Нүдээ олсон томилгоонууд

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Нүдээ олсон томилгоонууд

Үгүй ээ энэ төрийн удирдлагуудын толгой нь одоо л зөв ажиллаж эхэлж байх чинь. Бас их хүний нөөц­ийн зөв менежменттэй болжээ. Тэдний нүдээ олсон томилгоонууд үүнийг нотлов. Төрийн гэх тодотголтой зарим байгууллагын удирдлагуудыг ёстой хужрыг нь олж томилж байна. Цагтаа өвлийн тэсгэм 40 хэмийн хүйтэнд ч, хаврын шар шороонд дунд ч тэр чанга дуугарагчаар улаан хоолойгоо нарийстал орилж, ард түмнийхээ төлөө үнэнч явсан нэг залууг хамгийн зөв ажилд нь тохоосон. Түүнийг О.Магнай гэдэг. Ард түмний заргач гэдэг цол хэргэм ч бий, түүнд. Өнөөдөр О.Магнай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрыг тэрбээр удирдахаар болсон юм. Тэгээд ёстой л заргач шиг заргач хийж, ард түмнээс өндөр үнэлгээ аваад байгаа.  Тухайлбал, өнөөх үүрэн телефоны операторууд гэх компаниудыг чангалж, минутаар ярьдаг байсныг секун­дээр тооцдог болгохоор шаард­лага гаргалаа. Эл ажлынх нь үр дүнгээр бид ирэх оны гуравдугаар сараас эхлээд гар утсаараа ярихад секундээр тооцуулдаг болно.

Нүдээ олсон өөр нэг томилгоог саяхан нийслэлийн удирдлагууд хий­жээ. Саяын нэр дурьдсан О.Магнай шиг шударга гар. Түүнийг Г.Арслан гэдэг. Энэ хижээл насны эрийг Шударга иргэдийн фронтын тэргүүн, “тэмцэгч” гэдгээр нь олон түмэн мэднэ. Социолизмын үед хөл дардаг байсан ч одоо эл хуль болсон Улсын төв усан бассейны захирлаар түүнийг томилжээ. Үүнийг маш зөв шийдвэр болсон гэж онцлоод байгаагийн шалтгаан нь тэрбээр Монгол Улсын төдийгүй, Холбооны бүгд найрамдах Герман улсын усан спортын мастер гэдэгтэй холбоотой. Усан спортын тогоонд насаараа чанагдаж яваа нэгэн. Бүр өдгөө 53 насанд хүрэхдээ өнгөрсөн жилийн УАШТ-ээс хоёр алтан медаль авчээ. Тиймээс мөдгүй дампуурч, нурах дөхсөн “Төв бассейны үйл ажиллагааг хөл дээр нь босгох хүн” хэмээн итгэснийх аж. Түүнийг өмнө нь хотын мэр асан улаан хацарт  Ц.Батбаяр Төв бассейны орлогч захирал болгоно гэж молигдож байжээ. Тэр үед л ядаж орлогч болгочихсон байсан бол Г.Арслан Төв бассейныг 50 сая төгрөгийн засвар хийх хэмжээнд хүргэхгүй л байв. Усан спортын мастерын усан бассейны дарга болж, улсын тэргүүний заргачийг ШӨХТГ-ын тэргүүн болгов. Гоё шүү.

Л.БААТАРХҮҮ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж