Хөгжлийг дэмжих мэргэшсэн хяналт

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Хөгжлийг дэмжих мэргэшсэн хяналт

Манай улсын хяналтын салбар өнөөдөр ямар түвшинд байгааг тодорхойлоход төвөгтэй. Гэхдээ л хяналтын салбар нийгэмд үйлчлэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа гэдэгтэй олон хүн санал нийлэх буйзаа.

Чиг үүргийн талаас нь авч үзвэл хяналтын салбар нь 1) иргэдийн аюулгүй орчны баталгааг хангах, 2) эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварыг дэмжих гэсэн үндсэн хоёр чиг үүрэгтэй. Энэ нь тогтвортой хөгжлийн суурь хүчин зүйл болдгийн хувьд урт хугацааны хөгжлийн бодлогын салшгүй хэсэг мөн.

Үйлдвэрлэн гаргаж байгаа бараа, үйлчилгээ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах баталгааг хангах зарчимд үндэслэж бий болгосон хяналтын механизм нь амьдралын чанарыг сайжруулахад томоохон түлхэц өгдөг. Гэвч хяналтын эдгээр чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэх нь амаргүй ажил бөгөөд оролцогч талуудын ойлголцол, итгэлцэлд үндэслэсэн хяналтын механизмыг бий болгож гэмээ нь амжилтанд хүрч чадна.

Оролцогч талуудыг нэг талаас бараа үйлчилгээг бий болгогчид, тэднийг төлөөлдөг байгууллагууд болох мэргэжлийн холбоод, нөгөө талаас бүх нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн байгууллага болох төр, нийгэмд тустай үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан авч үзэж болно. Бараа үйлчилгээг бий болгогчид нь богино хугацаанд авч үзвэл эдийн засгийн үр ашиг, ашигт ажиллагаагаа чухалчлан үзэх хандлагатай байдаг. Энэхүү шалтгааны улмаас бизнесийн байгууллагууд болон тэдгээрийн бий болгосон сонирхлын бүлгийн явцуу эрх ашиг нь эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах баталгааг бий болгох бүх нийтийн сонирхолтой зөрчилдөх хандлагатай байна. Ийм үед хяналтын чиг үүргийг бүх нийтийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй төрийн оролцоо, түүний албадлагын арга хэрэгслийг ашиглахаас өөр аргагүй болдог. Гэхдээ урт хугацаанд авч үзвэл ихэнх тогтвортой бизнесийн байгууллагуудын олон нийтийн өмнө хүлээх хариуцлага нэмэгдэж байдгийг тэмдэглэх хэрэгтэй.

Бүх нийтийн аюулгүй орчны эрх ашгийг хамгаалах үүднээс бий болсон төрийн оролцоог оновчтой тодорхойлон зайлшгүй нөхцөлд үндэслэн явуулдаг зарчмыг мөрдлөг болгоогүй тохиолдол бүрт төрийн хүнд сурталыг бий болгож, улмаар эрхээ хэтрүүлэн, төрийн нэрийг барин ашиг хонжоо хайх боломжийг олгодог. Энэ нь бизнесийн өрсөлдөөний орчныг тодорхойгүй болгож, аажимдаа бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг сулруулдаг ба улмаар хөрөнгө оруулах сонирхлыг бууруулж, урт хугацаанд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх уршигтай.

Өнөөгийн бага орлоготой, хөгжлийн түвшин доогуур байгаа олон улс орон хөрөнгө оруулалт татах чадамжгүй байгаа нь бизнесийн орчны чанартай шууд холбоотойг олж үзэж болно. Ийм нөхцөлд гадаад улс орноос капитал татах боломж хумигдаж, танил тал, авилгад суурилсан бизнесийн харилцаа өргөжих бөгөөд энэ нь улс орныхөгжилд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй.

Тийм ч учраас хяналтын салбар нь зүй ёсны, зайлшгүй зарчимд үндэслэгдэн хөгжсөн улс орнуудад заавал мөрдөх наад захын хэм хэмжээ, стандартуудыг бий болгох, түүнийг хэрэгжүүлэх арга механизм, процедурыг тодорхой болгон олон нийтийн оролцоог хангах чиглэлд онцгой анхаардаг байна.

Хяналтын салбарын чиг үүргийн хөгжлийн түүхэн үйл явцыг авч үзвэл төрийн оролцооноос аль болох татгалзаж мэргэжлийн хүрээнд шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж иржээ. Зах зээлийн эдийн засаг хөгжсөн улс орнуудад хяналтын салбар нь жам ёсны шаардлагад үндэслэн бий болсон байдаг тул шаардлагатай гэж үзсэн тохиолдолд төрийн оролцоог хүлээн зөвшөөрдөг ба хувийн хэвшлийнхэн, түүний төлөөллийн байгууллагуудын сонирхол, өрсөлдөөний зарчимд үндэслэсэн хяналтын тогтолцоог илүү өргөн хүрээнд ашигладаг.

Харин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн систем хэрэгжиж байсан улс орнуудад бүх түвшин дэх хяналтын чиг үүргийг төр хэрэгжүүлж ирсэн ба зүүн европын орнууд шинэ мянганы эхнээс өргөн хүрээтэй шинэтгэлийг хийж эхэлсэн байна.Төрд төвлөрсөн хяналтын системээс оролцогч талуудын оролцоонд суурилсан мэргэшсэн хяналтын тогтолцоог бий болгох шинэчлэлийг хийхдээ бүрэн эрх (mandate) ба хэрэгжүүлэх шатанд гардаг алдааг залруулахад чиглэгдсэн дотоод хяналтын системийг боловсронгуй болгоход ихээхэн анхаарсан байна.

Зүүн европын хяналтын салбарын шинэчлэлийн давалгаа Латви, Хорват, Армени, Румын, Польш, Узбекстан, Гүрж зэрэг улс оронд идэвхитэй өрнөж тодорхой амжилтанд хүрч чаджээ.

Социалист системийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системд бүрэлдэн тогтсон төрийн хяналтын механизм зах зээлийн эдийн засгийн орчин дахь ашгийн үзэл баримтлал бүхий бараа үйлчилгээ үйлдвэрлэгчидтэй нүүр тулсан эдгээр орнуудад хяналтын салбар нь манай улсад байгаа шиг бизнесийн тодорхой бүлгийн сонирхлыг хамгаалсан, давуу тал олгох, айлган сүрдүүлэх замаар авилга авах нөхцлийг бүрдүүлж байсан нь түүхэн замналаас нь тодорхой харагдана. Эдний дундаас хяналтын салбарын шинэчлэлийг амжилттай хийж, үр дүнд хүрч чадсан улсаар Латви, Гүрж зэрэг орнуудыг нэрлэж сайн туршлагаас нь суралцаж байна.

Харин манай улс хяналтын салбарын суурь шинэчлэлийг хэлбэрийн төдийд хүлээн авч төвлөрсөн байгууллага байгуулан төрийн эрх мэдлийг хадгалж үлдсэнээр өндөрлөсөн ба түүний үр дүнг нь ажлын байран дахь осол, гэмтлийн тоо, зах зээл дээрх чанаргүй бараа зэргээс харж болох юм. Кран унаж хүн дарагдсан, барилга байшин шатсан, нурсан тохиолдол бүрт оператор, жолооч хариуцлага хүлээдэг жишгээс олон дүгнэлтийг хийж болно. Өдгөө нүдэнд ил харагдахгүй байгаа ч төрийн мөнгөөр захиалан хийлгэсэн эсвэл хувийн хэвшлийн худалдан авч байгаа эсэхээс үл хамааран зөвхөн нэг удаагийн ашиг зорилгоор үндсэн хийцээс хэмнэсэн, даацын норм, нормативыг зөрсөн олон барилга байгууламж боссон нь аюулгүй орчны үүднээс авч үзвэл айдас төрүүлэм дүр зургийг бий болгоод байгаа билээ.

Өнөөдөр манай улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 430 гаруй хууль байгаагийн 130 орчимд нь мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавихаар хуульчлагдсан. Үүний дээр мэргэжлийн хяналтын байгууллагын шууд хэрэгжүүлэх үүрэг бүхий олон улсын конвенц 58, хууль 94, УИХ-ын тогтоол 289, сайдын тушаал 456, мэргэжлийн хяналтын газрын журам, аргачлал 2, стандарт 97 байдаг(МХЕГ 2011, хандалт 20.10.2012, <http://inspection.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=37&Itemid=51>)байна .

Өнөөдөр бидэнд ижил төстэй нөхцөлд хийсэн реформын алдаа оноо, сайн туршлагаас суралцаж, өөрийн орны онцлог, эрх зүйн орчинд тулгуурлан шинэчлэл хийх өргөн боломж байгааг тэмдэглэх хэрэгтэй.

Манай улс хяналтын тогтолцооны төвлөрсөн бүтцийг бий болгосон. Дээрх шинэчлэл хийсэн орнуудаас Босни Герцеговин, Хорват зэрэг улсуудад төвлөрсөн бүтцийг сонгон авч хэрэгжүүлсэн ба өнөөгийн өндөрлөгөөс харвал сул талууд нь харьцангуй өндөр байна гэж дүгнэж болохоор байна. Мөн олон шатлалтай дахвар хяналт нь төсөвт төвлөрүүлсэн торгуулийн орлогоороо үйл ажиллагаагаа дүгнүүлдэг гаж тогтолцоотой ба өндөр хөгжилтэй орнуудад дунджаар жилд нийт бизнес эрхлэгчдийн 10 орчим хувь нь хяналтад хамрагддаг бол манай улсад 76%, Гүржид 31% (Олон Улсын Санхүүгийн Корпораци 2010, Мэргэжлийн хяналт шалгалт аж ахуй эрхлэгчдийн нүдээр,судалгааны тайлан, Улаанбаатар)байна. Мөн хяналт шалгалтын дотоод хяналтын систем байхгүйгээс байцаагчид үзэмжээр хандах хандлага хавтгайрсан, нөгөө талаас бизнесийн байгууллагууд ямар дүрэм журмын хүрээнд хяналт явуулах үүрэгтэйг мэддэггүй, хяналтын процедур тодорхойгүй, энэ талаарх мэдээлэл нээлттэй бус байдгаас үүдэн үйл ажиллагааг нь хаадаг, торгодог эрх мэдэлтэн мэтээр хүлээн авч албан бус байдлаар төлбөр төлөх, бүр зарим тохиолдолд бараа бүтээгдэхүүнээ үнэгүй өгөх, санал болгосон бүхнийг нь худалдан авах зэрэг хууль бус үйлдлүүд хавтгайрсан байна.

Шинэчлэлийг хэрхэн хийх вэ?


Мэргэжлийн хяналтыг сайжруулах, хөгжүүлэхийн тулд

  1. Институцийн шинэчлэл хийх
  2. Эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог хөгжүүлэх
  3. Төр хувийн хэвшлийн хэлэлцлийг (Public Private Dialogue) хөгжүүлэх гэсэн чиглэлүүдээр суурь шинэчлэл хийх шаардлагатай.

Шинэчлэлийг үе шатны талаас нь нэгдүгээрт эрх зүйн орчныг сайжруулах, хоёрдугаарт хяналтын байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, гуравдугаарт эрх шилжүүлэх гэсэн үе шатуудаар хуваан авч үзэж шинэтгэл хийх нь зүйтэй үр дүнтэй гэж үзэж байна.

Эхний үе шатанд Монгол улсад хэрэгжиж байгаа “Төрийн бус байгууллагын тухай хууль”-ийг боловсронгуй болгож мэргэжлийн холбоодын засаглах чадавхийг дээшлүүлэх, тэдгээрийн салбараа төлөөлөх чадамжийг бий болгох шаардлагатай. Төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодын эрх зүйн орчныг сайжруулсанаар бизнесийн байгууллагуудын өрсөлдөөний зарчимд үндэслэгдсэн ашиг сонирхлыг хяналтын чиг үүрэгт чиглүүлэх боломж бүрдэнэ. Мэргэжлийн холбоодын дотоод засаглал бэхжиж, үйл ажиллагаа нь ил тод болсоноор эдгээр байгууллагуудад мэргэжлийн хяналтын чиг үүрэг, түүний дотор процессийн хяналтыг шилжүүлэх боломж нээгдэх юм.

Мөн бусад холбогдох хууль тогтоомжуудын хяналт шалгалтын тухай зохицуулалтуудыг өөрчлөх замаар хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх сүбьектүүдийг тодорхой болгох шаардлага урган гарна. Энэ нь мэргэжлийн хяналтын салбарын шинэчлэлийн томоохон хэсэг болох институцын шинэчлэл бөгөөд өнөөгийн төрд байгаа хяналтын чиг үүргийг салбарын мэргэжлийн байгууллагууудад шилжүүлэхэд томоохон алхам болох юм.

Дараа нь эрхзүйн орчны шинэчлэлийг үргэлжлүүлэн мэргэжлийн холбоодод шилжүүлэх боломжтой чиг үүргүүдийг тодорхой болгон эрх шилжүүлэх байгууллагуудыг хөгжүүлэх шаардлагатай. Тухайн салбараа төлөөлөх чадвартай мэргэжлийн холбоодын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр олон улсын байгууллагуудыг татан оролцуулах, өнөөдөр мэргэжлийн хяналтын ерөнхий газарт байгаа хүний нөөц, төсвийн санхүүжилтийг шилжүүлэх арга хэмжээг системтэйгээр, тодорхой үе шаттайгаар авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

Зайлшгүй төрд байх шаардлагатай чиг үүргийг хэрэгжүүлэх сүбьектүүдийг тодорхойлж институци, шийдвэр гаргах эрх мэдэл, бүрэн эрхийг тодорхой болгох хэрэгтэй болно. Энд мөн дотоод хяналтын систем, хөндлөнгийн аудитыг бий болгох шаардлагыг авч үзэх ёстой.

Түүнчлэн энэ үе шатны чухал зорилт бол төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чиглэгдсэн өргөн хүрээтэй яриа хэлэлцэл (Public Private Dialogue), ажлуудыг зохион байгуулах нь амжилтын үндэс болно. Ялангуяа тодорхой стандарт, норм, норматив, дагаж мөрдөх журам, үйл ажиллагааны болон хяналтын процедурыг бий болгоход төр хувийн хэвшлийн хамтын хүчин чармайлтын чиглүүлэх, оролцогч талуудын ойлголцлын зөрүүг арилгах, итгэлцлийг бэхжүүлэх, (understanding and trust building)бизнесийн байгууллагуудыг тэнцвэртэй мэдээллээр хангах шаардлагатай. Үүнийг хийхдээ салбар бүрт заавал мөрдөх шаардлагатай дүрэм журмыг үндэслэсэн замын зураглал (road map) бий болгох, хяналт шалгалтын талаарх иж бүрэн мэдээлэл, лиценз тусгай зөвшөөрөл авах харилцааг хүний хүчин зүйлээс ангид электрон шийдлүүдийг (E-Solutions) бий болгох ёстой.

Эдгээрээс гадна хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийг үнэлэх замаар тодорхойлогдсон эрсдэлд суурилсан, төлөвлөгөөт хяналтыг бий болгох, бизнесийн байгууллагуудын хариуцлагын тогтолцоог дээшлүүлэх зэрэг үйл ажиллагаа ч чухал хэсэг нь юм.

Эдгээр өөрчлөлтүүдийг хийж дууссанаар хяналтын чиг үүргийг гүйцэтгэх жам ёсны сонирхол бүхий сүбьектүүд бий болох ба тэдгээрт хяналтын чиг үүргийг шилжүүлэх гурав дахь үе шатны ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Мэдээж хэрэг энэ үе шат нь шинэчлэлийн хамгийн эрсдэл ихтэй, алдаа дутагдал гарсан тохиолдолд олон нийтийн эсэргүүцэл бий болох магадлалтай хариуцлагатай үе шат байх болно. Тийм ч учраас оролцогч талууд, хөндлөнгийн экспертүүдийн оролцоотойэрх шилжүүлэх процессийг гардан гүйцэтгэх зорилго бүхий түр бүтцийг (commission)бий болгон ажилуулах зүй ёсны шаардлага урган гарна. Энэхүү байгууллага нь дүрэм журам, стандарт, норм, нормативийг мөрдүүлэхэд гарч буй бэрхшээл, түүнийг даван туулах арга замыг олоход талуудад туслах үүрэгтэй байх ба шаардлагатай тохиолдолд дүрэм журмыг өөрчлөх үндэслэлийг гаргаж өгөх ёстой.

Цаашид шинэчлэлийн процесс нь стандартуудыг бий болгоход мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах, тэдний санал дүгнэлтэнд үндэслэдэг болоход чиглэгдэж аюулгүй орчны баталгааг хангах, амьдралын чанарыг байнга дээшлүүлэх зүй тогтлыг бэхжүүлэхэд чиглэгдэх учиртай.

Шинэчлэлийн эдгээр үе шатыг хэрэгжүүлэхэд 3-5 жилийн хугацаа шаардагдах бөгөөд өнөөгийн УИХ-ын гишүүдийн олонхийн үзэл бодол, Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт тусгалаа олсон зорилтууд зэргээс үзвэл зоримог өөрчлөлт хийх улс төрийн нөхцөл бүрдсэн. Нөгөө талаас хяналтын салбарын алдаа завхарал олон нийтийн нүднээ ил болж, иргэдийн хандлага өөрчлөгдсөн зэрэг нь нийгмийн гишүүдийн олонхийг дэмжлэгийг авах бололцоогоор хангагджээ. Бид 2-3 жилийн хугацаанд шинэчлэлийн эхний хоёр үе шат болох эрх зүйн орчныг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх ажлыг гүйцэтгэж чадвал өнөөгийн мэргэжлийн хяналтын байгууллагыг өөрчлөн зохион байгуулж салбарын мэргэшсэн байгууллага болгох нөхцөл бүрдэнэ.

Шинэчлэлийг амжилттай зохион байгуулсанаар иргэд эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдэж, ямар ч үед чанарын наад захын шаардлага хангасан бараа, үйлчилгээ хэрэглэх боломжоор хангагдах ба энэ нь амьдралын чанарын чухал үзүүлэлт болно. Монгол улсын бизнесийн орчин илүү тодорхой болсоноор дотоодын компаниудын хариуцлага хүлээх чадвар нэмэгдэж, өрсөлдөх чадвар сайжирна. Мөн түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалт, шинэ технологи нэвтрүүлэх чадвар нэмэгдсэнээр урт хугацааны эдийн засгийн хөгжлийн бат суурийг бий болгох боломж бүрдэнэ.

Эдийн засагч
М.ЧИМЭДДОРЖ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж