Төрийн өмчит компаниудын ТУЗ-д иргэний нийгмийн төлөөллийг оролцуулна

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Төрийн өмчит компаниудын ТУЗ-д иргэний нийгмийн төлөөллийг оролцуулна

Төрийн өмчит аж ахуйн нэгж,
байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлд иргэний нийгмийн байгууллага,
мэргэжлийн холбоод, эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн, чадвартай хүмүүсийг
оруулахыг Ерөнхий сайд С.Батболд үүрэг болгов. 

Тэрээр өнөөдөр
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарыг хүлээн авч уулзсан байна.
Төрийн
өмчит аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа хаалттай, эрх мэдэлтэй
хүмүүс бараа, бүтээгдэхүүн шахдаг гэсэн шүүмжлэл иргэдийн дунд их 
байгааг Ерөнхий сайд анхааралдаа авч засаглалыг нь сайжруулж,
боловсронгуй болгох, үр ашгийг нь дээшлүүлэх, ил тод байдлыг нь хангаж,
ойлгомжтой байлгахын тулд ийм шийд гаргажээ.

Хөрөнгийн зах
зээлийг хөгжүүлэх Засгийн газрын зорилтын хамгийн гол хэсэг нь төрийн
өмчит аж ахуйн нэгж, байгууллагын ажлыг сайжруулах учир байгууллага
бүрийг веб сайттай болгож эхэлсэн. Мөн Төлөөлөн удирдах зөвлөлд нь
хараат бус гишүүний тоог нэмэх чиглэл баримталж байгааг Төрийн өмчийн
хорооны дарга Д.Сугар Ерөнхий сайдад танилцууллаа.

Өгсөн
удирдамж, чиглэлийн дагуу Төрийн өмчийн хороо журмаа боловсруулан эхнээс
нь ажил хэрэг болгож байгааг Ерөнхий сайд үнэлсэн байна.  Тэрээр төрийн
өмчит аж ахуйн нэгж, байгууллага бусдад үлгэр дууриал үзүүлсэн,
тэргүүний байх ёстой гээд төлөвлөснөө эхний хагас жилд багтаан
хэрэгжүүлж олон нийтэд мэдээлэхийг үүрэг болгов гэж Засгийн газрын
Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж