Үнэт цаас гаргах төслийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Үнэт цаас гаргах төслийг хэлэлцлээ

УИХ дахь МАН-ын гишүүдийн суултаас болж өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гацаанд орж, хоёр ч өдрийг алдсанаас өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааныг цаг сунган үргэлжлүүллээ.  Ингэснээр 19.00 цаг өнгөрч байхад чуулганы нэгдсэн хуралдаанаар Үнэс цаас гаргах зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 80 гаруй хувийн саналаар дэмжин хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Төсөлд тусгаснаар эдийн засгийг эрчимжүүлэх, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжих бодлогыг санхүүжүүлэх зорилгоор дунд, урт хугацааны таван тэрбум хүртэлх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг 2012, 2013 онуудад үе шаттайгаар олон улсын зах зээлд арилжаалах юм. Ингэхдээ бондын хөрөнгийн зориулалтыг төсвийн алдагдал нөхөх бус дунд урт хугацааны бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг дэмжиж импортыг орлох бодлогыг санхүүжүүлэхэд чиглүүлэхээр тусгасан юм.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж