Хезболла Израйлийн бүс нутгийн байрлалын зургийг авч цуглуулж байгаа нь гарцаагүй. Сүүлийн жилүүдэд тус бүлэглэлээс элдэв янзын мэдээлэл цуглуулах байдал газар авсан. Энэ нь Израйлийн батлан хамгаалах байдлыг сулруулж, томоохон цохилт өгөхийг хүсч байгааг харуулна. Сүүлд олонд ил болж байгаа мэдээллээс харвал Хезболла хамгийн сүүлийн үеийн зэвсэг техникийг цуглуулж байгаа аж. Хэрвээ тэд энэ зорилгоо хэрэгжүүлж чадвал дэлхийн хамгийн аюултай зэвсэгт бүлэглэл болох боломж бий.
Хезболла бүлэглэл 2000 оноос эхлэн хүчээ авч эхэлсэн бөгөөд энэ нь Израйлчуудыг ч сандраагаад авсан. “Хезболла 12 жилийн өмнөхөөсөө маш их хүчтэй болсон. Зэвсэглэлийн технолгио 90 хувиар шинэчлэх зорилго тавьсан нь ч бараг биелэгдэж байгаа. Яах аргагүй дэлхийн улс гүрнүүд сэрэмжилвэл зохих бүлэглэл бол Хезболла” гэж Израйлийн тагнуулын газрын тэргүүн асан Мейр Деган ярьжээ.
Израйлчууд дайны асуудалд хурдан шуурхай хандахыг хүсдэг. Ард иргэд нь ч мөн тийм. Маш түргэн хугацаанд бага хохирол амсаж дайнд ялах нь тэдний чин хүсэл. Гэтэл Хезболла сүүлийн жилүүдэд мэдээлэл цуглуулах аргаа улам нарийсгасан байна. Мөн тэд газар доогуурх байгууламж барьж босгон, пуужин харвах төхөөрөмж зоосон нь тэдний энэ хүслийг улам хүндрүүлж ч байж болох юм. Израйлын хот болгонд Хезболла бүлэглэлийн тагнуул туршуулууд байдаг гэхэд нэг их дэгсдүүлсэн хэрэг болохгүй.
Хезболла байгууллага 1983 онд Иран улсад байгуулагдсан. Аяатолла Хомейнигийн үзэл сурталыг эсэргүүцэгчдийн бүлэглэл энэхүү байгууллагыг байгуулсан түүхтэй. Харин сүүлийн жилүүдэд Иранаас үүсч, мөн энэ улсын турхилалтаар хөдөлдөг энэ байгууллага Ливан улсын цэрэг, улс төрийн салбарт гол тоглогч болохоор тэмүүлж, өөрсдийнхөө төлөөллийг аль хэдийнэ шургуулаад амжжээ.
Мөн энэ бүлэглэл Иран-Израйлын асуудал дээр тэс хөндлөн байр суурьтай оролцож байгаа. Учир нь Хезболлагийн удирдлагууд Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох, багасгах тал дээр ятгаж, зарим хөтөлбөрийг нь зогсооход гар бие оролцжээ. Гэхдээ Израйлийн ерөнхий сайдын мэдээлж байгаагаар 70,000 пуужин, харвах хэрэгсэлийг Израйлийн ойр орчимд байрлуулсан нь тэднээс эмээх зүйлийг нэмж байгаа аж. Геополитикийн шинжээчдийн мэдээлж байгаагаас харвал Хезболлагийн энэ үйлдэл хуурмаг төдий зүйл аж.
Хезболлагийн бас нэгэн стратеги бол Сирийн асуудалд оролцохгүй байгаа явдал. Тиймээс ч Сирийн дараагийн айдас нь Хезболла болж хувирсан. Хэрвээ Сирийн дайнд анхнаасаа тааламжгүй хандаж байсан Иран турхираад эхэлбэл Сирийн байдал бүр хэцүү болох нь дамжиггүй. “Хезболла маш олон хүнд зэвсэглэл, техник хэрэгсэлтэй. Тэд манай улстай ойрхон бүс нутгуудад зэвсэглэл суурилуулсан нь тогтоогдсон” гэж Башар аль Ассад мэдэгдээд буй.
Үнэндээ Хезболлад Ливаны гүйцэтгэх үүрэг гэж байхгүй. Арабын хаврын үеэр Ливаны ард иргэд эсэргүүцлийн жагсаал, цуглаан хийж байхад галт зэвсэгээр хангаж байсан хүмүүс бол Хезболлагийн удирдлагууд. Олон улсын ажиглагчдын үзэж байгаагаар Ливан бол түшиц төдий газар бөгөөд Ливанд аль болох өөрийн талын хүмүүсийг шургалуулж, цэргийн эргэлтийг гаргахад хүсч байгаа аж. Гэхдээ өдөр ирэх бүр Хезболлагийн тэргүүн Насраллагийн хүч нэмэгдсээр л байна.
Хезболла 2006 оноос Израйлийн цэргийн ажиллагааг тагнаж байгаа юм. Энэ нь Ираны чин хүсэл. Үүнд хамгийн ойртох газар нь Ливан. Харин үүнийг гүйцэлдүүлэхэд хамгийн тохиромжтой байгууллага нь Хезболла. Мөн Сирийн асуудалд нөлөөлөхүйц цэргийн ажиллагаа явуулахад тохирох газар нь Ливан. Гэхдээ Ливанчуудыг болоод дэлхий нийтийг сэжиглүүлэхгүйн тулд удирдах албан тушаалд аль болох олон Ливанчуудыг суулгах шаардлагатай. Гэхдээ нэгэн баримт бий. 2008 оны хоёрдугаар сарын 12-нд Хезболла бүлэглэлийн хамгаалалтын хорооны тэргүүн Имад Мугиньяаг хороосон үйлдэл Сирийн Дамаск хотод болсон билээ. Одоо болтол энэ дэлбэрэлтийг хэн үйлдсэн нь тодорхойгүй байгаа. Мугиньяа нь Ливан гаралтай бөгөөд тухайн үед Хезболлагийн тэргүүн Насралла Израйлийн талаас энэ халдлагыг үйлдсэн байж магадгүй гэж мэдэгдэж байсан юм. 2006 онд зүүн өмнөд азийн хэдэн улсуудын дипломат машиныг дэлбэлэх ажиллагаанд Хезболлагийн зүгээс Ливанчуудыг түлхүү тавьж, Болгар улсын, Боргас хотод болсон Израйл жуулчидын автобусыг дэлбэлэх ажиллагаанд ч Ливанчуудыг дайчилсан байна.