
Тун саяхан БНСУ-ын томоохон хүнс үйлдвэрлэгчийн нэг болох “Нунгшим” компанийн бэлэн гоймонгуудаас хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц хортой бодис илэрснийг Өмнөд Солонгос дахь монголчуудын сайтад мэдээлсэн байна. Өнгөрсөн зун, зургадугаар сард хийсэн шалгалтаар дээрх зөрчил илэрч, нэн даруй зөрчлийг арилгах арга хэмжээ авах шаардлага хүргүүлсэн ч компанийн зүгээс өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ аваагүй ажээ. Иймээс хэрэглэгчдэд анхааруулан сануулах үүднээс БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар өчигдрөөс эхлэн цацаж эхэлжээ. Халуун усанд хийсэн даруйд идэхэд бэлэн болдог “инстант” гэгдэх бүх төрлийн бэлэн гоймонг Цельсийн 350-400 градусын өндөр халуунд чанаж үйлдвэрлэдэг байна. Ингэж бэлтгэх явцад гоймонд хүний биед хорт хавдар үүсгэгч “Benzopyrene” хэмээх бодис үүсдэг болохыг илрүүлжээ. Нэг кг бэлэн гоймон тутамд 2,0-4,7 микрограмм “Benzopyrene” бодис агуулагддаг юм байна. Энэ нь хэвийн хэмжээнээс 3-7 дахин их болохыг сайтын мэдээнд анхааруулжээ.