Хувь хишгийг гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх хэлбэрээр олгоно

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Хувь хишгийг гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх хэлбэрээр олгоно

“Засгийн газар байгалийн баялгаас
ард иргэдэд хувь хишиг хүртээхдээ гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх
хэлбэрээр олгох бодлого баримталж байгаа” гэж Монгол Улсын Ерөнхий сайд
С.Батболд “Гэр бүл ба эмэгтэйчүүд” дугуй ширээний ярилцлагыг нээж
хэлэхдээ онцоллоо.

Монгол Улсын Жендэрийн тэгш байдлын Үндэсний
хороо, Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан,
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр олон улсын гэр бүлийн өдрийг
тохиолдуулан зохион байгуулсан энэхүү уулзалт Төр Засгийн үйлчилгээний
“Элит” төвд 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдөр  болж, Засгийн газрын
гишүүд, гэр бүлийн асуудлаар судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид, энэ
чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл
оролцов.

 Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн Тэгш байдлын
Үндэсний хорооны дарга С.Батболд “Гэр бүл нь хүний амьдралын анхдагч
орчин, хүн бүхний хамгийн ойр асуудал. Тийм ч учраас Ерөнхий сайд болоод
УИХ-ын чуулганд хэлсэн анхныхаа үгэнд гэр бүлд чиглэсэн бодлогод онцгой
анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Гэр бүлийн бодлогыг хүний хөгжилтэй
холбох цаг ирсэн. Төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдэд зайлшгүй
тодотгол хийх хэрэгтэй болоод байна. Энэ зорилгоор Засгийн газар,
УИХ-аас “Хүний хөгжлийн сангийн хууль”-ийг дэмжсэн нь гэр бүлээр
дамжуулан хүний хөгжлийг дэмжих, өрхийн амьжиргааг дээшлүүлэх, эрүүл
мэнд, боловсрол, даатгалын үйлчилгээг боловсронгуй болгох нөхцөл
боломжийг өргөжүүлж байгаа” гэсэн юм.

Мөн тэрбээр гэр бүлийн
боловсролын шинэлэг ойлголтыг төлөвшүүлэхэд иргэний байгууллагууд тэр
дундаа эмэгтэйчүүд, гэр бүл, жендэрийн тэгш эрхийн чиглэлээр ажилладаг
төрийн бус байгууллагууд онцгой үүрэгтэйг дурдаад “Эмэгтэйчүүдэд оруулж
буй аливаа хөрөнгө оруулалтаар дамжин гэр бүл, үр хүүхдүүд,  монгол
хүний хөгжил, улс орны хувь заяа шийдвэрлэгдэнэ” гэлээ.
Дугуй
ширээний ярилцлагад оролцогчид “Хүний хөгжил ба гэр бүлийн бодлого”,
“Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал”, “Гэр бүлийн хүчирхийлэл”, “Гэр
бүл ба эмэгтэйчүүд” зэрэг илтгэл сонсож, асуулт хариулт өрнүүллээ. Тэд
гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдэд гэр бүлийн
хөгжлийн асуудлаар хангалттай олон зорилт тусгагдсан хэдий ч хэрэгжүүлэх
ажлыг зохион байгуулах төрийн бүтэц үндсэндээ бүрдээгүй, гэр бүлийг
хөгжүүлэх чадавхижуулах чиглэлээр тусгагдсан асуудлуудыг хэрэгжүүлэх
эдийн засгийн баталгаа байхгүй байна гэдэгт санал нэгдэж, төр засагт
хандан зөвлөмж гаргахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн
албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж