Паркийн хаалга байнга нээлттэй болно

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Паркийн хаалга байнга нээлттэй болно

Тун
удахгүй нийслэлийн хүүхэд, залуус жилийн турш ажилладаг парктай болох
тухай таатай мэдээ сонсогдлоо. Хүүхдийн баяр, зургадугаар сарын 1-нд л
үүд хаалгаа нээж, зуны гурван сар өнгөрмөгц хамхин ажин түжин болдог
парк жилийн дөрвөн улирлын турш үйл ажиллагаатай болох нь ээ. Хаврын
урь, зуны цэцэг, намрын шаргал нар, өвлийн цас мөс гээд аль ч үед хүүхэд
залуус парктаа тоглож, зугаалах цаг холгүй болсныг Монгол Улсын
Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өчигдөр болсон нээлттэй
хэлэлцүүлгийн үеэр Паркийн удирдлага мэдээллээ. Хүүхэд, залуус ч гэлтгүй
бүх насныхан ирж амрах боломжоор хангах аж. Хүйтний улиралд гадаа бус
дотор амарч тоглох нөхцөлөөр хангах юм байна.

Уг нь
хэлэлцүүлгийг анх зарласан сэдэв арай өөр утгатай байсан юм. Монголын
залуучуудын холбооноос “Паркаа аваръя” гэсэн нэгдсэн хөдөлгөөн өрнүүлж,
уг арга хэмжээний хүрээнд Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг явуулсан
нь энэ. Залуучуудын холбооныхон хэлэлцүүлгээрээ Хүүхдийн парк буюу
Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн газар хэний мэдэлд байгаа болон
хувийн компаниудад олгосон газрыг буцаан авах тухай сэдэв хөндсөн юм.
Хэлэлцүүлэгт НИТХ, Нийслэлийн газрын алба, MCS,  Сөүл групп, Бодь
группын төлөөлөл оролцлоо.

Хэдэн жилийн өмнөөс Японы “Иточу”
корппорациас  Монголд “Disney land” байгуулах тухай амласан. Харин одоо
тэр газар нь хувийн компаниудын мэдэлд оржээ гэсэн мессежийг Монголын
залуучуудын холбооноос тарааж, нийслэлийн ИТХ дээр ч энэ талаар хэлэлцэж
байв. Өнөөдөр болсон хэлэлцүүлгийн үеэр Залуучуудын холбооныхон
Үндэсний соёл, амралтын хүрээлэн тохижилт нэрийн дор үндсэн газраа
хувийн компаниудад алдаж, алга дарам газар дээр л паркийн үйл ажиллагаа
явж байна гэсэн өнцгөөс асуудлыг тавив. Тэд паркийн газрыг чөлөөлөх л юм
бол парк аврагдана гэсэн байр суурьтай байсан юм. Харин паркийн газрыг
хүч түрэн авсан гэх “хардлага дор” байгаа компаниудын хувьд
төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн  тохижилтын ажил хийж байгаа гэдгээ
тайлбарлалаа.  

Паркийн удирдлага ч Үндэсний соёл, амралтын
хүрээлэнгийн нутаг дэвсгэр дээр  хэсэгчилсэн хуваариар тохижилт хийж
байгааг тайлбарласан юм. Нэг их удалгүй тохижилт хийж буй хэсэгт жилийн
дөрвөн улиралд тасралтгүй ажилладаг дотоод парк ашиглалтад орно гэсэн
мэдээг дуулгаснаар хэлэлцүүлэг өндөрлөв.

Энэ үеэр хэлэлцүүлэгт
оролцсон талууд мэдээлэл хийлээ. Нийслэлийн хуучин удирдлагууд, газрын
албадын буруугаас үүссэн зөрчил байгааг ч нуусангүй. Нийслэлийн газрын
албаны дарга Батсайханы мэдээлснээр паркийн үндсэн талбай 35 га газар
эзэлдэг ажээ. Паркийн тоглоомуудын 90-95 хувийн ашиглалтын хугацаа 10-20
жилээр хэтэрсэн байжээ. Тиймээс Япон, Монголын талын хамтарсан хөрөнгө
оруулалтаар паркийг амралт, зугаалгын цогцолборын зориулалтаар
шинэчлэхээр болсон байна.

УИХ-ын гишүүн, Мон-Уран компанийн
захирал асан Б.Наранхүү “Бидний хувьд  хуулийн хүрээнд зөвшөөрөл авсан
нь батлагдсан. Паркад зөвхөн өөрийн үйл ажиллагаагаа явуулаад зогсохгүй
хөрөнгө оруулалт хийж, тоглоомуудыг шинэчилж, хүүхдүүдийг 10 жилийн турш
үнэгүй тоглуулах боломжоор хангах боломжтой. Хэрвээ намайг газраа
чөлөөлж өг гэвэл би хуулийн дагуу шударгаар нэг га газрыг чөлөөлөхөд
бэлэн байгаа. Тэгэхдээ шударгаар бусад байгууллагатай хамт  чөлөөлнө.
Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшил бизнесийн
салбарт бурууг өгч дайрахын оронд биднийг дэмжиж, орж ирсэн хөрөнгийг
зөв зарцуулахад анхаарах нь зөв” гэлээ.

Үндэсний соёл амралтын
хүрээлэнгийн захирал н.Батнягт “Одоогоор найман га газарт тохижуулалт
хийж, тоглоом суурилуулаад байна. Дахин дөрвөн га-д тохижуулалт хийж
байгаа. Дараагаар нь үлдсэн 13 га газарт тохижуулалт хийх юм. Гэхдээ
зөвхөн “хүүхдийн” гэсэн тодотголтой байсан  паркийг зөвхөн хүүхдэд биш,
бүх насныхан гэр бүлээрээ ирж амарч зугаалдаг газар болгох зорилготой
ажиллаж байна. Монгол орны хувьд хүйтэн сэрүүний улирал урт учраас
одоогоор  жилийн 100  хоногт л ажиллах боломжтой байгаа. Тиймээс 31 га
газрын үлдсэн 80 хувьд дотор парк, амрах, хооллох гэсэн цогц тохижуулалт
хийхээр төлөвлөгдөөд байгаа. Энэ нь жилийн дөрвөн улиралд паркаар
үйлчлүүлэх боломж нээгдэж байгаа хэрэг.

Тэрнээс биш одоо
баригдаад байгаа хашааны хэмжээгээр ярьж болохгүй. Үлдсэн хөрөнгө
оруулалтыг хийсний дараа тохижуулалт хийнэ. Нийт 300-400 сая ам.долларын
хөрөнгө оруулалт хийж байгаа. Тиймээс биднийг газрыг эзэмшилдээ аваад,
барилга барьж байна гэдэг хардлагын үүднээсээ биш Улаанбаатар хотдоо
томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийж, хүүхдийн паркийг
шинэчилж засч байна гэдэг талаас нь ойлгож харах хэрэгтэй.  Одоогоор хот
доторх хамгийн тохижилт сайтай газар парк байгаа. Биднийг газар зарах
гэж байна гэж хардаж болохгүй. Учир нь газар олгох эрх нь  хуулийн дагуу
зөвхөн Газрын албанд бий. Паркийг тохижуулж байгаа бидэнд тийм эрх
мэдэл байхгүй” гэлээ. 

MCS компанийн төлөөлөгч н.Даваа-Очирын
хэлснээр бол анхлан  Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 
түүхэн цогцолборт газар барих тендэр зарлажээ. Энэ хүрээнд тус компани
тендэрт оролцон, таван одтой зочид буудал барих зөвшөөрөл авсан аж.
Гэхдээ дэлхийн жишигт нийцсэн таван одтой зочид буудал барихад 0,5 га
газар хүрэлцэхгүй байсан учир нэмж гурван га газраар өргөжүүлжээ. Зочид
буудлын нэгээс таван давхарт кино театр, усан бассейн, үндэсний урлагийн
танхим зэрэг хүүхэд залуус, ард иргэдэд чиглэсэн газруудыг барихаар
төлөвлөжээ. Хэрийн хүн орж болохгүй өндөр зэрэглэлийн зочид буудал барьж
байгаа хэрэг биш гэдгийг хэллээ. Монголд гадны урлаг, соёл, улс төрийн
өндөр хэмжээний төлөөлөгчид ирэхэд  байрлуулах таван одтой зочид буудал
байдаггүй. Тиймээс  газар эзэмшсэн гэдэг талаас нь бус, бүтээн
байгуулалт гэдэг талаас нь үүнд хандах хэрэгтэй гэж байлаа.

Хэлэлцүүлгийг
санаачилсан  Монголын Залуучуудын холбоохон паркийн газрыг анх байсан
35 га газраар нь хэвээр үлдээх, тэгэхдээ тэнд барилга барьж байгаа
компаниуд газраа чөлөөлж байж парк хүүхдийнх хэвээрээ үлдэнэ гэж  үзэж
байгаагаа  илэрхийллээ.

“Бодь” группын өнөөдөр хийж буй
тохижилтийн ажлын зогсоовол Монгол Улс ийм хэмжээний хөрөнгийг төсвөөс
гаргаж чадахгүй.  Мөн дахиж ийм хэмжээний гадны хөрөнгө оруулалтыг
хаанаас олох вэ гэх зэрэг олон асуудал тулгарна.  Мөн паркийн өнөөдрийн
тохижилтын ажлыг зогсоовол хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэдэг асуудал
гарч ирнэ. Тиймээс паркийн тохижилтын ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Нийт 31
га газар бүхлээрээ Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн мэдэлд байгаа 
гэдгийг ойлголцсноор хэлэлцүүлэг өндөрлөлөө.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж