“Шинэ Засгийн газар Оюутолгойн гэрээг өөрчлөх гэж байгаа юм уу” гэдэг асуултад тэрбээр “Гэрээг бүхэлд нь өөрчлөх тухай огт яриагүй, хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар 4,7 тэр бум ам.долларын санхүүжилт хийнэ гэж тохирсон. Гэтэл одоогоор 4,1 тэрбумын хөрөнгө оруулаад байна. Бид гэрээнд заасан зүйлсүүд бүрэн дүүрэн хэрэгжиж байгаа эсэхийг нягтлаж байгаа” гэсэн хариулт өгөв.
Мөн түүнээс “Тавантолгойн Баруун цанхийн хэсэгт гэрээт олборлогч оруулж байгаа нь стратегийн хөрөнгө оруулагчийн тендерийг цуцалсан хэрэг үү” гэж асуухад “Тендерт оролцсон консорциумууд тохиролцсон хувь хэмжээнээсээ буцсан учраас түр зогсоосон” гэсэн хариулт өглөө.
Дараа нь Ерөнхий сайд Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шинэ хуулийг “гэнэт” баталсан тухай асуултад хариулав.
Тэрбээр “Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг чиг хандлагатай хууль огт биш. Үндэстэн дамнасан корпорациуд Монголд орж ирэхэд нь ижил тэгш түвшинд ярилцаж, ойлголцоход чиглэсэн хууль юм. Үнэхээр Монголд ажиллах хүсэлтэй байгаа бол УИХ-ын түвшинд ярилцах боломж нээлттэй” гэлээ.
Ингээд Ерөнхий сайд “Шинэ Засгийн газрын хамгийн эхэнд хийх ёстой гурван зүйл бол инфляци буюу нефть, мах, гурилын үнийн өсөлтийг зогсоох асуудал. Мөн төмөр зам, орон сууц бүтээн байгуулалтын төслийг урагшлуулахад гол анхаарлаа хандуулж байгаа гэж хэлсэн юм.