асуудлыг шийдвэрлэхэд хангалттай туслалцаа үзүүлдэггүй” гэдэг юм билээ.

 “…Амьдрал хөөж би нутгаасаа гарсан юм
Аргагүй л ажил гололгүй хийсэн юм
Зоосний нүхээр хорвоог хараагүй

Зорьсоноо бүтээх гэж зогсолтгүй зүтгэсэн юм…” хэмээн “Харанга”-ын Лхагваа дуулдаг шиг олон сайхан залуу хүний дайтай сайхан амьдрах зорилго өвөртлөн эх нутгаасаа нулимстай мордсон. Тэд бүгд “Эргэж очоод нутагтаа үүрд амьдарна” хэмээн сэтгэлдээ дуулж, ирээдүйн сайхан амьдралын төлөө морь, нохой мэт зүтгэж яваа. Тэд Монголын төр засгаас юу ч хүсээгүй. Зөвхөн өөрсдийн бор зүрхээрээ ажиллаж амьдарч байна. Гэхдээ хүний нутагт байгаа тэдэнд төрийн хайр хишиг биш юм гэхэд халамж анхаарал нь үгүйлэгдэж байна.

Н.САНЖААСҮРЭН
Эх сурвалж: УЛС ТӨРИЙН ТОЙМ сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж