Өөр хэмнэл үргэлжлэх үү?

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Өөр хэмнэл үргэлжлэх үү?

Нийслэлийн иргэдийн алхам бүрт тулгарч буй автозамын түгжрэл гэгч бэрхшээлийг бага ч болов нимгэлэхээр цогц арга хэмжээ авч, хэрэгжүүлсэн. Наймдугаар сарын 25-наас эхлээд туршилтын журмаар хоёр сарын хугацаанд туршсан “өөр хэмнэл” цаашид үргэлжлэх эсэхийг өнөөдөр шийднэ.

“Өөр хэмнэл” гэдэг нь хамгийн энгийнээр бол түгжрэл багатай автозам. Хотын төв замаар, тодруулбал, Зүүн дөрвөн замаас 25-р эмийн сан хүртэлх автозамын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчиж, автомашинууд улсын дугаарын сүүлчийн цифрээс хамааран ажлын нэг өдөр “зогсч”, томоохон худалдааны төв, зарим их, дээд сургуулийн цагийн хуваарийг өөрчилсөн нь их хотын иргэдийн замын түгжрэлд өнгөрүүлэх цаг хугацааг багасгаж чадсан. Иргэдийн амьдралд бодитоор мэдрэгдэж буй замын хөдөлгөөний ачаалал багассан талаарх албан ёсны тоо баримт ч бий. Тодруулбал, нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд замын түгжрэл 20-30 хувиар буурчээ.

Тэгвэл, дээр дурдсан арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх эсэхийг өнөөдөр хуралдах НИТХ-аар шийдэх юм байна. Өмнө нь даваа гаригт тус зөвлөл шуурхай хуралдаж, энэ асуудлыг хэлэлцэн цогц арга хэмжээг үргэлжлүүлэх эсэхийг өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэхээр болсон билээ. Хоёр сарын хугацаанд авч хэрэгжүүлсэн цогц арга хэмжээний хэрэгжилтийн талаар толилуулъя.

Нийтийн тээврийн хэрэгслээр иргэдийн 75 хувь нь зорчиж байна

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийтийн тээврийн хэрэгслийг автозамын нэгдүгээр эгнээгээр явуулсантай холбогдуулан Зүүн дөрвөн замаас Саппорогийн тойрог хооронд хөдөлгөөнд зарцуулах хугацаа дунджаар хоёр дахин багассан байна. Мөн нийтийн тээврээр зорчигчдын тоо 12,5 хувиар нэмэгдэж, өдөр тутам дунджаар нийт иргэдийн 75 гаруй хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлсэн гэх дүгнэлт гарсан байна. Нийт иргэдийн 75 хувь автобусаар үйлчлүүлж байна гэдэг бол чамлахааргүй амжилт. Нэгдүгээр эгнээнд такси “баригдахгүй”, арайхийж олсон ч мөлхөөд явж өгөхгүй тул иргэд нийтийн тээврийг сонгох нь ч зөв биз. Чихэлдэж, зүүгдэх нь бага зэрэг төвөгтэй ч цаг хугацаа, мөнгийг хэмнэж байгаа болохоор иргэд өөрийн эрхгүй нийтийн тээврийг сонгож байгаа юм. Нийслэлийн Засаг даргын барилга хот байгуулалт дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж хэвшсэний дүнд хотын замын хөдөлгөөний ачаалал ажлын өдрүүдэд 20 хувиар буурсан. Тиймээс цаашид Энхтайвны өргөн чөлөөний дагуу зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийг явуулах,  нэгдүгээр эгнээгээр зочих хэсгийн уртыг Таван шараас Офицеруудын ордон хүртэл болгож уртасгах шаардлагатай байгаа” гэсэн. Энэхүү саналыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд ч дэмжиж байсан. Мөн анхаарал татсан нэг асуудал бол хотын төвөөс бусад хэсгийн гурван эгнээтэй замуудын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт чөлөөлж өгөх хэрэгтэй гэх санал дэмжигдсэн юм.

Сургуулийн автобустай болсноор…

Ерөнхий болосролын сургуулийн бага ангийн сурагчдыг тоноглолтой автобусаар нэгдсэн байдлаар тээвэрлэх ажлыг хэрэгжүүлсэнээр замын хөдөлгөөний ачааллыг багасгаж, осол гарах нөхцлийг бууруулж эхэлсэн байна. Тодруулбал хотын төвд байрлалтай ерөнхий боловсролын 28 дунд сургуулийн 2722 сурагчийг хүүхдийн автобусаар тээвэрлэснээр мөн тооны хувийн автомашнаар зорчих зорчилтыг бууруулсан аж. Нийслэлийн Боловсролын газраас цаашид сургуулийн автобусны тоог нэмэгдүүлэх, хотын захын дунд сургуулиудыг сургуулийн автобустай болгох асуудлаар төсөл боловсруулж, ажиллаж эхэлсэн гэнэ.

Захуудын цагийн хуваарийг өөрчлөхгүй

Иргэдийн ажил эхлэх, тарах цагтай томоохон худалдааны төвүүдийн цагийн хуваарь давхцаж байснаас замын түгжрэл, осол, зөрчил бол жирийн үзэгдэл болоод байсан. Энэ асуудалд цэг тавих үүднээс томоохон зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарьт бага зэрэг өөрчлөлт оруулсан юм. Харин захуудын түрээслэгчид, удирдлагуудын зүгээс цагийн хуваарийн өөрчлөлтийг хэвээр үлдээх хүсэлтийг НЗДТГ-т ирүүлсэн байна. Тиймээс Нийслэлийн Удирдах зөвлөлийн гишүүд энэ өөрчлөлтөд шийдвэрт бараг өөрчлөлт орохгүй гэцгээж байв.

Жолоочид өөрийнхөө машины дугаараар хөдөлгөөнд оролцдоггүй өдрөөр ажлаа зохицуулааад хэвшсэн байна. Хэдийгээр өдөрт нийт автомашины 20 орчим хувь нь хөдөлгөөнд оролцохгүй байгаа ч өнгөрсөн хоёр сарын хугацаанд 3000 орчим машин хөдөлгөөнд шинээр нэмэгдсэн нь ачааллыг бууруулахад саад болж байгаа гэнэ. Нэг өдөрт л 100-150 машин шинээр дугаар авч, түгжрэл гэх их айлд гишүүн болж байгаа тул дугаарлалтаар хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг цаашид үргэлжүүлэх нь зүйтэй юм. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд улсын дугаар сольж, хөдөлгөөнд оролцсон 42 тохиолдлыг илрүүлжээ. Зургаан жолоочийн эрхийг хасч, 22-ыг нь 440 мянгаар торгож үлдсэн 12-ыг шалгаж байгаа аж. Хөдөлгөөнд 123 дугааргүй автомашин хөдөлгөөнд оролцсоноос 15-ыг шалгаж байгаа бол үлдсэнд нь 1.745 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж