![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/10/9987784ecc615086/d05320c775cce932original.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр бүхий 12 хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгах шатанд Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй уналаа. Тиймээс эл хуулийн төслийг Засгийн газарт буцаахаар болж шийдвэрлэлээ. Уг нь УИХ эл хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх ёстой байсан юм. Учир нь 2009 онд дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямрал болж, энэ нь банкны салбарт хүчтэй сөрөг нөлөө үзүүлснээс Монгол Улсын төвшинд арилжааны хоёр ч банк дампуурсан. Хямралыг даван туулах хүрээнд тухайн үеийн Засгийн газар болон УИХ эрсдлийг бууруулж банкны салбараа авч үлдэх, нөгөөтэйгүүр, иргэдийн хадгаламжийг баталгаатай болгохын тулд банкин дахь мөнгөн хадгаламжид төрөөс баталгаа гаргасан. Дөрвөн жилийн хугацаатай гаргасан төрийн баталгаа 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүчингүй болно. Тиймээс Засгийн газар Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байсан нь энэ бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд төслийг “Хэлэлцэх шаардлагагүй” хэмээн үзсэн тул Засгийн газар дахин хуулийн төсөл мэдүүлэх нөхцөл байдал үүслээ.
Г.ДАРЬ