Өнгөрсөн сард Ливийн Бенгази хот дахь Америкийн Элчин сайдын яам руу их зөнч Мухаммедийг доромжилсон гэх киног эсэргүүцсэн хүмүүс дайрах үеэр халдлага гарч, Элчин сайд болон өөр гурван ажилтан амь үрэгдсэн билээ. Энэ хэргийг АНУ-ын “FBI” буюу “Холбооны Мөрдөх Товчоо”-ноос мөрдөн шалгаж байгаа юм. Мөн тэд энэ хэрэгтэй холбогдуулан Тунисийн хоёр иргэнийг Турк улсад баривчилаад байсан. Түүнчлэн энэ халдлагад сэжиглэгдээд байсан өөр нэг хүн өчигдөр Египетийн нийслэл Каир хотод амь үрэгдсэн байна. Тус сэжигтэн өчигдөр өглөө Каирийн Мадинет Насер гудамжны нэгэн байранд аюулаас хамгаалахын цэргүүдийн бүслэлтэнд орсон байсан бөгөөд тэдний хооронд хэдэн цаг буудалцаан болжээ. Энэ үеэр тэрээр цэргүүд рүү гар бөмбөг шидсэн боловч гар бөмбөг өөр рүү буцан ойж, дэлбэрсэн байна. Дараа нь цэргийнхэн байр руу орж, түүний шатсан цогцосыг олсон ба түүний хажууд олон тооны зэвсэг хэрэгсэл байжээ. Мөн сэжигтэнг амь үрэгдэх үеэр тус байранд байсан оршин суугчдыг аврах албаныхан галын шат ашиглан аварсан байна. Египетийн албаныхан тэрхүү сэжигтэнг “Хазем” гэдгээс өөр мэдээлэл хийгээгүй байна. Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээлсэнээр тэрээр Египетийн нутаг дэвсгэрт харъяалагддаг Синайн хойг руу зугтах гэж байсан аж.
Б.АНХТУЯА