Монголын музейнүүд үзэгчиддээ бэлэг барилаа

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Монголын музейнүүд үзэгчиддээ бэлэг барилаа

Олон улсын музейн өдөр өнөөдөр тохиож байгаа билээ. Монгол улс Олон улсын музейн зөвлөлд 2003 онд элсч Монголын үндэсний хороо байгуулсан ба тус хорооны тэргүүнээр Монголын театрын музейн захирал Д.Цэдмаа ажилладаг. Энэ жил Олон улсын музейн өдрийн хүрээнд “Музей ба нийгмийн зохицол” сэдвийн дор өөрсдийн шийдлээр үзэгч түмэнтэйгээ уулзаж байгаа юм байна. Энэ өдөрт зориулан монголын музей бүр үзэгчдээ ердийнхөөсөө өөрөөр угтан авч байна. Нийслэлийн соёл урлагийн газар, “Монгол костюмс” төв, “Эра” төв хамтран Монголын үндэсний музейд “Үндэсний хувцас” өдөрлөг зохиож байгаа бол “Монгол цэргийн музей” анги хамт олноороо зорин ирэх үзэгчдэд АК бууны зохион бүтээгч Калашниковын бичил үзэсгэлэн үзүүлэхдээ уг бууны задаргаа угсаргааг харуулж, дадлага хийлгэх юм байна. Байгалийн түүхийн музейн хувьд “Солонгос орны ургамлын аймгийн олон янз байдал” үзэсгэлэнг найм хоногийн турш үзүүлэхээр бэлджээ. Богд хааны ордон музей сан хөмрөгийнхөө шилдэг үзмэрээс бүрдсэн “Эрдэнийн очир” үзэсгэлэн дэлгээд байна. Монголын театрын музей “Хүүхдийн музей” өдөрлөг зохион байгуулж хүүхдүүдэд хүрч үйлчлэх зарчмаар “Музей аялж байна” нүүдлийн үзэсгэлэнгээ нийслэлийн 45-р сургууль дээр үзүүлж байна. Мөн “Балетийн урлагтай танилцах” үзэсгэлэнтэйгээ “Орчлон” сургуулийг зорин, “Бяцхан үзэгчид музейд” хөтөлбөрөөрөө  157, 19, 42 дугаар цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдийг урьж Том, Жеррийн багт хүүхэлдэйтэй хамт музей үзүүлэх ажээ. Чойжин ламын сүм музей энэ өдөр “Монголын гайхамшиг” багт тоглолт үзүүлнэ. Харин Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей монгол эр хүний гоёлыг танилцуулах өдөр зарлажээ. Ийнхүү Монголын музейнүүд Олон улсын музейн өдрийг тохиолдуулан өөр өөрийн өвөрмөц аргаар үзэгчиддээ бэлэг барьж байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж